Э.БАТСУУРЬ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙСАН ХҮМҮҮС ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИЙН ТУЗ-Д АЖИЛЛАХЫГ ХЯЗГААРЛАХ ХЭРЭГТЭЙ

A- A A+
Э.БАТСУУРЬ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙСАН ХҮМҮҮС ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИЙН ТУЗ-Д АЖИЛЛАХЫГ ХЯЗГААРЛАХ ХЭРЭГТЭЙ

АТГ-аас “Зөв зөвд шударга зөв” нөлөөллийн аяныг өрнүүлж байгаа. Энэ хүрээнд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Батсуурьтай ярилцлаа.

-Шударга ёсыг тогтоох зорилгын нэг хэсэг нь иргэдийг соён гэгээрүүлэх. Энэ чиглэлд чухам ямар ажлыг хийвэл зохиолтой вэ?

-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд томилогдсоноосоо хойш иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг маш сайн хийж чадвал шударга ёс тогтох юм байна гэж үзсэн. Тиймдээ ч нээлттэйгээр мэдээ, мэдээллээ хүргэдэг байх чиглэлээр ажиллаж байгаа. Үр дүнгээ ч өгсөн.

АТГ 13 дахь жилдээ  ХОМ авч байна. 10 жилийн өмнө УИХ-ын гишүүн байсан хүмүүс одоо хүртэл парламентад сууж л байна. Тэдний хөрөнгө мөнгө 10 жилийн хугацаанд яаж нэмэгдэв, ямар бизнес эрхэлж байсан бэ гэдэгт хэн ч дүн шинжилгээ хийсэнгүй. Дээрээс нь сонирхсон хүн болгон хэвлэх зардлаа төлөөд ХОМ-ийг авч байх ёстой. Одоо хүртэл энэ асуудал хэвшил болоогүй байна. Авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтооход олон нийтийг татан оролцуулъя гэж байгаа бол зөв, бодит мэдээллээр хангах ёстой.

-Нийгмийн харилцаанд оролцоод, ажил төрөл хөөцөлдөөд явахаар аль шатандаа хахуул өгөх шаардлагатай болдог.  Хэн нэгэн албан тушаалтан иргэдийг хясан боогдуулах замаар мөнгө авсаар л байгаа нь ил болчихсон. Иргэд ч өгөөд сургачихсан. Ийм байхад олон нийт авлигын эсрэг тэмцэж байгаа гэж хэлэхэд хэцүү биш үү. Энэ нөхцөл байдлаас яаж гарах вэ?

-АТГ соён гэгээрүүлэх ажлаа л сайн хийх хэрэгтэй. Ямартай ч 110 гэдэг дугаартай болоод, авлигын мэдээллийг авч эхэллээ. Их олон ном хэвлүүлдэг байснаасаа татгалзаад, авлигын эсрэг видео сурталчилгааг хийдэг болсон. Урлаг, спортын алдартнууд видео сурталчилгаанд тоглож, олон нийтэд түгээдэг боллоо. Зөв ажил.  Иргэдийн толгойд ажлаа хурдан бүтээхийн тулд заавал гар хүндрүүлэх, бэлэг сэлт өгөх ёстой гэдэг сэтгэхүй бий болчихсон. Энэ сэтгэлгээг өнөөдөр нэг ажил хийгээд маргааш нь арилгачихна гэж байхгүй. Ард түмэн өөрсдийгөө соён гэгээрүүлэх гэдэг ойлголт байхгүй. Гэхдээ би бүгдийг муу гэж хэлэхгүй.  Эерэг өөрчлөлт маш олон гарч байгаа.

-Хэн нэгэн албан тушаалтан иргэдийг хясан боогдуулах замаар хахууль авсан тохиолдолд хариуцлага тооцдог хуулийн заалтыг нь чангаруулбал үр дүн гарах уу?

-Төрийн үйлчилгээг авах ёстой хэмжээндээ шаардаад авч чаддаг  мэдлэгтэй иргэдийг л бий болгомоор байна. Төрийн энэ байгууллагад очоод, ийм ийм мэдээллийг авах эрхтэй гэдгийг л мэддэг болгочих. Гэхдээ олон нийт муу байгаад авлига их байна гэж ойлговол буруу. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс сайн ажиллаж байгаа, маш их зүйлийг хийсэн. Одоо үүнээсээ илүү хурдтай, далайцтай ажиллаад өгөх хэрэгтэй. Тэгвэл бүр ч илүү эерэг үр дүн гарна гэж бодож байна.

-Олон нийтийн зөвлөл АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэйгээ яаж хамтарч ажилладаг юм бол?

-Бүх талаар хамтарч ажиллаж байна. Бидний хамтарч хийсэн хамгийн гол ажил 110 дугаар. Мөн Төрийн үйлчилгээний нэгдсэн цэгүүдэд дөрвөн цэгт манай гишүүд ажиллаж байгаа. Одоо хэрэгжүүлж буй “Зөв зөвд шударга зөв” аяныг хамтарч зохион байгуулж байна. Гэх мэтээр олон зүйлд хамтарч ажилладаг. Ерөнхийд нь дүгнэхэд, ард түмэнд нээлттэй байх нь л хамгийн зөв. Бүх зүйл нээлттэй байвал хэн шударга бусыг үйлдэх юм.

-Авлигын улмаас улсад учирсан хохирол өнгөрсөн жил гэхэд улсын төсвийн орлогоос давж гарсан. Энэ нь төрийн өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсон авлигын хэрэгтэй шууд хамааралтай гэдэг нь ойлгомжтой. Гэвч өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэрэг шийдэгддэггүй жишиг  тогтчихоод байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Нэгдүгээрт, шүүх жаахан муу ажиллаад байна уу даа. Улсад маш их хэмжээний хохирол учруулсан хүн эрүүл мэндийн шалтгаанаар суллагдчихдаг. Хоёрдугаарт, бодит хүчин зүйл нөлөөлж байгаа. Хуулийн байгууллагынхан, мөрдөн байцаагчид, прокурорууд хэрэг мөрдөөд, маш их ажил хийдэг. Гэтэл мөрдөж байгаа хэрэг нь УИХ-ын нэг гишүүнд тулж очоод л гацчихдаг. Ний нуугүй хэлэхэд, том том хэргүүд УИХ-ын гишүүдтэй холбоотой байдаг. 60 тэрбум, ЖДҮ, концесс, янз бүрийн гэрээ, тендерүүд гээд. Энэ бүх хэргүүдийг шалгахгүй биш шалгадаг. Шалгаж явж байгаад гацдаг. Яагаад гэвэл УИХ-ын гишүүдтэй ямар нэг байдлаар холбоотой учраас тэр.

УИХ-ын гишүүн гэмт хэргийн газраа үйлдэл дээрээ баригдсан тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ авах хуультай. Ямар тэнэг хүн үйлдэл дээрээ баригдах вэ дээ. Хуулийн энэ заалтыг өөрчлөх хэрэгтэй. УИХ-ын гишүүнд албан тушаалынх бүрэн эрх байгаа. Тэр эрхийнхээ хүрээнд албан байгууллага руу орно, тодорхой мэдээллийг авах гээд. Дээр нь нэмээд халдашгүй эрх гэж бий. Тэр хүнд юу ч хүрч болохгүй байна шүү дээ. Ийм байж болохгүй. Харин хэн нэгэн хүн албан тушаал өгсөж байгаа бол иргэний зарим эрхээсээ татгалзаж байх ёстой. Тухайлбал, УИХ-ын гишүүний зарим бизнес хийх эрхийг хориглож байх хэрэгтэй. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс зарим ажлыг хийхгүй байхаар зохицуулж өгмөөр байна.

Жишээ нь, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн зөвлөхөөр ажиллах, ТУЗ-д орохгүй байх ёстой. Хуулиа зөв, цэгцтэй үйлчилдэг болгочихвол хэрэг мөрдөхөд, шийдэхэд, авлигаас урьдчилан сэргийлэхэд маш их ахиц гарна. Би энд нэг тодорхой жишээ хэлье, Г.Батсүх гэдэг хүн “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Гэхдээ Монголын талыг төлөөлж ТУЗ-д орсон хүн биш шүү. Хөрөнгө оруулагч талын төлөөлөл. Энэ хүнийг Н.Багабанди Ерөнхийлөгч байхдаа Канадад суух Элчин сайдаар томилж байсан. Энэ ноцтой асуудал шүү. Г.Батсүх гэдэг хүн гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ТУЗ-д хөрөнгө оруулагч талыг төлөөлж сууж байхад  Н.Багабанди гуай яагаад тэнд шигдээд байгаа юм бэ. Сая яагаад энэ хүнийг чөлөөлөхгүй дахиад томилчихов гэдэг ч сонирхолтой. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс зөвлөх хийх, ТУЗ-д нь ажиллах бол хамгийн буруу зүйл. 

   Ярилцсан Н.Пунцагболд