НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн тайлан илтгэлийн бүгд хуралд оролцож байна

A- A A+
НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн тайлан илтгэлийн бүгд хуралд оролцож байна

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо 2022 оны 6 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулж буй Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хэрэгжилтийн талаар тайлан илтгэлийн бүгд хуралд оролцож байна.

Уг хурлаар конвенцийн хэрэгжилтийг хангахтай холбоотой сайн туршлага, мэдээлэл танилцуулж, авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, аудитын байгууллагын хяналт шалгалт, олон нийтийн оролцоо, хяналтыг цахим хэлбэрээр явуулах боломж зэрэг асуудлуудын талаар өргөн хүрээнд ярилцаж оролцогч улсууд санал бодлоо солилцлоо.

Хурлын үеэр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны гүйцэтгэх захирал Гади Фати Вали болон тус албаны Эдийн засаг, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн дарга Бригитте Штробл-Шав, Авлигын эсрэг боловсрол олгох, залуучуудыг чадавхжуулах санаачилга (Grace)-ын ерөнхий зохицуулагч Лулуа Асаад болон Авлигын эсрэг олон улсын академийн гүйцэтгэх захирал Томас Стелцер, Тамгын дарга Ярослав Пиетрусевич нарын төлөөлөгч нартай албан уулзалт хийв.

Уулзалтаар авлигатай тэмцэх үйл ажиллагаа, хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагаа, Конвенцийн хэрэгжилт, мөрдөн шалгах ажиллагаа, хөрөнгө хураах, царцаах, хохирол нөхөн төлүүлэх талаар харилцан мэдээлэл солилцон хамтран ажиллах, зорилтот бүлгүүдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх ажиллагаа, албан хаагчдыг чадавжуулах сургалт зэрэг харилцан санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов. Уулзалт болон хурлын үйл ажиллагаанд Монгол Улсаас Австри улсад суух Элчин сайдын яамны төлөөлөл оролцлоо.