Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын II, V бүлгийн үнэлгээний тайлан

A- A A+
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын II, V бүлгийн үнэлгээний тайлан

Авлигын эсрэг НҮБ-ын конвенц нь авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагааг дэлхийн жишигт хүрэхүйцээр хэрэгжүүлэх, гадаад улсад байршсан гэмт хэргийн гаралтай хөрөнгийг буцаан авчрах чиглэлээр бусад улстай хамтран ажиллах боломжийг Монгол Улсад олгодог.

Монгол Улс нь дэлхийн хамтын нийгэмлэгийн авлигатай тэмцэх чиглэлээр гаргасан санал, санаачилгуудыг дэмжин ажилласаар ирсэн билээ. Үүний нэгэн тод жишээ нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенц юм.

Монгол Улс 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус Конвенцод гарын үсэг зурж, 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр соёрхон баталжээ.

Авилгалын эсрэг НҮБ-ын конвенцийг соёрхон батлах тухай хуулийг ЭНДЭЭС үзнэ үү. 

Тус конвенцод нэгдэн орсон гишүүн улсууд нь дараах чиглэлээр ажиллах үүрэг хүлээдэг. Үүнд:

  • Урьдчилан сэргийлэх;
  • Авлигын гэмт хэргийг гэмт хэрэгт тооцох, хууль сахиулах;
  • Олон улсын хамтын ажиллагаа;
  • Хөрөнгө буцаах;
  • Техникийн туслалцаа, мэдээлэл солилцоо.

Үнэлгээний үйл явц

2009 онд НҮБ-аас баталсан харилцан үнэлгээний зарчмын хүрээнд гишүүн улсуудын дээр дурдсан Конвенцоор хүлээсэн үүргийг хэрэгжүүлсэн байдалд үнэлгээ хийх бөгөөд Конвенцоос хоёр бүлгийг сонгон авч, таван жил тутам үнэлдэг. Энэ хүрээнд тохиолдлын журмаар сонгогдсон Конвенцын гишүүн хоёр улс өөр нэгэн гуравдагч улсын Конвенцын хэрэгжилтийн үнэлгээг хийдэг.

Конвенцын үнэлгээ нь өөрийн үнэлгээний аргачлал дээр үндэслэгддэг боловч үнэлүүлэгч улстай шууд харилцах замаар үнэлгээнд шаардлагатай мэдээллийг дэлгэрүүлж, шүүн хянаж болдог. Тухайн улсыг үнэлсэн үнэлгээний тайлангийн төслийг үнэлгээ хийсэн хоёр улс баталгаажуулснаар үнэлгээний ажил дуусгавар болдог. Конвенцын хэрэгжилтийг үнэлүүлсэн улсуудын талаарх мэдээлэл, тэдгээрийн үнэлгээний тайлангийн хураангуйг ЭНДЭЭС үзэж болно.

Конвенцын гишүүн улсуудыг үнэлэх ажлыг хянах, үнэлгээг сайжруулах чиглэлээр Хэрэгжилтийн үнэлгээний зөвлөл байгуулагдаж, үнэлгээний тайланг танилцуулах, харилцан туршлага солилцох боломжийг олгон ажиллаж байна.

Монгол Улсын үнэлгээ

2010 онд Монгол Улсын Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын III (Авлигын гэмт хэргийг гэмт хэрэгт тооцох, хууль сахиулах), IV (Олон улсын хамтын ажиллагаа) бүлгийн хэрэгжилтийг Иемен, Кени Улсууд үнэлжээ. Энэхүү үнэлгээтэй холбоотой мэдээлэл болон хураангуй тайланг ЭНДЭЭС үзэх боломжтой.

2022 онд Монгол Улсын Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын II (Урьдчилан сэргийлэх), V (Хөрөнгө буцаах) бүлгийн хэрэгжилтийг Буркина Фасо, Сингапур Улсууд үнэлсэн бөгөөд уг үнэлгээний хураангуй, дэлгэрэнгүй тайлан болон бусад мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын үнэлгээтэй холбоотой мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар С.Галбадрах (galbadrakh@iaac.mn)-аас гаргуулан авч болно.

Мөн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын II, V бүлгийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээний тайлан, хураангуй болон дэлгэрэнгүй тайлантай доор заасан линкээс татан авч, танилцаж болно. Үүнд: