Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажилласан дүнг хэлэлцэв

A- A A+
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажилласан дүнг хэлэлцэв

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ өнөөдөр “Олон нийтийн төв”-д хэлэлцүүллээ.

Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсэг тус яамны хүний нөөц, боловсон хүчний томилгоо, төрийн үйлчилгээ, удирдлагаас батлан хэрэгжүүлж буй дүрэм журам, тушаал шийдвэр, төлбөр хураамж, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгох үйл явц зэрэгтэй танилцаж, дүгнэлт гаргажээ.

Салбарын хэмжээнд 22 албан тушаалтан тухайн албан тушаалд томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Яамны  газар, хэлтсийн дарга нийт 15 удирдах албан тушаалтны 9 нь шинээр томилогдсон бөгөөд энэ нь боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг боловсролд суурилсан мерит зарчимд тулгуурлан томилох зарчим алдагдсан, сонгуулийн үр дүн, нам, улс төрийн нөлөөтэй гэж үзэхээр байна хэмээн Ажлын хэсэг дүгнэлээ. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн 21 албан тушаалтанд 22.5 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.8.3 дахь заалтын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, шалгаруулахдаа Үнэлгээний хорооны гишүүд мэдэгдэл, тайлбар гаргах ёстой ч тус салбарын хэмжээнд Үнэлгээний хорооны 162 гишүүн холбогдох мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төсвийн хуваарилалтаас эрсдэлтэй байж болзошгүй ажил үйлчилгээг тодорхойлж танилцуулав. Үүнд харьяа салбар, дүүрэг, орон нутаг, нэгжүүдэд Сайдын багцаас тусгай зориулалтын санхүүжилт нэрээр эрх шилжүүлэн зарцуулж байгаа төсөв, мөн төрийн болон хувийн цэцэрлэгүүдэд олгож буй хувьсах зардлын санхүүжилтийг онцолжээ. Дээрх төсөв, санхүүжилтийн зарцуулалтад тавих хяналт сул байгааг цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэж Ажлын хэсэг үзэж байна.

Түүнчлэн Ажлын хэсгээс тус салбарын хувьд эрсдэлтэй ажлын байрыг тодорхойлжээ. Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиудын үйл ажиллагаа явуулах эрхийн тусгай зөвшөөрөл олгодог, Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл, Палеонтологи, археологийн мэргэжлийн зөвлөл, Гадаад улсын сургалт зохион байгуулдаг, Худалдан авалт хариуцсан ажлын байрыг авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй гэж үзэв. Учир нь Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын стандарт хариуцсан мэргэжилтэн нь албан үүргийн хувьд нийт 5 төрлийн ЕБС-ийн /лаборатори сургууль, гадаадын хөрөнгө оруулалттай сургууль, Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулагдсан сургууль, их сургуулиудын харьяа ЕБС-ийн сургууль, Олон улсын хөтөлбөртэй сургууль/ тусгай зөвшөөрөл олгох анхан шатны материалуудыг бүрдүүлж танилцуулдаг, улсын хилээр түүхийн үнэт, хосгүй үнэт соёлын өв нэвтрүүлэхэд зөвшөөрсөн тодорхойлолт нь хэт ерөнхий, тухайн эд зүйлийг нэг бүрийн шинжээр тодорхойлолгүй гарган өгч байгаа, газар хэлтсийн дарга нар яамнаас зарлагдсан тендер, шууд худалдан авах ажиллагаанд Үнэлгээний хорооны гишүүдээр томилогдон ажилладаг нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж дүгнэж байна.   

1997-2001 онд Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон нийт 344 оюутан бүртгэлтэй байх бөгөөд тэдэнд олгосон сургалтын төлбөр нь 8.3 сая ам.доллар болжээ. Дээрх 344 иргэний судалгаанаас Ажлын хэсэг Улсын бүртгэлийн сангаас түүврийн аргаар хайлт хийхэд 80 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөд Сургалтын төрийн сантай байгуулсан барьцааны гэрээ бүртгэл байхгүй, 15 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөнд сургалтын төрийн сангийн барьцаа бүртгэлтэй, 9 иргэн сургалтын гэрээний үүргээ биелүүлсэн үндэслэлээр барьцаа хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэсэн байв. Иймд Боловсролын зээлийн сантай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, Монгол Улсад ирж ажиллаагүй иргэдийн судалгааг Боловсролын зээлийн сангаас нарийвчлан гаргаж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэж нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай гэж Ажлын хэсэг үзлээ. Хэлэлцүүлгийн үеэр өндөр төлбөртэй гэж яригддаг хувийн өмчийн ЕБС-ийн сургуулиудын 2016 онд төрөөс авсан хувьсах зардлын хэмжээг Ажлын хэсэг нэгбүрчлэн танилцуулав. Боловсролын салбарын мэргэжлийн холбоодтой Ажлын хэсгийн гишүүд уулзаж ярилцахад хувийн өмчийн өндөр төлбөр авдаг ЕБС, цэцэрлэгүүдэд төрөөс хувьсах зардал олгож байгааг буруу шийдвэр, энэ их хэмжээний төсвийн хөрөнгөөр шинэ сургууль, цэцэрлэг барьж байгуулах нь зүйтэй гэсэн саналыг Авлигатай тэмцэх газарт уламжилжээ. Тиймээс хувьсах зардлын хуваарилалт, тайланд дотоодын хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх, боловсролын салбарын санхүүжилтийн тогтолцоог илүү үр ашигтай, тэгш байдлыг хангасан, санхүүжилтийн үр дүнг тооцсон зохицуулалтыг салбарын төрийн захиргааны байгууллага боловсруулах нь зүйтэй гэж Ажлын хэсгээс яамны албан тушаалтнуудад зөвлөлөө. Мөн яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй нэр бүхий сургууль 2015-2017 онд хувьсах зардлын санхүүжилтэд авсан 72.5 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв.

Яамны харьяа 2 агентлаг болох Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар нь шинээр байгуулагдсан бөгөөд Соёл урлагийн газрын дүрэм, журам нь батлагдаагүй, үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй байна. Биеийн тамир, спортын газрын дарга А/21 дүгээр тушаалаар Спортын ордны “А” заалны түрээсэнд цагийн 100,000 төгрөг, ажлын өдрөөр 500,000 төгрөг, амралтын өдрөөр 1,000,000 төгрөг, спортын бус арга хэмжээ зохион байгуулахад 1,800,000 төгрөг, сурталчилгааны самбар байршуулахад нэг м.кв үнийг 50,000-100,000 төгрөгийн төлбөрийг тус тус авахаар зохицуулсан нь Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17-д заасныг зөрчиж байна. Төрийн өмчийн эд хөрөнгө ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох нь Санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд хамаардаг бөгөөд  Биеийн тамир, спортын газрын дарга өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн гэж үзэх үндэстэй байгаа тул хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг зөвлөлөө.  

Ажлын хэсгийн зүгээс боловсролын байгууллагууд хандив, тусламж авах зөвшөөрөл, зохион байгуулах, тайлагнах талаар нэгдсэн дүрэм журам гарган мөрдөж ажиллах, ЕБС-иудын эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулсан дүрэм, журам бий болгож мөрдүүлэх, “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”-д сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны хүлээх ёс зүйн үүрэг хариуцлагыг оруулах, багшийн ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны төлөөлөлтэй хамтран шийдвэрлэдэг байх, сургуулийн захирал, удирдах ажилтны ажлын байранд тавигдах шаардлагыг шинэчилж, нээлттэй сонгон шалгаруулах, хөндлөнгийн үнэлгээ өгөх, хяналт тавих, улс төрийн нөлөөллийг багасгах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж санал, дүгнэлт гаргаснаа хэлэлцүүлгийн төгсгөлд танилцууллаа.