Зөвлөмж

A- A A+
Зөвлөмж

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан “улсын хэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих” чиг үүргийн хүрээнд “Төрийн байгууллагуудаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг боловсруулан төрийн байгууллагуудад хүргүүлээд байна.

Энэхүү үнэлгээний зорилго нь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны үр дүнг цогц байдлаар үнэлэхэд орших бөгөөд төрийн бүх байгууллагууд үнэлгээнд хамрагдах болсонтой холбогдуулан Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагуудад дараахь зөвлөмжийг хүргүүлж байна:

  1. “Төрийн байгууллагуудаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаж, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  2. Иргэний хууль, Компанийн тухай хуулийн холбогдох хэсэг, Компанийн дүрэм, салбарын болон байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах /вэбсайтдаа байршуулах/;
  3. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирал, дэд захирал, ерөнхий инженер, санхүү бүртгэлийн хэлтсийн дарга, ерөнхий ня-бо, инженерийн албаны дарга, захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хангамжийн хэлтсийн дарга, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гэх мэт албан тушаалтны талаарх танилцуулга, мэдээллийг ил тод, нээлттэй болгох;
  4. Компанийн удирдлагын шийдвэр /Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, Гүйцэтгэх захирлын тушаал гэх мэт/-ийг ил тод, нээлттэй болгох;
  5. Боловсон хүчинд тавих шаардлагыг тодорхойлох, тэдгээрийг сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулалт, давтан сургалт, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, нийгмийн асуудал зэрэг боловсон хүчний бодлогын нээлттэй байдлыг хангах;
  6. Компанийн дүрэмд тусгасан “хууль тогтоомжоор хориглоогүй, орлого, ашгаа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бизнесийн бусад үйл ажиллагаа” эрхэлсэн талаарх мэдээлэл, ногдол ашгийн хуваарилалт, түүнийг хэрхэн олгох талаарх журмыг нээлттэй болгох;
  7. Аудитын, Цалин урамшууллын, Нэр дэвшүүлэх зэрэг компанийн тодорхой асуудал эрхэлсэн байнгын болон түр хороод, өмчлөгчийн хяналт, дотоод хяналт, хөндлөнгийн аудит зэрэг хяналтын тогтолцооны бүтцийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг нээлттэй болгох;
  8. Компанийн хэрэглэгчийн талаарх мэдээлэл /хэрэглэгч байгууллага, аж ахуйн нэгж, түүнтэй байгуулсан гэрээ г.м/-ийн нээлттэй байдлыг хангах.