З.Баасанням: Тэмцэл гэдгийг бид арай өөр утгаар нь хэлж байгаа юм шүү

A- A A+
З.Баасанням: Тэмцэл гэдгийг бид арай өөр утгаар нь хэлж байгаа юм шүү
  • Албан тушаалтныг тухайн албан тушаалд томилогдохоос өмнө томилох эрх бүхий субъект хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь АТГ-т мэдүүлж, хянуулах үүрэгтэй байдаг. Энэ дагуу бид 2016 оны долдугаар сарын 20-ны өдрөөс наймдугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд нийтийн албанд шинээр томилогдохоор нэр дэвшсэн нийт 1498 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 1247 мэдүүлгийг нь хуулийн хугацаанд хянаж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлээд байна. Үлдэх 251 мэдүүлэг хянагдах шатандаа явж байна.
  • АТГ зөвхөн хүлээн авсан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт хийж үзээд нэр дэвшигчид тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаарх дүгнэлтийг гаргаж мэдүүлэг ирүүлсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нь хүргүүлдэг. Уг дүгнэлтээр нэр дэвшигч тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон л бол түүнийг нийтийн албанд томилохоос татгалзах үүргийг нэр дэвшигчийг сонгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээх ёстой. Хэрэв дээрх эрх бүхий субъект энэ үүргээ биелүүлээгүй бол хуулийн 29 дүгээр зүйлийн дагуу хариуцлага хүлээх болно. Товчхондоо тухайн нэр дэвшигчийг томилох эсэх эцсийн шийдвэийг зөвхөн түүнийг дэвшүүлэхээр сонгосон эрх бүхий байгууллага, холбогдох албан тушаалтан нь гаргадаг гэсэн үг. Тэд хуулиа мөрдөх үүрэгтэй. Зөрчвөл өөрсдөө хуулийн хариуцлага хүлээнэ.
  • Мэдүүлэг нь хянагдсан бүхэн нийтийн албанд шууд томилогдоно гэж ойлгож болохгүй. Сая шалгасан 1247 мэдүүлгээс 914 иргэний материалд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 74 нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүйг нь анхааруулсан. Мөн материал дутуу ирүүлсэн, хуулийн үйлчлэлд хамаарахгүй албан тушаалд нэр дэвшиж буй иргэн болон нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох эрхгүй этгээдээс мэдүүлгийг ирүүлсэн зэрэг шалтгаанаар 237 мэдүүлгийг хянах боломжгүй үндэслэлээр буцаан хүргүүлсэн байгаа. Тэгэхээр зөвхөн дээр дурдсан 914 иргэний хувьд л сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэр дэвшсэн ажил албандаа томилогдсон байх үндэслэлтэй.
  • Нийтийн албанд томилогдохоор мэдүүлгээ ирүүлсэн 22 иргэний материал тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон. Тэд мэдүүлэгтээ өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийг мэдүүлээгүй, мөн өөрөө болон хамаарал бүхий этгээд нь тухайн салбарт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа, албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө хяналт тавих, эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой зэрэг нөхцөл байдлууд илэрсэн нь хуулийн нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг бий болгосон, мөн мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй гэсэн заалтыг зөрчиж, мэдүүлгээ үнэн зөв мэдүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн.
  • Тэдний нэрийг шууд дурдах нь зохисгүй тул зөвхөн салбар, байгууллага, албан тушаалынх нь нийтлэг байдлаар зарим жишээг авч болно. Жишээ нь төрийн өмчит компанийн Худалдан авалт, ханган нийлүүлэлт хариуцсан захирлаар томилогдох иргэний хувьд өөрийн үүсгэн байгуулсан үйл ажиллагааны чиглэл нэгтэй аж ахуйн нэгжүүдийг мэдүүлээгүй, Соёл урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчид нэр дэвшигч нь үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээ мэдүүлээгүйгээс гадна уг компани нь соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах, сурталчлах, уран бүтээлийн зуучийн үйл ажиллагаа явуулдаг зэрэг нь уг албан тушаалын эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой гэж үзсэн. Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшигчтэй хамаарал бүхий этгээд нь ашигт малтмал ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажилладаг нь, мөн гэр бүлийн гишүүн нь газар тариалан, өвс хадлан, фермерийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд сонгогдох зэрэг нь эрхлэх ажлын нь хүрээнд илт харшаар нөлөөлөх зэрэг эрсдэлтэй гэж үзсэн.
  • Эдгээр 22 нэр дэвшигч нь Засгийн газрын гишүүн, дэд сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дэд дарга, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн дэд захирал, Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний судалгааны хэлтэс, Мэдээлэл технологийн төв, Хүнд үйлдвэр, техник технологийн хэлтсийн дарга зэрэг албан тушаалд нэр дэвшиж материалаа хянуулахаар ирүүлсэн байсан.
  • Дээрх хугацаанд нийтийн албанд томилогдохоор мэдүүлэг ирүүлсэн хүмүүсээс хоёр хүн албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байсан бөгөөд урьдчилсан мэдүүлгийг хянаад тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болохыг тогтоон хариуг хүргүүлсэн байна.
  • Тодорхой үүрэг хариуцлага хүлээж нийтийн албанд томилогдсон хүмүүсийн бүх үйл ажиллагаа нь олон нийтийн өмнө ил тод байх ёстой. Тиймээс АТГ тэднийг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг хэрхэн мөрдөж ажиллаж байгаад байнгын хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулахад анхаарч ажилладаг. Ер нь албан тушаалтан бүхэнд нэгэнт тухайн албан тушаалд томилогдсон л бол цаашид яах нь хамаагүй гэж ойлгож болохгүй шүү гэдгийг анхааруулах нь зүйтэй байх. Нийтийн алба хашиж байгаа албан тушаалтанд албан үүрэгтэй нь зөрчилдсөн хувийн ашиг сонирхол гэж байх ёсгүй. Хуульд авлигын хэрэгт хамааруулж болох хориглолт, хязгаарлалтыг маш тодорхой заасан байдаг тул зөрчсөн этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээх болдог.
  • Хэдийгээр бүх албан тушаалтнууд үүргээ хуулийн хүрээнд шударгаар хаших болно гэж тангараг өргөн ажилладаг ч өөртөө буй давуу талыг сөргөөр ашиглах тохиолдол байнга гардаг. Бидний үүрэг бол үүний эсрэг “тэмцэх”. Тэмцэл гэдгийг бид арай өөр утгаар нь урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх талаас нь хэлж байгаа юм шүү. Энд яриад байгаа ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг ч энэ зорилгоор хийгддэг. Ер нь нийгэмд олон муу сөрөг үр дагавартай авлигатай “тэмцэх” нь зөвхөн АТГ-ын ажил биш. Иргэд, олон нийт ч эдгээр сөрөг бүхэнд идэвхтэй хяналт, шаардлагыг тавих нь аливаа болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд туслах сайн талтай. Үүний тулд бид хүүхэд багачууд, оюутан залуус, нийт ард иргэдэдээ хуулийг хүндлэн дээдэлж, мөрдөхийг сургах, бусдад хууль ёсны зөв шаардлагыг соёлтой тавьж чаддаг болох зэрэгт соён гэгээрүүлж сургах нь чухал юм.
  • Бид авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хэд хэдэн тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Юуны өмнө авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг төрийн өндөр албан тушаалтнуудын нэгэн адил нээлттэй болгох техникийн боломжийг сайжруулах, мэдүүлгийн программыг шинэчлэн, өргөжүүлэх, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрэн цахимжуулах зэрэг ажлуудыг хийхээр эхлүүлээд байна.


Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн
комиссар З.Баасаннямын нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын
урьдчилсан мэдүүлгийн асуудлаар хэвлэлд өгсөн ярилцлагаас хэсэгчлэн бэлтгэв.