Авлигын индекс 2013 онд

A- A A+
Авлигын индекс 2013 онд
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу Монгол Улсын Авлигатай тэмцэх газар (АТГ) авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жил тутам судлан авлигын индексийг тооцон олон нийтэд мэдээлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Нөгөө талааc, авлигын индекс нь Монгол Улсын Мянганы хөгжлийн 9 дэх зорилгын “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх, 24 дүгээр зорилт”-ын “Авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд бий болгон хэвшүүлэх” дэд зорилтын хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн нэг болдог юм.

Авлигын индексийг тооцох судалгааг 2009, 2011 онд явуулж, үр дүнг нийтэд мэдээлсэн бол энэ онд 3 дахь удаагийн судалгааг явуулж, авлигын индексийг тооцон гаргалаа. Авлигын индекс нь дан ганц төсөөллийн үзүүлэлтэд тулгуурлаагүй, авлигын талаарх төсөөлөл болон баримтын судалгааны тоо мэдээлэл дээр үндэслэн тооцдогоороо онцлог юм.

Авлигын индексийг тооцох судалгаанд авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх баримтын судалгааны мэдээллээс гадна Монгол Улсын 21 аймаг, нийслэл 330 сум, 9 дүүргийн оршин суугчдыг төлөөлсөн 4000 иргэд, бизнес эрхлэгчид; төрийн захиргааны болон нутгийн захиргаа, өөрөө удирдах байгууллагын ажилтан, албан хаагчдыг төлөөлсөн 2000 төрийн албан хаагч; төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил зэрэг холбогдох бүх төлөөллийн 352 шинжээчдийн буюу нийт 6352 хүнийг хамруулан тэдгээрийн үзэл бодлыг тусгасан.

Судалгаа шинжилгээний арга зүйд үндэслэн авлигыг нэгдсэн тоон үзүүлэлтээр, үндэсний түвшинд хэмжин гаргахад Монголын Авлигын индекс 2013 оны байдлаар 0.65 (Авлига хэмээх сөрөг үзэгдлийн цар хүрээ, хэлбэр, шалтгааныг тодорхойлох тоон болон чанарын үзүүлэлтүүдийн нийлбэр цогцыг авлигын индекс гэж ойлгоно) гарсан нь 2011 оныхоос 0.02 пунктээр өссөн дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улс дахь авлигын түвшин 0.02 пунктээр буурсан болохыг илэрхийлж байна.

Авлигыг цар хүрээ, хэлбэр, шалтгаан гэсэн 3 талаас нь судалдаг, Авлигын цар хүрээний үзүүлэлт 2011, 2013 оны судалгаагаар тогтмол 0.74 гарсан байгаа нь авлига хэмээх гэмт үзэгдлийн цар хүрээ өөрчлөгдөхгүй, тодорхой хэмжээнд оршсоор байгааг харуулж байна. Авлигын цар хүрээг 4 дэд үзүүлэлтээр дүгнэдэг бөгөөд дэд үзүүлэлт тус бүрт нь авч үзвэл авлигын цар хүрээний талаарх олон нийт, шинжээчдийн төсөөллийн үзүүлэлт 2013 онд 0.80 гарсан байгаа нь судалгаанд хамрагдсан олон нийт, шинжээчдийн 80.0 хувь нь Монгол Улсад авлига түгээмэл гэж үзсэн байгаа нь өмнөх судалгааныхаас 1.0 хувиар нэмэгджээ. Авлигын индексийн хэлбэрийн үзүүлэлтийн хувьд 2013 онд 0.55 гарсан байгаа нь 2011 оныхоос 0.03 пунктээр өссөн дүнтэй байна.

Мөн авлигын эдийн засгийн үр дагаврын үзүүлэлт 2013 онд 0.02 гарч байгаа нь улсын нэгдсэн төсвийн зарлагын 2.0 хувьтай тэнцэх хэмжээний хохирол авлигын гэмт хэргийн улмаас учирсан байгаа нь өмнөх судалгааныхтай ижил дүнтэй байна.

Түүнчлэн, шинжээчдийн төсөөллөөрх авлигын хувь хэмжээний үзүүлэлт 0.09 гарсан нь 2011 оныхоос 0.02 пунктээр буурсан байна. Энэ үзүүлэлт нь төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хамрагдах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шалгаруулалтад ялах, өр төлбөр, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх зэрэг хэлцлүүдийн үнийн дүнгийн дунджаар 9.0 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг 2013 онд авлига, хээл хахууль байдлаар зарцуулсан байгааг илэрхийлж байна.

Олон нийтийн төсөөллийн судалгаанд хамрагдсан иргэдийн 17.4 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд гэр бүлийн зүгээс нь төрийн албан хаагчдад хээл хахууль өгсөн гэж хариулсан байгаа нь 2011 оныхоос 2.6 хувиар буурсан дүнтэй байна. Сүүлийн 12 сарын хугацаанд төрийн албан хаагчдад хээл хахууль өгсөн гэж хариулсан иргэд, өрхийнхөө жилийн орлогын дунджаар 13.0 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг хээл хахууль байдлаар зарцуулсан байна.

Монгол Улсад шалгагдсан авлигын гэмт хэргийн дүнд эзлэх хувиар авч үзвэл 2012-2013 онд шалгагдсан авлигын нийт гэмт хэргийн хамгийн их буюу 34.5 хувийг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг, 15.3 хувийг төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 14.6 хувийг хээл хахууль авах, 12.2 хувийг хээл хахууль өгөх, 10.5 хувийг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, 12.9 хувийг авлигын бусад гэмт хэрэг эзэлж байна.

Өнгөрсөн хоёр жилийн авлигын гэмт хэргийн хувийн жинг 2010-2011 оныхтой харьцуулахад төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 8.7 хувиар, хээл хахууль авах 13.3 хувиар тус тус буурсан байхад төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 4.0 хувиар, авлигын бусад гэмт хэрэг 4.2 хувиар, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 5.2 хувиар, хээл хахууль өгөх 8.7 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн 2 жилийн хугацаанд авлигын гэмт хэргийн дүнд эзлэх хувиар төрийн албан тушаалтантай холбоотой буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах гэмт хэргийн хувийн жин нийлбэр дүнгээрээ 22.0 хувиар буурсан байхад иргэд, аж ахуйн нэгжийн холбогдолтой буюу төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, хээл хахууль өгөх зэрэг гэмт хэргийн хувийн жин нийлбэр дүнгээрээ 14.0 хувиар нэмэгдсэн байна.

Шинжээч, иргэд, төрийн албан хаагч, бизнес эрхлэгчдийн үзэж байгаагаар Монгол улсад авлига үүсэхэд хамгийн ихээр нөлөөлж буй шалтгаан нь улс төрийн нөлөө их, ашиг сонирхлын зөрчил их, төрийн албан хаагчдын цалин, орлого бага, эрх зүйн зохицуулалт, хуулийн хэрэгжилт сул гэж бүгд үзсэн байна.

Дээрх шалтгаануудаас гадна шинжээч, төрийн албан хаагч, бизнес эрхлэгчдийн үзэж байгаагаар авлига үүсэхэд хамгийн ихээр нөлөөлж буй шалтгаан нь хүмүүсийн сэтгэлгээ, ухамсрын түвшин муу, ёс зүйгүй байдал их гэсэн шалтгааныг дурдсан байна. Үүнээс гадна зөвхөн шинжээчдийн хувьд авлига үүсэхэд хамгийн ихээр нөлөөлж буй шалтгааныг хариуцлага тооцдоггүй, хөндлөнгийн хяналт сул гэж үзсэн байгаа бол бизнес эрхлэгчдийн хувьд төрийн үйлчилгээний хүртээмж муу байдлыг үндсэн шалтгаанаар нэрлэсэн байна.

АТГ-аас авлигын индексийг үндэсний түвшинд тооцон гаргахын зэрэгцээ аймаг, нийслэлээр буюу нутгийн захиргааны байгууллагаар болон салбараар буюу сайд нарын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаар /авлигад өртөх эрсдлийг/ тооцон гаргаад байна. Энэ нь аймаг, нийслэл олон салбаруудын хооронд болон авлигад өртөх эрсдлээр нь үнэлэлт дүгнэлт өгөх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд авлигад өртөх эрсдлийг тооцохдоо авлигыг үүсгэгч хүчин зүйлс болон бодит байдлын талаарх шинжээчид, төрийн албан хаагчид, иргэд, бизнес эрхлэгчдийн санаа бодлыг тусгасан тус бүр 14 төрлийн шалгуур үзүүлэлтийг ашиглан тооцсон юм.

Авлигад өртөх эрсдэл өндөртэй аймагт 2013 оны байдлаар Завхан (0.54), Хөвсгөл (0.47), Улаанбаатар хот (0.45), Баян-Өлгий (0.44), Сэлэнгэ (0.42) орсон байхад авлигад өртөх эрсдэл багатай аймагт Сүхбаатар (0.23), Архангай (0.27), Өвөрхангай, Булган, Говь-Алтай аймгууд тус бүр (0.31) орсон байна.

2013 оны байдлаар Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын (0.44), Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын эрхлэх асуудлын (0.42), Үйлдвэр, хөдөө аж ахуйн эрхлэх асуудлын (0.38), Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын (0.38), Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын (0.37), Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын (0.35) салбарууд авлигад өртөх эрсдэл өндөртэй байгаа бол Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын (0.28), Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын болон Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын салбарууд тус бүр (0.30), Эрчим хүчний сайдын болон Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын салбарууд тус бүр (0.32) үнэлгээтэй байгаа нь бусад салбартай харьцуулахад авлигад өртөх эрсдэл багатай гарсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.