“Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 2021” товхимлыг хэвлүүлэв

A- A A+
“Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 2021” товхимлыг хэвлүүлэв

Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах талаар цогц арга хэмжээг хэрэгжүүлэн, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг 2021 онд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн өргөн оролцоотойгоор улсын хэмжээнд зохион байгуулав.

Авлигын эсрэг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар Авлигатай тэмцэх газрын мэдээллийг жил бүр мэдээлнэ” гэж заасан.

Улсын Их Хуралд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, УИХ-ын 2007 оны 07, 2008 оны 13, 2011 оны 55, 2012 оны 55, 2016 оны 51, 84, 2019 оны 67 дугаар тогтоол, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 5 дугаар тогтоолын биелэлт болон авлигын ерөнхий нөхцөл байдал, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг мэдээлэх үүрэгтэй.

Хууль тогтоомжид заасны дагуу Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 2021” товхимлыг бэлтгэн хэвлүүлэв.

Товхимлыг Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын дэргэдэх байгууллагуудын дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагуудын дарга, нийслэлийн болон 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.