Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн мэндчилгээ

A- A A+
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн мэндчилгээ

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жил, Авлигатай тэмцэх газрын 15 жилийн ойн болон Үндэсний их баяр наадмын мэндчилгээг наадамчин олон Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Зуун зууныг өртөөлөн үргэлжилсэн энэхүү түүхт их ойг манай хамт олон амжилт, ололт бүтээлээр арвин угтаж байна. Нийгэмд шударга ёсыг тогтоож, улс орондоо хөгжил дэвшлийг авчрах эрхэм зорилготой Авлигатай тэмцэх газрын бие бүрэлдэхүүн авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянан шалгах үйл ажиллагааг төр, засгийн авлигатай тэмцэх хүсэл зориг, иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын оролцоо, дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж байна.

 Улсын хэмжээнд 40 гаруй мянган төрийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ анх удаа 100 хувь шинэчлэн бүртгүүлсэн нь Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийн нэгэн тод жишээ юм.

Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг чанаржуулснаар 2022 оны эхний хагас жилийн байдлаар хянан шийдвэрлэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн тоо 10,6 хувиар, шүүхэд шилжүүлэн шийдвэрлэгдсэн  авлигын хэрэг 50,6 хувиар өссөний зэрэгцээ мөрдөн байцаалтын шатанд хохирол нөхөн төлүүлэлт 13,9  дахин өсөж, нийт 1,235 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна.

Нуугдмал хөрөнгийг илрүүлэх, хөрөнгө буцаан авах мөрдөн шалгах ажиллагааны  явцад оффшор бүсээр дамжиж үйлдэгдсэн авлигын гэмт хэргийн хохирол болох 20,1 тэрбум төгрөгийн хөрөнгийг хураан авч, Монгол Улсад буцаан авчирсан байна.

Улс Монголын маань түүх уламжлал, ёс заншил, өв соёлыг багтаасан төрт ёсны төгс бэлгэдэл бүхий дэлхийд ганцхан Монгол наадамдаа есөн хөлт цагаан тугаа өөд тэнгэртээ залж, ерөөл буяны хийморийг сэргээн, санаа цагаан, заяа тэгш, дэлгэр сайхан наадаарай.

Төр төвшин, түмэн олон амгалан, эрүүл саруул  байг.

 

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР З.ДАШДАВАА