Авлигатай тэмцэх бодлого буюу луужин хэрэгтэй

A- A A+
Авлигатай тэмцэх бодлого буюу луужин хэрэгтэй

Авлига хэмээх аалзны торонд манай төр засгийнхнаас авахуулаад дунд шатныхан бүгд орооцолдсон гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Нийгмийн энэ дайсантай тэмцэх хүсэл зоригтой хүмүүс, иргэний нийгмийн байгууллагууд өчнөөн байдаг ч өргөс авсан юм шиг цэвэрхэн болоогүй л байгаа. Эрх баригчид 2006 онд Авлигын эсрэг хууль баталснаас хойш, 2008 онд Авлигатай тэмцэх бие даасан байгууллага бий болгосон цагаас л авлига хэмээх өвчин “эдгэчих” юм шиг сэтгэсээр ирсэн.

Харамсалтай нь, өнөөдөр бүр нарийн хэлбэрт орсоор байгаа гэдгийг гадаад, дотоодын судлаачид хүлээн зөвшөөрдөг. Авлигатай ганц АТГ тэмцсээр үр дүнд хүрдэггүй, тусдаа цогц бодлогоор нийгмийн эд эс болгон оролцож байж ахиц дэвшил гардаг гэдгийг энэ төрлийн гэмт хэргээ ялан дийлж чадсанд тооцогддог Хонконг, Сингапур зэрэг орны туршлагаас харж болно. Олон улсын шинжээчид ч Монгол Улсыг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртэй болохыг удаа дараа зөвлөдөг юм.

Манай эрх баригчид өнгөрсөн жилүүдэд АТГ-ыг байгуулсан, ажлаа сайн хийхгүй, “тул барихгүй” байна хэмээн буруутгаж ирэв. Авлига хэмээх нийгмийн сөрөг үзэгдэлтэй тэмцдэг энэ байгууллагынхаа өдөлж буй даль жигүүрийг ч хугачиж, тасдах санаа зорилго өвөртөлсөн удаа бий.

Энэ хугацаанд АТГ зүгээр суугаагүй, эрх баригчид, төрийн захиргааны удирдах албан тушаалтнууд, дунд шатны түшмэдийн хээл хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан олон хэргийг илрүүлж, шүүхээр шийдвэрлүүлсэн, хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгийг нь хянадаг болсон, авлигын нийгмийн хор аюулыг олон түмэнд сурталчилсан, урьдчилан сэргийлэх олон ажил хийсэн нь үр дүнд аажимдаа хүрч эхэлсэн. Тиймдээ ч хууль зөрчсөн үйлдэл маань АТГ хэмээх байгууллагад мэдэгдчих болов уу хэмээн жийрхэх болсон нь нууц биш.

Тиймдээ ч авлигын индексийн судалгааны дүнгээр эзэлж байсан байр өнгөрсөн жилүүдээс тодорхой хэмжээгээр урагшилсан. Авлига хэмээх хорт үзэгдлээс ангижрахгүй байгаа гол шалтгаан бол түүнтэй тэмцэх цогц бодлого үгүйтэй холбоотой байсан гэж үзэж болно. Харин 2016 оны сонгуулийн дүнд байгуулагдсан, МАН олонх болсон УИХ ийм цогц бодлогыг батлах хүсэл эрмэлзлэлтэй байх шиг.

Энэ сарын 3-нд нээгдсэн УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр хууль тогтоох дээд байгууллагын дарга М.Энхболд “Төр засгаас авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд олон нийтийн хяналтыг бий болгож, бэхжүүлэх асуудлыг анхаарах нь зүйтэй байна.

Албан тушаалтны баталж буй тушаал, шийдвэр, байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогод иргэд, олон нийтийн зүгээс хяналт тавих боломж нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг энэ намрын чуулганааар батлах нь зүйтэй байна” хэмээсэн нь ёстой л нөгөө хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэлсний баталгаа биз ээ. Уг нь АТГ-аас АН олонх болсон өнгөрсөн УИХ-д Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлуулахаар нэг бус удаа оруулсан ч тухайн үеийн эрх баригчид түүнийг чуулганаар битгий хэл, Байнгын хорооны хурлаар ч хэлэлцэхийг хүсээгүй.

АН-ын гишүүд авлигатай тэмцэх хүсэл зоригтой байсан бол өнөөдөр энэ хөтөлбөр батлагдаж, хэрэгжээд эхэлчихсэн байхаас гадна АТГ-аас ёстой “тул барих”-ыг нүүр бардам шаардаж болохоор байлаа. Харамсалтай нь, өнгөрсөн УИХ-ын олонх болсон гишүүд элдэв нэртэй бондын хөрөнгөөс хумслах, халаасны хүмүүсээ албан тушаалд томилж, хахууль авч санхүүжилт бий болгох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцээгүй юм.

УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгнээс энэ намрын чуулган Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг нь батлах нь. Түүнийг баталснаар зөвхөн авлига буурна гэж үзэж болохгүй. Монголын нийгэмд үгүйлэгдээд байгаа хариуцлага, шударга ёсыг үндэсний хэмжээнд бэхжүүлэх чиглэлийн олон ажил хийгдэх юм. Уг хөтөлбөр дотроо Ерөнхийлөгч юу хийх вэ, үе үеийн Засгийн газар ямар ажил хийж гүйцэтгэх ёстой талаар ч тусгаж.

Энэ хөтөлбөрийн төсөл найман бүлэгтэй. Түүнд шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлж, ёс зүйг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашиг, хариуцлага нэмэгдүүлэх, төсөв, санхүү, аудитын ил тод байдлыг хангах, худалдан авах ажиллагааны хяналт, хариуцлага, шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, хууль сахиулах болон хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын ажиллагааг, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах гэх зэрэг олон чиглэлийн ажил хийхээр тусгасан байгаа юм.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулахад 50 гаруй улсын Авлигын эсрэг хууль, 48 орны авлигын эсрэг стратеги, хөтөлбөрийг судалж үзээд тогтохгүй, хөтөлбөрийн төслийг улсын хэмжээнд хэлэлцүүлж, оролцогчдын саналыг нарийн тусган, дагалдах тооцоо, судалгааг хийжээ.

Авлигын эсрэг хууль байхад хэрэгжихгүй хөтөлбөр батлах нь, мөнгө санхүү байхгүй, эдийн засаг хямралтай байхад ийм дэмий ажил хийх нь гэж үзэх хүмүүс мэр сэр байна. Эндээс авлигатай тэмцэх чиглэлээр Монголд төрийн бодлого байна уу, улстөрчдөд нь хүсэл зориг байна уу гэдгийг харж болно. Монгол Улс НҮБ-ын гишүүн тусгаар тогтносон улсын хувьд авлигатай тэмцэх бодлогын баримт бичигтэй байх ёстой. Өнөөдөр авлигатай тэмцэх хуулиуд нь батлагдаад байгаа. Гэхдээ хууль гэдэг нь тэрэнтэй тэмцэх гээд байгаа механизм, арга хэрэгсэл нь болохоос бодлого биш.

Авлигатай тэмцэх бодлого байхгүй, цаасан дээр гараагүй. Энэ хөтөлбөрийг баталснаар авлигатай тэмцэх чиг заагч луужинтай болно гэсэн үг. Чиг заагчтай болсноор авлига хэмээх нийгмийн хорт үзэгдэлтэй тэмцэхийн тулд УИХ нь яах ёстой вэ, Засгийн газар нь ямар ажил хийх үүрэгтэй вэ, яам, агентлаг нь хэрхэн ажиллах, орон нутгийн удирдлага, шүүх, цагдаа, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэн нь юу хийх ёстой вэ гэдгийг бодлогоор тодорхойлох юм.

Энэ нэгдсэн бодлогын дагуу ажиллаж байж л Монголын нийгмийг хэрээд байгаа аалзны торыг устгах ажил үр дүнд хүрнэ. Хэн эрх барих нь хамаагүй, сонгуулиар хэн нэг нь гарч ирээд өөр зүйл амласан ч цаасан дээр буусан бодлогын баримт бичгийг л дагаж мөрдөх ёстой. Энэ хөтөлбөрийг баталснаар цаашид АТГ дангаараа тэмцэх биш, төрийн байгууллагууд, улс төрчид ч хийх зүйл их байгаа юм билээ.

Хөтөлбөрийг баталснаар төрийн албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтны жагсаалтыг гаргах, авлигад өртөх эрсдэлтэй өндөр албан тушаал, үйлчилгээний жагсаалтыг гаргаж, сэлгэн ажиллуулах зохицуулалт бий болгох, иргэдээс авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл авч, үнэн зөв мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах, мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлж, төрийн албан хаагч болон бизнес эрхлэгчдийн хоорондын шууд харилцааг хязгаарлах зэрэг ололттой олон зүйлийг багтаасан байгаа юм.

Тэгэхээр энэ хөтөлбөрийн батлуулахын тулд Ерөнхийлөгч, төрийн түшээд хэн хэн нь зориг гаргах шаардлагатай байна. Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал, албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаа, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шалгах шаардлагатай төрийн өндөр албан тушаалтны бүрэн эрхийг чирэгдэл бололгүй түдгэлзүүлдэг болгоно гэх зэргээр тусгасан заалт олон бий. Тиймээс Ерөнхийлөгч энэ хөтөлбөрөө батлуулах талаар анхаарал тавьж, хичээнгүйлэн зүтгэх учиртай.

Аль ч үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт авлига, хүнд сурталтай хийх тэмцэлд эрс шинэчлэл гаргана гэсэн зорилт тавьдаг. Мөн УИХ-ын гишүүд, сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа сонгогчдод авлигатай тэмцэх чиглэлээр тодорхой зүйл хийхээр амладаг. Тэгэхээр УИХ, Засгийн газар амласнаа биелүүлэхийн тулд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлахад улс төрийн ихээхэн хүсэл зориг гарган зүтгэх шаардлагатай байна.

Г.Цолмон (“Өнөөдөр” сонин)

Эх сурвалж: http://unuudur.mn/article/90679