Төрийн төв байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний тайлан

A- A A+
Төрийн төв байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний тайлан

ТАЛАРХАЛ

“Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх” энэхүү сонирхолтой ажлыг гүйцэтгэх боломж олгосон АНУ-ын Азийн сангийн суурин Төлөөлөгч, Хатагтай Meloney C.Lindberg, Дэд суурин Төлөөлөгч, Хатагтай Tirza Thevnissen, Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн хамт олон, түүний дотор өдөр тутам холбоотой байж, дэмжиж, зөвлөж, байнга хамтран ажилласан тус хэлтсийн комиссар, Хатагтай Л.Нарантуяа нарт гүн талархал илэрхийлж байна.
Үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын ажилтнуудаас санал асуулгын дагуу мэдээлэл цуглуулж, нэгтгэх ажлыг зохион байгуулсан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн хамт олон, мэдээлэл цуглуулах ажлыг биечлэн гүйцэтгэсэн, МУИС-ын Хууль зүйн сургуулийн 1, 2 дугаар курсын оюутан залууст гүн талархал илэрхийлж байна.

1. Үндэслэл

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 28.1.2-т: “энэ хуулийн 28.1.1-д зааснаас бусад (Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бусад) байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд Авлигатай тэмцэх газар хяналт тавина” гэж зааснаас гадна Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын бүрэн эрхийг “улсын хэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих” (18.1.1); “авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилтай холбогдуулан төрийн байгууллагаас холбогдох мэдээ, судалгаа, тайлан гаргуулан авах” (18.4.4); “хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хяналт тавих, мэдээлэл өгөх журмын биелэлтийг шалгах” (18.4.14) хэмээн тодорхойлсон нь энэхүү үнэлгээг явуулах эрх зүйн үндэслэл болно.

Авлигатай тэмцэх газраас энэхүү бүрэн эрхийнхээ дагуу төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ил тод, нээлттэй байдлыг хангах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллагуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор дэс дараатай, олон арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн байна. Түүний дотор 2008 оноос эхлэн яам, агентлаг, аймаг, нийслэлийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Энэ жил дээрх төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүнд тулгуурлан авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөндлөнгийн эркпертүүдийн туслалцаатайгаар үнэлгээ хийлгэн, үр дүнг олон нийтэд хүргэх, сайн туршлагыг илрүүлж дэлгэрүүлэх зорилгоор сонгон шалгаруулалт зарласнаар “Эм Ди Эс энд Ассошейтс” ХХН-ийн баг шалгарч, гэрээ байгуулан ажиллаж өнөөдөр энэхүү ажлын үр дүнг Та бүхэнд толилуулж байна.


Манай баг дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа:
Д.Дүгэржав-“Эм Ди Эс энд Ассошейтс” хуулийн фирмийн партнер, багийн ахлагч
П.Сугарням-“Эм Ди Эс энд Ассошейтс” хуулийн фирмийн ерөнхий партнер
Б.Түвшинтунгалаг-“Эм Ди Эс энд Ассошейтс” хуулийн фирмийн туслах хуульч А.Мөнхзул-“Эм Ди Эс энд Ассошейтс” хуулийн фирмийн туслах хуульч
Т.Номин-Эрдэнэ-“Эм Ди Эс энд Ассошейтс” хуулийн фирмийн ерөнхий менежер
Б.Отгонбат-“Эм Ди Эс энд Ассошейтс” хуулийн фирмийн оффис менежер

2. Зорилго
Төрийн байгууллагуудын цахим хуудас, авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний тайлан, холбогдох нотлох баримтад үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж бүхий тайлан бэлтгэх.

3. Хамрах хүрээ

Манай баг Азийн сантай байгуулсан гэрээний дагуу дараах 50 байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны гүйцэтгэлд үнэлгээ хийлээ:

  • Улсын Их Хурлаас байгууллагддаг 7 байгууллага /Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Монгол банк, Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо/;
  • Монгол Улсын 16 яам;
  • Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч нийт 27 агентлаг (Тагнуулын ерөнхий газар манай багийн үнэтгээнд хамаараагүй болно)

Дэлгэрэнгүй тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.