Авлигатай тэмцсэн 10 жил

A- A A+
Авлигатай тэмцсэн 10 жил

-Авлигын ISO 37001:2016 стандартыг хэрэгжүүлнэ-

Ердөө 10 жилийн өмнө бид авлига, авлигатай тэмцэх гэдэг ойлголтыг мэддэггүй байж. Харин өнөөдөр авлигатай тэмцдэг чиг үүрэг бүхий тусгай байгууллагатай, Авлигатай тэмцэх хуультай, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртэй болсон байна. АТГ өчигдөр /2017.01.11/ арван жилийн ойгоо тэмдэглэж, “Авлигатай тэмцэх үндэсний чуулган”-ыг зохион байгууллаа.

Олон улсын “Транспаренси интернационал” байгууллагаас гаргадаг улс орнуудын авлигын эрсдэлийн үзүүлэлтээр Монгол Улс 2015 онд 168 орноос 75 дугаарт бичигджээ. Энэ нь бусад улс орнуудаас урагшилсан үзүүлэлт ч гэсэн авлига буурахгүй, тааруу үзүүлэлттэй гарч байгааг олон улсын байгууллагаас зөвлөж байгаа юм.

АВЛИГАД ӨРТСӨН САЛБАРУУДАД ОНЦГОЙ АНХААРНА

Үндэсний хэмжээний чуулган “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагуудын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн дөрвөн үндсэн сэдвийг хэлэлцэв.

Авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоо, соён гэгээрүүлэх ажлыг нэмэгдүүлэх, төрийн байгууллага, түүний ажилтнууд нь ёс зүйн хүрээнд ажиллах, авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн байгуулллага, түүний ажилтан, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа. Сүүлийн жилүүдэд эрүүл мэнд, боловсрол, газартай холбоотой байгууллага, уул уурхай, ашигт малтмал, батлан хамгаалах салбарууд авлигад өртөх өндөрт эрсдэлтэйд тооцогдож байна. Авлигад өртөх эрсдэлийг бодит байдал, иргэдийн төсөөллийн судалгаатай харьцуулж гаргадаг юм байна. Мэдээж, уул уурхай, ашигт малтмалын салбар хөгжиж байгаа улсын хувьд энэ салбарт авлигын эрсдэл өндөр байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд авлигын индексээ бууруулах онцгой шаардлага байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцолсон. Тиймээс Засгийн газрын зүгээс ч Авлигатай тэмцэх газрын зүгээс ч өртөх өндөр эрсдэлтэй салбартаа онцгой анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм.

АТГ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД

1795 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Эдгээрээс 476 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 376 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 289 хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн.

158 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж, 84 хэргийг мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн.

Авлига, албан тушаалын хэрэгт 3811 хүн холбогдон шалгагдсанаас 283 нь улс төрийн, 757 төрийн захиргааны, 510 төрийн тусгай, 501 төрийн үйлчилгээний, 1722 нь төрийн бус байгууллагын болон албан тушаалтанд холбогдох хэрэг байжээ.

ЧУУЛГАНААС СОНСОГДСОН ОНЦГОЙ СТАНДАРТ  

Дөрвөн хэсэгт хуралдсан салбар хороодоос сонсогдсон хамгийн онцгой зүйл бол авлигын стандарт гэх ойлголт. Монгол улс авлигын эсрэг хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэх удирдлагын тогтолцоо буюу ISO 3700152016 стандартыг мөрдөж ажиллах онцгой үүрэг хүлээсэн. Олон улсын стандартчлалын байгууллага /ISO/-аас олон төрлийн стандарт гаргадаг ч авлигын эсрэг стандарт гэдэг бол Монголд төдийгүй дэлхийд шинэ зүйл юм. ISO байгууллагаас авлигаас сэргийлэх, авлигыг илрүүлэх, авлигын эсрэг хариу арга хэмжээ авах зорилго бүхий авлигын эсрэг хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэх чухал стандарт юм. Энэхүү стандартыг төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллага, сайн дурын ашгийн бус байгууллагууд мөрдөж ажиллах юм. ISO олон улсын байгууллагаас энэхүү стандартыг 2016 оны аравдугаар сарын 13-ны өдөр баталж, дэлхийн олон улс орнууд энэ стандартыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм байна. Манай улсын хувьд ирэх жилүүдэд ISO 37001:2016 стандартыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажиллахаар болсон юм.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАНА

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийсэн алдаа оноо гэхээсээ илүү цаашид авлигатай яаж, хэрхэн тэмцэх, авлигатай тэмцэхэд бүх нийтийн оролцоо чухал гэсэн сэдвийг чуулганаар голчилж ярив. Дэлхийн улс орнуудын хувьд авлигын асуудал нь нийгмийн хурц асуудал болж, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатайг авлигын үзэгдлийг судалдаг байгууллагын гаргасан тоо баримтаас тодорхой харж болно. Монгол улс ч мөн адил авлигатай тэмцэхийн тулд авлигыг таслан зогсоох, улс орны цаашдын хөгжлийг хурдасгахад юуг анхаарах, хууль эрхзүйн болон бодлогын ямар арга хэмжээ авах нь чуулга уулзалтын үр дүнгээс гарсан юм. Чуулганаас гарсан төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын зөвлөсөнөөр авлигатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг ойрын хугацаанд гаргахаар болсон юм.

Ш.ЧИМЭГ

Эх сурвалж: http://www.news.mn/r/322207