ХЭЛТЭС, АЛБАДЫН ДАРГА НАР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

A- A A+
ХЭЛТЭС, АЛБАДЫН ДАРГА НАР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн нарын хийсэн мэдээллийг танилцуулъя.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн хийсэн мэдээлэл

Олон нийтийн төвд авлига-хүнд суртлыг мэдээлэх 18001969 дугаарын утсыг тогтмол ажиллуулж, иргэд, олон нийтээс авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авч, шийдвэрлэлтийн талаар иргэдэд эргэн мэдээлж эргэх холбоотой ажиллаж байна. Түүнчлэн уг утсаар хандаж байгаа иргэдэд хуульзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байна. Энэ сард нийт 69 дуудлага хүлээн авснаас 38-ыг нь гомдлоор хүлээн авч, 31 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө, лавлагаа өгсөн байна.

Агуулгын хувьд авч үзвэл дурдсан хугацаанд боловсролын салбартай холбоотой 15, Иргэдийн төлөөлөлөгчдийн хурал, Засаг даргын үйл ажиллагаатай холбоотой 9, нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт, газрын алба, гааль, цагдаа зэрэг бусад салбартай холбоотой 14 гомдол, мэдээлэл иргэдээс ирсэн байна.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой ажилласан талаар өмнөх мэдээлэлд дурдсан. Энэ ажлын хүрээнд ажлын хэсгүүдийн үзэж танилцсан материалын хувьд 2015-2016 он, 2017 оны 1 дүгээр улирал гэсэн цаг хугацааг хамаарч байна.

2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар хамтран 12 яам, тэдгээрийн харьяа 20 агентлаг, 23 төрийн өмчит хуулийн этгээдэд ажилласан дүнг танилцуулсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын харьяаны агентлагууд болон 9 дүүрэгт ажилласан дүнг танилцуулна. Ингэж танилцуулж байгаагийн гол ач холбогдол нь урьдчилан сэргийлэх ажлыг богино хугацаанд бага хүчээр зохион байгуулсанд оршино. Сангийн яамны хувьд улсын төсвийн асуудал УИХ-д хэлэлцэгдэж байгаатай холбоотойгоор түр хойшлогдоод байна.

Ажлын хэсгүүд ажиллах явцад төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж томилдог, хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаггүй, хуульд заагаагүй төлбөр хураамжийг албан тушаалтнуудын тушаал, шийдвэрээр тогтоодог, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж худалдан авалт, тендер сонгон шалгаруулалт зохион байгуулдаг, үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль зөрчсөн, зарим албан тушаалтны үзэмжээр худалдан авалт зохион байгуулдаг, төсөвт өртгийг нэмэгдүүлж төсвийн үр ашигтай байх зарчмыг зөрчиж худалдан авалт хийдэг, тодорхой хэдэн компани аж, ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцуулдаг, Төсвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж албан хаагчиддаа урамшуулал хавтгайруулан олгодог, үйл ажиллагаандаа дагаж мөрдөж байгаа дүрэм, журам нь холбогдох хуулийн заалт зөрчсөн, үндэслэлгүй төлбөр хураамж тогтоосон, аливаа зөвшөөрөл олгохдоо хуульд заагаагүй бичиг баримт нэхдэг, хүнд суртал үүсгэдэг, дотоод хяналтын үйл ажиллагааг хангалттай хэрэгжүүлдэггүй, албан хаагчиддаа хариуцлага тооцдоггүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

Ажлын хэсгүүд газар дээр нь шууд таслан зогсоох, арилгах боломжтой зөрчлүүдийг тухай бүр арилгуулж ажилласан. Харин хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, авлигын эрсдэл бий болгож буй шалтгаан нөхцлийг арилгах чиглэлээр Засгийн газар, холбогдох яам, агентлагт зөвлөмж хүргүүлнэ.

Тухайлбал, “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани 2015 онд 2,2 тэрбум, 2016 онд 2,7 тэрбум, 2017 оны 1 дүгээр улиралд 381 сая төгрөгийн ажилчдаа урамшуулахад зарцуулсан байна. Урамшуулалд зарцуулж байгаа төсөв нь зарим байгууллагын бүтэн жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээнд байна.

Тус газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасан “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх”, мөн УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр (АТҮХ)-ийн 2 дугаар зорилт буюу “Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх, чанар хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх” ажлыг хэрэгжүүлэх хүрээнд АТҮХ-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 4.1.2.5-д заасан “Төрийн үйлчилгээний шударга, ил тод, нээлттэй байдлын талаарх судалгааг тогтмол хийж, үр дүнг нь үйл ажиллагаандаа ашиглах” чиг үүргийг тус тус хэрэгжүүлж байна. Энэ чиг үүргийн хүрээнд судалгаа зохион байгуулахад төрийн байгууллагуудаас үйлчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаарх мэдээлэл шаардлагатай байгаа бөгөөд эхний ээлжинд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгжээс үзүүлж буй үйлчилгээ болон уг үйлчилгээг авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэлтэй газар дээр нь ирэх саруудад танилцаж ажиллана.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатарын хийсэн мэдээлэл

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хяналтын талаар:

2017 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1029 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 821 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Оюуны өмч, улсын бүргэлийн ерөнхий газраас хамгийн олон мэдүүлэг хянуулахаар ирүүлжээ.

Эдгээрээс илт зөрчилтэй 2 иргэний тухай танилцуулбал:

  • Нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газрын ерөнхий архитекторын ажлын албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэн Б нь ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагыг хангахгүй, мөн барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ..... ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувь эзэмшигч, захирлаар бүртгэлтэй байгаа нь эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болох нөхцөл байдал тогтоогдсон тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг  хэрэгжүүлж  ажиллах талаар Нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газарт хариу мэдэгдсэн.
  • Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн иргэн Д нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д төрийн жинхэнэ албан хаагч "аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх"-ийг хориглоно гэж заасныг зөрчих нөхцөл байдал тогтоогдож  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг  хэрэгжүүлж  ажиллах талаар Оюуны өмч, улсын бүргэлийн ерөнхий газарт хариу мэдэгдсэн.

Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтын талаар:

             Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулахаар хандсан нийт 100  өргөдөл, гомдол, мэдээллийг шалгаж байна. Тус хэлтэст ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь нь авч үзвэл: Албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон,  Албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, Ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоо, шийдвэр гаргасан талаарх асуудал дийлэнх хувийг эзэлж байна. Орхон, Баянхонгор, Дундговь аймгуудаас ирүүлсэн өргөдөл, гомдол бусад аймгуудтай харьцуулахад өндөр дүнтэй байна.

Дээр дурдсан шийдвэрлэсэн 11 өргөдлөөс зөрчилтэй байсан өргөдлийг дурдвал:

  • Баянзүрх дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д нь хууль бус төлбөр хураамж авсан, өөрийн хамаарал бүхий этгээдийг  ажилд авсан ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулхад Нийтийн болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн  11 дүгээр зүйлийн "Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт"-ыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул хариуцлага тооцуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод албан бичиг хүргүүлсэн. 
  • Өмнөговь аймгийн .... сумын ЕБС-н захирал А нь хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргасан, хууль бус үйлдлийг шалгуулах тухай гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулахад А нь хамаарал бүхий этгээдтэй  хувийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан нь тогтоогдсон түүнд тул аймгийн Засаг даргын захирамжаар цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тооцуулсан. 

Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын талаар:

Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрүүл, мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.

Хяналт шалгалтаар хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны 7, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын 4 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар тухайн байгууллагын удирдлагуудад албан бичгийг хүргүүлээд байна. Үүнд: Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга зэрэг 7 албан тушаалтан, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга зэрэг 4 албан тушаалтан.

Мэдүүлэг гаргагч нар нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого болон түүнд орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд мэдүүлээгүй, цалингийн орлогыг гарт олгосон дүнгээр мэдүүлэх, гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, мөн хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж байгууллага, хувьцааг мэдүүлээгүй, харилцах данс, картын данс, бэлэн мөнгөний үлдэгдлийг оны эцсийн үлдэгдлээр бус мэдүүлэг гаргах үеийн байдлаар мэдүүлсэн зэрэг нийтлэг зөрчлүүдийг гаргасан байна.

Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэнгийн хийсэн мэдээлэл

Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн сард хэрэгжүүлсэн ажлаа тоон үзүүлэлтээр мэдээлье. 2017 оны 10 сарын байдлаар Мөрдөн шалгах хэлтэс нь нийт 68 гомдол, мэдээллийг шалгасан. Үүнээс 17-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, 24 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 7 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлсэн, 2 гомдлыг өөр хэрэгт нэгтгэсэн, одоогоор 18 гомдлыг ажиллагаанд шалгаж байна.

Нийт сарын хугацаанд 155 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Үүнээс 12 хэргийг шүүхэд шилжүүлсэн, 12 хэргийн хэрэг бүртгэлтийг хаасан, 4 хэргийг нэгтгэсэн, одоогоор ажиллагаанд 127 хэрэг шалгагдаж байна.

Хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийг албан тушаалын байдлаар нь ангилж үзэхэд, шүүхэд шилжүүлсэн 12 хэрэгт холбогдсон 36 хүний 8 нь улс төрийн албан тушаалтан, төрийн захиргааны албан тушаалтан 7, төрийн тусгай албан тушаалтан 11, бусад 16 хүн байна.

Дээрх 12 хэргийг зүйл, ангиар нь ангилахад 8 нь буюу 66.6 хувь нь албан тушаалын гэмт хэрэг, 4 буюу 35.4 хувь нь бусад гэмт хэрэг байна. Шүүхэд шилжүүлсэн 12 гэмт хэргийн улмаас улсад 9.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Өмнөх оны мөн үетэй харьцуулж үзсэн байдлаар танилцуулах нь зүйтэй. 2016 оны 10 сарын байдлаар Мөрдөн шалгах хэлтсээс нийт 18 хэрэг шүүхээр шийдвэрлүүлж байсан бол 2017 оны 10 сарын байдлаар энэ нь 24 болж өссөн дүнтэй байна. Мөрдөн шалгасан хэрэг өнгөрсөн оны мөн үед 213 хэрэг байсан бол энэ оны хувьд 304 болсон бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 42.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Дээр нь нэг зүйл нэмж хэлэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хүлээсэн мөрдөгчийн үүрэг бий. Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр тухайн байгууллага, албан тушаалтанд Мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлдэг. Энэ дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид нийт 14 мэдэгдлийг тухайн гэмт хэрэг гарсан байгууллагуудын удирдах албан тушаалтнууд руу хүргүүлж, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах чиглэлээр ажиллаж байна.