АНУ-аас Мексикийн авлигын эсрэг ТББ-д санхүүжилт өгсөнтэй холбоотойгоор Мексик улсын ерөнхийлөгч дипломат ноот бичиг илгээнэ гэв

A- A A+
АНУ-аас Мексикийн авлигын эсрэг ТББ-д санхүүжилт өгсөнтэй холбоотойгоор Мексик улсын ерөнхийлөгч дипломат ноот бичиг илгээнэ гэв

АНУ-аас Мексикийн авлигын эсрэг ТББ-д өгсөн санхүүжилтийг Мексикийн ерөнхийлөгч эрс шүүмжилж, АНУ-д дипломат ноот бичиг илгээнэ гэж мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадор уг байгууллагыг консерватив сөрөг хүчний нэг хэсэг гэж үзэж, гадаадын санхүүжилт болон татвараас хөнгөлөх хандив авах ёсгүй гэж мэдэгджээ. Тэрээр тус байгууллагын санхүүгийн дэлгэрэнгүй мэдээллийг нийтэлж, татвараас хөнгөлөх хандивын дүрмийг өөрчлөх хуулийн төслийг Конгресст өргөн барина хэмээн амлалаа.

“АНУ-ын засгийн газар Мексикийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж би боддог” гэж Лопес Обрадор хэлэв. Тэрээр 2021 онд үүнтэй төстэй эсэргүүцлийн ноот илгээсэн боловч ямар нэг илэрхий үр дүнд хүрээгүй. АНУ-ын Төрийн департамент дипломат захидал харилцааны талаар тайлбар өгдөггүй гэжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн хурлын үеэр танилцуулагдсан баримт бичгүүдийн дагуу, тус байгууллагад 685,000 долларын бага хэмжээний санхүүжилт сүүлийн найман жилийн хугацаанд АНУ-ын буяны сангуудаас иржээ.

Сүүлийн жилүүдэд илүү их хэмжээний мөнгө болох ойролцоогоор 5 сая ам.доллар Төрийн департаментын удирдлага дор байдаг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас ирсэн гэж үзэж байна. Лопес Обрадор энэ санхүүжилтийн талаар олон жил гомдоллож ирсэн бөгөөд Ерөнхийлөгч Жо Байденд захиа бичихээ мэдэгдсэн. “Энэ нөхцөл байдлын талаар түүнийг ямар ч мэдээлэлгүй байгаа гэж би итгэж байна” гэж тэрээр хэлжээ. Лопес Обрадор 2023 онд Байденд үүнтэй ижил төстэй захидал илгээж байсан байна.

Лопес Обрадор мөн прокурорууд болон татварын байгууллагуудыг эдгээр хандивыг шалгахыг үүрэг болгожээ. “Авлига, ял шийтгэлгүйдлийн эсрэг Мексикчүүд” ТББ нь аль нэг улс төрийн намтай холбоотон гэдгээ үгүйсгэж, хандивын мөнгө хууль ёсны бөгөөд эрх баригчдад мэдэгдсэн гэжээ. Тус байгууллага нь засгийн газрын зарцуулалт болон хууль бус үйлдэлд хяналт тавьдаг. Энэ байгууллага нь Лопес Обрадорыг албан тушаалд нь очихоос гурван жилийн өмнө байгуулагдсан бөгөөд өмнөх засгийн газар болон бусад намуудыг шүүмжилсээр иржээ.

“Энэ үйлдэл бол шинэ засаг гарснаас хойш бидний эсрэг хийж буй олон дайралтуудын нэг юм” гэж авлигатай тэмцэх байгууллагын ерөнхийлөгч Мариа Ампаро Казар хэлжээ. Тус байгууллага нь Лопез Обрадорын зарим томоохон санаачилгууд болох Мексик хотын хэсэгчлэн баригдсан нисэх онгоцны буудлыг цуцалсан, Юкатаны хойгийг тойрсон өндөр өртөгтэй аялал жуулчлалын галт тэрэг барих зэрэг асуудлуудыг шүүмжилсэн тайланг нийтэлжээ.

Тус байгууллагын үүсгэн байгуулагч Клаудио X. Гонзалес өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний нэр дэвшигчдийг ил тод дэмжиж ирсэн. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) ихэвчлэн хүний эрх болон ардчиллыг дэмжихтэй холбоотой иргэний нийгмийн байгууллагуудыг олон оронд дэмждэг. Зарим улс орнуудад ийм төрлийн байгууллагууд орон нутгийн засгийн газартайгаа зөрчилдөх тохиолдлууд байдаг.

Лопес Обрадор тус байгууллагын хандивыг татвараас хасах нь засгийн газрын санхүүжилтийг намын зорилгод ашигласан явдал гэж хэлсэн боловч тэрээр татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг засгийн газрын телевизийн сувгуудаар эрх баригч намыг ил тод дэмжиж байсан. Мексикийн ерөнхийлөгч удаан хугацаанд засаг захиргааг нь шүүмжилсэн сэтгүүлчид, иргэний болон байгаль орчны байгууллагуудтай маргалдсаар ирсэн бөгөөд тэдний санхүүжилт, цалин хөлсийг нь шүүмжлэхдээ нууц татвар болон банкны мэдээллийг ашиглаж байсан.

Лопес Обрадор нь Латин Америк болон дэлхийн хэмжээнд төрийн бус байгууллагуудын гаднын санхүүжилтэд эсэргүүцэл үзүүлж буй сүүлийн үеийн удирдагчдын нэг юм. 2013 онд Боливи улсын тухайн үеийн ерөнхийлөгч Эво Моралес АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийг (USAID) засгийн газрыг нь огцруулахаар ажиллаж байна гэж үзэн улсаасаа хөөж байв.

Сүүлийн жилүүдэд Никарагуа улсын засгийн газар төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг улам хүндрүүлсэн хэд хэдэн хууль баталж, зарим оффисуудыг хаажээ.

 

Эх сурвалж: https://www.usnews.com/news/world/articles/2024-08-14/mexicos-president-to-send-diplomatic-note-over-us-funding-for-a-mexican-anti-corruption-ngo