“Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” авлигатай тэмцэх шинэ төсөл хэрэгжиж эхэллээ

A- A A+
“Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” авлигатай тэмцэх шинэ төсөл хэрэгжиж эхэллээ

АНУ-ын Төрийн Департаментийн Олон улсын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчооны санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) нь авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх замаар авлигыг бууруулах зорилготой “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” (2021-2024) гурван жилийн хугацаат шинэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн нээлт 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Өнөөгийн Монгол Улсын төрийн ба хувийн хэвшлийн байгууллагуудад авлига нь олон талын хор уршигтай томоохон асуудал болоод байна. Авлигын эсрэг бодлогыг хэрэгжүүлэх, хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт тавих, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэх ажиллагааны тогтолцоог оновчтой хувилбараар бүрдүүлэх нь авлигатай тэмцэх үйл хэрэгт нэн чухал юм. Нэн ялангуяа авлигыг мэдээлэх, илрүүлж шуурхай шалгах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, авлигын гэмт хэрэгт эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үндэсний байгууллага хоорондын уялдааг сайжруулах чиглэлээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хэрэгцээ байсаар байна.

Төсөл нь АТГ болон Шүүх эрх мэдлийн байгууллагуудын  авлига, албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэх ур чадварыг дээшлүүлэх, мөн эдгээр байгууллагуудын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, улмаар олон улсын хамтын ажиллагааны тогтолцоог төлөвшүүлэхэд чиглэж байгаа ба Монгол Улс Авлигатай тэмцэх Зүүн Европ болон Төв Азийн сүлжээний гишүүний хувьд “Истанбулын Авлигатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний зөвлөмжүүд, түүгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Мөн төслийн хүрээнд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх олон улсын хамтын ажиллагаанд чиг үүрэг, хариуцлагыг оновчтой тодорхойлох, институц хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор АТГ, УЕПГ болон үндэсний байгууллагуудын төлөөлөл бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд төслөөс АТГ, УЕПГ-тай хамтран ажиллах Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Нээлтийн үеэр АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч Тимоти Рейд “Цаашид бид нийтлэг тулгамдсан асуудлаа хуваалцаж, иргэний нийгэм, Холбооны мөрдөх товчоо болон бусад байгууллагуудын экспертүүдийг оролцуулж, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын үйл ажиллагаанаас үүдэлтэй хууль бус аж ахуйн нэгжүүдийг хэрхэн илрүүлэх, таслан зогсоох талаар олж авсан сургамжаа хүргэнэ гэж найдаж байна” хэмээн онцлов. ОУХЭЗБ-ын Суурин төлөөлөгч Стивен Кент “Төслийн үзэл баримтлал нь ОУХЭЗБ-ын Зүүн Европ болон Төв Азийн төрийн тусгай агентлагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хуримтлуулсан өргөн хүрээний туршлагад тулгуурласан болно. Түүнчлэн Монгол Улсын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрэх үр дүн, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна” гэж хэлэв.

ОУХЭЗБ нь тогтвортой хөгжил болон хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхийн төлөө чиглэн ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага бөгөөд дэлхийн өөр өөр эрх зүйн тогтолцоо бүхий 90 гаруй оронд ажилласан туршлагатай. ОУХЭЗБ нь 1988 онд байгуулагдсан ба 2001 онд НҮБ-ын ажиглагчийн статустай болсон. Одоогоор ОУХЭЗБ нь олон оронд ялгаварлан гадуурхах шинжтэй хууль, тогтоомжтой тэмцэх, жендэрт суурилсан эрх зүйн орчин, институцийг хөгжүүлэх, тогтвортой хөгжил болон эдийн засгийн боломжуудаар дамжуулан эмэгтэйчүүдэд үзүүлэх хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлж, тэднийг эрх мэдэлжүүлэх чиглэлээр ажиллаж байна.