Авлигатай тэмцэх газар 2007-2021 онд 7298 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 657 нь шүүхээр шийдвэрлэгдсэн

A- A A+
Авлигатай тэмцэх газар 2007-2021 онд 7298 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 657 нь шүүхээр шийдвэрлэгдсэн

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан дараах төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгадаг.

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах;
  • Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах;
  • Хахууль авах;
  • Хахууль өгөх;
  • Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах;
  • Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх;
  • Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах;
  • Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах;
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжих;
  • Дураараа аашлах;
  • Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь цагдаагийн байгууллагын алба хаагчийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгадаг. Авлигатай тэмцэх газар Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр тодорхой хэргийг цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран шалгаж болох бөгөөд тодорхой хэрэгт гүйцэтгэх болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан журмыг баримтална.

1995-2006 оны хооронд Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлэгт заасан албан тушаалын эсрэг 2030 хэрэг бүртгэгдэж байсан бол Авлигатай тэмцэх газар байгуулагдаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 2007 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 2021 оны жилийн эцсийн байдлаар 7760 хүнд холбогдох 7298 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 1469 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2431 хэргийг хаах, 651 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 342 хэргийг бусад хэрэгт нэгтгэх мөрдөгчийн санал гаргаж, 657 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.