Монгол Улсын 2011 оны авлигын индексийн судалгааны үр дүн /Дэлгэрэнгүй/

A- A A+
Монгол Улсын 2011 оны авлигын индексийн судалгааны үр дүн /Дэлгэрэнгүй/
Авлигын асуудал нь аливаа улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээнд бий болдог цогц үзэгдэл юм. Авлига нь ардчиллын үнэт зүйлсийг гажуудуулах, эдийн засгийн хөгжлийг удаашруулах, засгийн газрын тогтворгүй байдлыг бий болгох зэрэг шууд болон шууд бус олон нөлөөтэй байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд олон улс орон, олон улсын байгууллагууд сайн засаглал, засаглалын шинэтгэл, түүний дотор авлигатай тэмцэх асуудалд анхаарлаа хандуулж болжээ.

Монгол улсын хувьд ч мөн авлигатай тэмцэх үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, УИХ-аас Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг 2002 онд, Авилгалын эсрэг НҮБ-ын конвенцийг 2005 онд соёрхон баталж, Авлигын эсрэг хуулийг 2006 онд батлан хэрэгжүүлж бие даасан, хараат бус Авлигатай тэмцэх газрыг байгуулсан билээ. Түүнчлэн Монгол Улс “Мянганы тунхаглал” дахь Мянганы хөгжлийн найман зорилго дээр нэмж “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх” гэсэн 9 дэх зорилго, түүний дотор “Авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд бий болгон хэвшүүлэх” зорилтыг тавин хэрэгжүүлж байгаа билээ.

Аливаа бодлого, хөтөлбөр үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг үнэлж дүгнэн цаашдын зорилтыг тодорхойлоход бодитой мэдээлэл, судалгаа чухал ач холбогдолтой. Түүнчлэн аливаа гэмт явдалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг нь судалгаа шинжилгээний ажил юм. Ийм ч учраас Авлигын эсрэг хууль болон Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын шалгуур үзүүлэлтийг батлах тухай УИХ-ын 2008 оны 13 дугаар тогтоолд Авлигын индексийг тооцон олон нийтэд мэдээлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрсэн түвшинг үнэлэхээр заасны дагуу тус газраас энэ удаагийн судалгааны үр дүнгийн тайланг бэлтгэн гаргаад байна.

Авлигыг хэмжих, судалгааны үр дүнг Монгол Улсын авлигын эсрэг бодлого хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлж дүгнэхэд ашиглах төдийгүй, НҮБ-ын Мянганы тунхаглалын дагуу Мянганы хөгжлийн 9 дэх зорилгын хэрэгжилтийг НҮБ-д тайлагнах, Авилгалын эсрэг конвенцийн 61 дүгээр зүйлд заасан авлигын талаарх тоо баримт, судалгаа мэдээлэл, тэдгээрийн арга зүй, туршлагын талаарх мэдээллийг бусад орнуудтай хуваалцах үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ашиглах юм.

Авлигын индекс тооцоход шаардлагатай мэдээллийг цуглуулах явцад өргөн хүрээтэй, чухал ач холбогдолтой олон тооны мэдээлэл цугларсан бөгөөд бодлого боловсруулагчид, төрийн байгууллага, тэдгээрийн удирдах албан тушаалтнууд, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрийн ажилтнууд авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг төлөвлөх, үнэлж дүгнэхэд нь шаардлагатай мэдээллийг хүргэх, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, төрийн бус байгууллагуудын ажилтнууд энэ чиглэлийн судалгаа, шинжилгээ ажил хийхдээ мэдээллийн эх үүсвэр болгон ашиглуулах зорилгоор товхимолд эдгээр мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар оруулсан болно. Энэхүү товхимлыг уншиж танилцаж буй Та бүхэн судалгааны ажилд ач холбогдол өгч, өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.

Түүнчлэн авлигын индекс тооцох, судалгаа явуулах бүхий л үе шатанд бидэнтэй хамтран ажиллаж үнэтэй санал өгч, дэмжлэг туслалцаа үзүүлж байсан эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн ажилтнууд, судалгааны мэдээллийг цуглуулах, боловсруулахад оролцсон ярилцлага авагч нар болон бусад ажилтнууд, судалгааны ажилд оролцон үнэтэй мэдээлэл өгсөн судалгаанд оролцогчид, бүх байгууллага, хүмүүст талархлаа илэрхийлэн, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү!