Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд үндэслэлгүйгээр урамшуулал олгодгийг тогтоов

A- A A+
Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд үндэслэлгүйгээр урамшуулал олгодгийг тогтоов

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж, тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Хурлын 2014 оны тогтоол, тэмдэглэл, Хурлын даргын захирамж, ирсэн, явсан бичгийн бүртгэл, албан бичгүүд, Хурлаас баталсан хөтөлбөр, шийдвэрүүдээс авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, хянан үзлээ. 

Тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нь Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Дүүргийн Хурлын төлөөлөгчдөд урамшуулал олгох журам”-аар урамшуулал олгох дээд хэмжээг 5 сая төгрөгөөр тогтоосны дагуу дүүргийн төлөөлөгчдөд улирал тутамд 4 500 000 төгрөг олгож байна. Үүнээс гадна дүүргийн Тэргүүлэгч 7 гишүүнд 2013 онд сар бүр 15 000, нийт 1 080 000 төгрөгийг, 2014 оны эхний 3 улиралд нийт 810 000 төгрөгийн урамшууллыг ямар ч үндэслэлгүйгээр олгосон байна. Тэргүүлэгчдэд сар бүр 15 000 төгрөгийн урамшууллыг 2007 оноос эхлэн өгсөн гэх ба уг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны журмын дагуу олгодог гэсэн боловч тухайн журам нь Хурлын тэргүүлэгчдэд нэмэгдэл урамшуулал олгох асуудлыг огт зохицуулаагүй байна. 

Мөн Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар тогтоолоор 9 дүгээр хуралдааны зардалд 688 500 төгрөг, 2014 оны 53 дугаар хуралдааны тогтоолоор 10 дугаар хуралдааны зардалд 628 500 төгрөг, 2014 оны 11 дүгээр хуралдааны зардалд 2 722 500 төгрөг тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд уг зардлын зарцуулалтыг үзэхэд иргэдийн төлөөлөгчдийн үдийн хоолны үнэ, хуралдааны үед хэрэглэх цай, кофе, цэвэр ус, чихэр, жигнэмэгт зориулсан болохыг холбогдох баримтуудаар тогтоов. Энэ мэт үндэслэлгүйгээр олгож буй урамшуулал, төсвийн хөрөнгийн зарцуулалтад зохих арга хэмжээ авахуулахаар Авлигатай тэмцэх газраас холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаад байна.