Авлигын индексийн 2013 оны судалгааны үр дүнгийн тайлан

A- A A+
Авлигын индексийн 2013 оны судалгааны үр дүнгийн тайлан

Өмнөх үг

Авлига нь нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд аюул занал учруулах, улмаар ардчиллын тогтолцоо, ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг доройтуулах, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулахуйц гэмт үзэгдэл болохыг дэлхийн улс орнууд онцлох болжээ.

Монгол Улс ч авлига хэмээх энэхүү гэмт үзэгдэлтэй тууштай тэмцэж ирсэн бөгөөд гадны улс орнууд, олон улсын байгууллагын зүгээс манай улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааг өндрөөр үнэлэх болж, улс орнуудыг харьцуулан үнэлсэн авлигын судалгаануудын дүнгээр Монгол Улсын авлигын түвшин сүүлийн хоёр жилийн хугацаанд тогтвортой буурч ирлээ.

Монгол Улсын авлигын түвшинг олон улсын байгууллагууд үнэлэхээс гадна Авлигатай тэмцэх газар олон нийт, шинжээчдийн туслалцаа дэмжлэгтэйгээр авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг судлан авлигын индексийг тооцож олон нийтэд мэдээлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд батлагдсан аргачлалын дагуу авлигын индексийн судалгааг 2013 онд улсын хэмжээнд зохион байгуулан явуулж, индекс тооцон, үр дүнгийн тайланг боловсрууллаа.

Монгол Улсын авлигын индекс 2013 онд 0.65 гарч, өмнөх судалгааны буюу 2011 оныхоос 0.02 пунктээр өссөн эерэг дүнтэй гарлаа. Авлигын индексийн утга ийнхүү өссөн нь 2012-2013 оны хоёр жилийн хугацаанд Монгол Улс дахь авлигын түвшин буурсан болохыг харууллаа.
Энэ удаагийн судалгаагаар Монгол Улсад авлигыг үүсгэж байгаа үндсэн шалтгаан нөхцөлөөр улс төрийн нөлөө их, эрх зүйн зохицуулалт, хуулийн хэрэгжилт сул, ашиг сонирхлын зөрчил их, төрийн үйлчилгээний хүртээмж муу, хөндлөнгийн хяналт сул байгаа зэргийг судалгаанд оролцогчид нэрлэсэн байна.

Авлигын индексийн судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг улсын хэмжээнд Үндэсний статистикийн хороотой хамтран зохион байгууллаа. Энэхүү судалгаа нь авлигын талаарх талуудын төсөөлөл болон бодит тоо мэдээлэлд үндэслэн авлигын цар хүрээ, хэлбэр, шалтгааныг судалсан юм. Иймд судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч зэрэг бүхий л түвшний хэрэглэгчид өргөн хүрээнд ашиглана гэдэгт найдаж байна.

Үүний зэрэгцээ энэ удаагийн авлигын индексийн судалгааг зохион байгуулж, мэдээлэл боловсруулж, тайлан бичих хүртэлх бүхий л үе шатанд оролцсон хүмүүс болон судалгаанд оролцож үнэтэй мэдээллээ өгсөн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд талархлаа илэрхийлье.

МОНГОЛ УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Н.ГАНБОЛД

 

Авлигын индексийн 2013 оны судалгааны үр дүнгийн тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.