Прокурорууд, мөрдөгч нар, санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт өндөрлөв

A- A A+
Прокурорууд, мөрдөгч нар, санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт өндөрлөв

Авлигатай тэмцэх газар, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтарч прокурорууд, авлигатай тэмцэх болон цагдаагийн байгууллагын мөрдөгч нар, мөн төв банкны албан хаагчдад зориулан зохион байгуулсан “Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь” сургалт Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд 2 өдөр болж өндөрлөв.

Интерполын Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний мэргэжилтэн, ноён Эрнэсто Андрес Гранадос Гозалис

Сургалтыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн зөвлөх, ноён Роел Жансенс, Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мөрдөн байцаагч, хатагтай Жэнифер Брачнер, Интерполын Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний мэргэжилтэн, ноён Эрнэсто Андрес Гранадос Гозалис нар хийсэн бөгөөд тэд авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, яллахтай холбоотой олон улсын стандарт, зарчмууд, заавар зөвлөмж, авлигын гэмт хэргийн улмаас олсон ашгийг хураан авахтай холбоотой дотоодын болон олон улсын зохицуулалтыг зөв ашиглах, хууль бус хөрөнгийг олж тогтоон, буцаан авчрахтай холбоотой олон улсын хамтын ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн болон авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хамтын ажиллагааны эрх зүйн орчин, практикийн асуудлууд, ялтан шилжүүлэх, хөрөнгийг буцаан авах ажиллагаа, эрх зүйн туслалцааны хүсэлт боловсруулахад бэлтгэх, нээлттэй эх сурвалжаас мэдээлэл цуглуулах зэрэг сэдвүүдээр ярилцаж, мэдээлэл солилцлоо.

Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мөрдөн байцаагч, хатагтай Жэнифер Брачнер

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн зөвлөх, ноён Роел Жансенс сургалтын төгсгөлд хэлэхдээ Монгол Улс оффшор бүсийн асуудлаар тодорхой санал санаачилга гарган ажиллаж байгааг тэмдэглэсэн юм.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн зөвлөх, ноён Роел Жансенс

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал сургалтыг хааж хэлсэн үгэндээ “Энэхүү сургалтаар бидний сонссон туршлага, мэдээлэл нь Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилтыг хэрэгжүүлэхэд бүрэн нийцэж байгаа юм. Авлигатай тэмцэх үйл хэргийг олон нийтийн хяналтад оруулж, тэдний тусламжтайгаар бусад хөгжингүй орны түвшинд хүргэх томоохон зорилтыг бид өмнөө тавиад байна. Үүний дагуу бид өнгөрсөн онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлуулсан. Цаашид бид “Зүүн өмнөд Азийн бүсийн сургалтын төв” байгуулахаар ажиллаж байгаа. Энэ талаар Авлигын эсрэг академи дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлснийг энэ дашрамд онцлон хэлмээр байна. Эдгээр томоохон зорилтуудын маань анхны алхам, эхлэл нь энэ сургалт болж, энэ үйл хэргийн төлөө бид нэгдмэл байж хамтдаа тэмцэх юм шүү гэдгээ ярилцаж тогтлоо. Бидний уулзах ёстой цэг энэ төв юм гэдэг сэтгэгдлийг та бүхэнд төрүүлсэн байх гэж найдаж байна. Сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ цаашид бодит, үр дүнтэй ажил хэрэг болгохын төлөө Авлигатай тэмцэх газрын албан хаагчид чармайж ажиллана” гээд сургалтыг зохион байгуулахад чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэн олон улсын мэргэжилтнүүдэд гүн талархлаа илэрхийлэв.