2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн нарын хийсэн мэдээллийг танилцуулъя.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн хийсэн мэдээлэл
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатарын хийсэн мэдээлэл
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нийтийн албан тушаалтнуудыг төрийн албанд орох, сэлгэн томилох, дэвшин томилох үед хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянадаг. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 588 мэдүүлэг хянасан байна. Үүнээс ашиг сонирхлын зөрчилтэй 2, зөрчилгүй 534, буцаасан 20, анхааруулсан 34 байна.
Эндээс илт ашиг сонирхлын зөрчилтэй 2 хүний талаар танилцуулъя. Гадаад харилцааны яамны Консулын газрын мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Ж.Дашням нь Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д төрийн жинхэнэ албан хаагч "аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх", мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно" гэж заасныг зөрчсөн байна.
Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Жигмидийн Хатанбаатар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт "сумын Засаг дарга нь дээд боловсролтой байх" гэж заасан ерөнхий шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон.
Тус хэлтэст энэ хугацаанд нийт 47 өргөдөл ирсэн. Үүнээс 12-ыг нь шийдвэрлэсэн. Одоогоор ажиллагаанд 36 өргөдлийн үлдэгдэлтэй байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэнгийн хийсэн мэдээлэл
Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн 9 дүгээр сарын мэдээллийг 2016 оны мөн үеийнхтэй харьцуулсан байдлаар танилцуулъя.
2017 оны 9 дүгээр сарын байдлаар Мөрдөн шалгах хэлтэс нийт 287 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Өмнөх онд тус хэлтэс 193 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ нь 48.7 хувиар өссөн дүнтэй байна. Өссөн шалтгаан юу вэ гэхээр, Та бүхэн мэдэж байгаа, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэн. Ингэснээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хэргийн харьяалалтай холбогдуулан ийм өсөлттэй гарч байгаа юм.
2017 оны 9 дүгээр сарын байдлаар нийт 83 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 42 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай, 34 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай, 14 хэргийг өөр хэрэгт нэгтгэж, 3 хэргийг түдгэлзүүлж, одоо мөрдөн байцаалт хэрэг бүртгэлтийн шатанд 111 хэргийн үлдэгдэлтэй байна.
Шийдвэрлэсэн хэрэг 83 байгаа нь өмнөх оноос 30 хэргээр өссөн үзүүлэлт юм.
Өргөдөл, гомдлын хувьд, өнгөрсөн оны мөн үед 310 өргөдөл, гомдол шалгаж байсан бол энэ хугацаанд 325-ыг шалгаад байна.
2017 оны 9 дүгээр сарын мэдээгээр, мөрдөн шалгасан нийт хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын хэргээс 13-ийг шүүхэд шилжүүлэх саналтай, 6 хэргийн хэрэг бүртгэлтийг хаах саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Гэмт хэргийн хохирол шийдвэрлэх, нөхөн төлүүлэх, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг тасралтгүй явуулж байна. Өнгөрсөн онд нийт 32 тэрбум төгрөгийн хохирлтой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол энэ жил 9 сарын байдлаар нийт 34 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа яьуулж байна. Үүнээс бид 3.1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 15.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хамгаалж ажилласан байна.
Шүүхэд шилжүүлэх саналтай 13 хэргээс та бүхэнд заримыг онцолж танилцуулъя. Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэг, Зам тээврийн яамны нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанид холбогдох хэргүүдийг прокурорын байгууллага болон шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэн ажиллаж байна.