САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Х.ГАНЦОГТ ТАНАА

A- A A+
САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Х.ГАНЦОГТ ТАНАА

САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Х.ГАНЦОГТ ТАНАА

Зөвлөмж хүргүүлэх тухай 

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д, Авлигатай тэмцэх газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.4-д “... авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээний үр дүнтэй холбогдуулан ... хангалтгүй үнэлэгдсэн яам, агентлаг, шинээр байгуулагдсан байгууллагуудад тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх” гэснийг тус тус үндэслэн Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2015 оны 3 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд Сангийн яамны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон болон ажлын хэсгийн гишүүд тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Ганболд, Санхүү, зохион байгуулалтын хэлтсийн дарга С.Мөнгөнцэцэг, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтан Н.Хадбаатар нартай уулзаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын зорилго, чиглэлээ танилцуулан хамтарч ажилласан болно.

Сангийн яамны Төрийн захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/ Н.Хадбаатарт “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг таниулах, 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг тайлагнахад анхаарах асуудлууд болон нотлох баримтыг ирүүлэхдээ анхаарах асуудлуудыг нэг бүрчилэн тайлбарлаж, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан бөгөөд цахим хуудаст аргачлалын дагуу дүн шинжилгээ хийж, асуудал бүр дээр зохих зөвлөгөөг өгөхийн зэрэгцээ цаашид ил тод, нээлттэй болгох мэдээллүүдийн талаар мэдээлэл арга зүйн туслалцаа үзүүллээ. 

Батлагдсан удирдамжийн хүрээнд Сангийн сайдын болон Төрийн нарийн бичгийн даргаас 2014 онд батлан гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, журам, яамны хэмжээнд мөн онд явсан нийт 149 хавтас бичгүүдтэй танилцахын зэрэгцээ Сангийн яамны 67 албан тушаалтанд сургалтын тусгайлсан хөтөлбөрийн дагуу авлигын эсрэг хууль тогтоомж сурталчлах сургалт зохион байгуулж, тус газраас хийгддэг судалгаануудын дүнг танилцуулав.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаас 2014 онд гаргасан тушаал, шийдвэр, холбогдох журам, хөтөлбөр, яамны захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хороо хооронд байгуулсан “Хамтын гэрээ”, тухайн онд тус яамнаас гадагш явсан бичиг зэргийг нягтлан үзлээ.

Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А-285 дугаар тушаалаар “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-ын ТУЗ-ийн бүрэлдэхүүний цалинг тогтоохдоо Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.13 дахь заалт, Компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2.8 дахь заалтыг үнэдэслэн ТУЗ-ын даргын цалинг сард 384 000 / Гурван зуун наян дөрвөн мянган төгрөг/, гишүүдийн цалинг 364 000 / гурван зуун жаран дөрвөн мянган төгрөг” - өөр тус тус тогтоосон байна. 

Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.12-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно”, Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлийн 2.1.1-д “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон төрийн захиргааны албан хаагчийн нэг сарын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (нэг сарын)-г хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтоох”-ыг Төрийн өмчийн хороонд чиглэл болгосон хууль тогтоомжийг мөрдлөг болгосон нь сайшаалтай байна. 

Мөн тус яамнаас Төрийн албаны зөвлөлд 2014 оны 05 дугаар сарын 30-ны 8-1/2910 дугаар албан бичгийн хүрээнд хүргүүлсэн яамны батлагдсан орон тоо, албан хаагчийн судалгаагаар Хөдөлмөрийн гэрээгээр жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй ажилтнуудын орон тоон дээр 9 албан хаагч, төрийн захиргааны сул орон тоон дээр 7 албан хаагчийг тус тус Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байна. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно.”, 21.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно.” гэсний дагуу жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчдын болон төрийн захиргааны сул орон тоон дээр ажиллах хүний нөөцийг сонгох, түр орлон гүйцэтгүүлэхдээ Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг мөрдлөг болгохоор заасан байна.

Холбогдох журмын 3.2-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй ажилтнуудын орон тоо нь эзгүй байгаа гэх ойлголтод хамаарах бөгөөд энэ тохиолдолд тухайн албан үүргийг ямар журмаар түр орлон гүйцэтгүүлэхийг, мөн журмын 3.3-т төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан гэгдэх тохиолдлыг тухай бүр тодорхой зааж, мөн журмын 4.8-д Төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдээс сонгон авч хугацаа заан түр орлон гүйцэтгүүлнэ.”, мөн журмын 4.3.3-т “ байгууллагын даргаас бусад удирдах, гүйцэтгэх албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар тус тус орлон гүйцэтгүүлнэ” гэж заасныг баримтлахгүй шууд уг журмын 4.9-д “ Жирэмсний болон амаржсаны амралттай байгаа албан тушаалтны албан үүргийг энэ журмын 4.8-д заасны дагуу нөхөх боломжгүй бол тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан иргэнийг Төрийн албаны тухай хуулийн 11.6-д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24 дүгээр зүйлийг баримтлан хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж болно.” гэж заасныг баримталсан нь Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан холбогдох журмын зарчмыг мөрдлөг болгоогүй гэж үзэхээр байна. 

Энэ нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо дээр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулах замаар хэрэгжүүлэхээр гаргасан шийдвэр, мөн хуулийн 17.4-д заасны дагуу төрийн албаны төв байгууллагад хүсэлтээ гаргасан байдал, мөн хуулийн 17.5-д заасан хүрээнд сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үнэдэслэл болж байна. Тухайн яамны хүний нөөцөд баримтлаж буй бодлого нь төрийн албанд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр хэн ч орж болох нөхцөлийг бүрдүүлж байхаас гадна Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн: 

4.1. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн;
4.2.2. ил тод байх; 
4.2.4. иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчмууд алдагдаж байна. Уг асуудалтай холбогдуулан Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2006 оны 180 тоот тушаалаар баталсан “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг судлан үзсэн бөгөөд энэхүү хөтөлбөрт тус яамны хүний нөөцтэй холбогдох дээрх асуудлууд ямар журмаар хэрхэн шийдвэрлэж байх талаар огт тусгаагүй байна. 

Цаашид Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг чанд мөрдөж, дээр дурьдсан зөрчил дутагдлыг дахин гаргахгүйгээр ажиллах талаар тодорхой ажлуудыг зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу Зөвлөмж болгож байна. 

 


ДАРГА,
ТЭРГҮҮН КОМИССАР Н.ГАНБОЛД