Н.Энхбаяр дахиад л АТГ-ынхныг үл ойшоов

A- A A+
Н.Энхбаяр дахиад л АТГ-ынхныг үл ойшоов

-Төр төмөр нүүрээ харуулж чадахгүй байна гэж үү-

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс дахиад л зарлан дуудах хуудас хүргүүллээ.

Тус газраас албан ёсны цахим хуудастаа “АТГ-ын мөрдөн байцаагчид өнөөдөр буюу 2016 оны долдугаар сарын 25-нд иргэн Намбарын Энхбаярт МАХН-ын байран дахь албан өрөөндөө байхад нь зарлан дуудах хуудас гардууллаа.

Н.Энхбаярыг 2014 оны аравдугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 133.1, 148.4, 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн нэгэн этгээд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирж мэдүүлгээ өгөх үүрэгтэй. АТГ-аас иргэн Намбарын Энхбаярт өмнө нь 2015 оны хоёрдугаар сарын 26, 2016 оны нэгдүгээр сарын 18, 2016 оны хоёрдугаар сарын 17, 2016 оны хоёрдугаар сарын 22, 2016 оны гуравдугаар сарын 21-нд тус тус зарлан дуудах хуудас өгч байсан. АТГ хууль биелүүлэхийн тулд бололцоот арга хэмжээг авч иргэн Н.Энхбаярыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцохыг хүссэн албан бичгийг түүнд гардуулж байсан билээ. Зургаа дахь удаагийн зарлан дуудах хуудаст 2016 оны долдугаар сарын 25-ны 16.00 цагт АТГ-т бэлэн ирэхийг мэдэгдсэн ч иргэн Н.Энхбаяр хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирсэнгүй” хэмээн мэдээлжээ.

МАХН-ын даргатайгаа нэлээд ойр эх сурвалж “Н.Энхбаяр даргыг өнөөдөр 16.00 цагт АТГ-т ир гэж дуудсан. Дарга очих боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Ер нь АТГ хэмээх байгууллага Ганцхан Энхбаяртай тэмцэх байгууллага болоод удаж байгаа шүү дээ. Манай даргыг гурван ч үндэслэлээр яллагдагчаар татах болсон тухай М.Даваатогтох гэдэг ахлах комиссарын гарын үсэгтэй зарлан дуудах хуудаст дурдсан байна лээ. Дарга энэ асуудлаар удахгүй хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэх байх” гэсэн юм.

МАХН-ын дарга Н.Энхбаярт анх Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс (хуучнаар) МАХН-ын төв байрыг АНУ-ын иргэн Алан Гинсбургээс авахдаа залилан мэхэлж, 500 мянган ам.долларын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр 2014 оны аравдугаар сарын 24-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Үүн дээр нь нэмээд Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн (Эрүүгийн хуулийн 133.1), бусдаас онц их хэмжээний хахууль авсан (мөн хуулийн 268.2) хэрэгт холбогдуулан шалгахаар болсон юм. Өнгөрсөн өвөл баригдсан Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбын хахуульд авсан мөнгө нь эцэстээ намын даргадаа очсон гэдгээс үүдэлтэйгээр Н.Энхбаярыг шалгах болсон билээ. Уг хэргийг АТГ-т шалгаж байгаа хэрэгт нь нэгтгэн шалгаж эхэлснээс хойш нийт таван удаа зарлан дуудах хуудас өгч, тайлбар, мэдүүлэг өгөхийг хүссэн. Харамсалтай нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, салбарын сайд гээд төрийн өндөр дээд бүх л албан тушаалыг хашиж байсан энэ эрхэм төрийн хуулийг уландаа гишгиж байгааг хууль сахиулах, прокурорын байгууллагынхан хараад суух гэж үү. Уг нь төр төмөр нүүртэй гэдэг сэн.

Үндсэн хуульдаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй хэмээн бас тунхаглаад 20 гаруй жил боллоо. Гэтэл ганцхан энэ хүн л хуулийн байгууллагуудаар тоглож, яллагдагчаар татах тогтоол танилцуулж байгаа мөрдөн байцаагчийг хэл амаар доромжилж, чихээ бөглөн “сонсохгүй байна, сонсохгүй байна” хэмээн жаахан хүүхэд шиг аашлан сууж, эмнэлэгт хэвтэж байхдаа хууль сахиулагчид болон эмч нарт салаавч үзүүлэн хэвтэж байсныг хүмүүс мартаагүй нь лавтай. Жирийн айлын хөвгүүд бол аль хэдийнээ гүйгээд оччихсон гэм буруутай нь тогтоогдсон бол “аавынд” морилоод, гэмгүй цагаанаараа явж байна гэдэг нь батлагдвал буцаад ажлаа хийгээд л гүйж яваа. Жирийн иргэн зургаан удаа зарлан дуудах хуудас авчихаад ирэхгүй байвал гэмгүй байсан ч мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан хэмээн эрүүгийн хариуцлагад татагдаж мэднэ.

Төрийн өндөр дээд албан тушаалуудыг бүгдийг нь хашиж байсан Н.Энхбаярт Монголын төр хайр ивээлээ хайрласан уу гэвэл тийм. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон үйлдлүүдийн заримыг хуулийн хүрээнд шүүх өршөөсөн. Хорих ял эдэлж байхад нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд уучлал үзүүлж, сулласан. Н.Энхбаяр төрийн “хайрыг дааж” хуулийн байгууллагаас дуудсан цагт нь очвол уг нь зүгээр сэн.

АТГ ч гэсэн Н.Энхбаярын аясаар нь байж хүлээж суугаа нь ичгэвтэр хэрэг биш үү. Өмнө нь нэг удаа дайчлан баривчилж болсон. Төрийн төмөр нүүрээ харуулж, хууль хэрэгжүүлэх ажлаа гүйцэтгэн хууль сахиулах байгууллагын ажилд саад учруулж байгаа түүнийг дахиад аваад ирж чадахгүй байна гэж үү. Хуулийн байгууллагыг үл ойшоон дуудсан цагт очихгүй байгаа хүнээс болоод эрүүгийн хэргийн шалгалт удааширч, иргэд хохирсон дээрээ нэмж хохирдог. Н.Энхбаяр зургаа дахь удаагаа зарлан дуудах хуудас авчихаад “очихгүй” хэмээн гүрийж, төрийн ажлыг гацаасаар байх уу. Эртхэн очиж шалгуулаад гэм буруутай эсэхээ тогтоолгочихвол зүгээр сэн.


Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Г.Цолмон