Булган аймгийн нэр бүхий албан тушаалтнуудад зөрчил арилгуулах албан бичиг хүргүүлэв

A- A A+
Булган аймгийн нэр бүхий албан тушаалтнуудад зөрчил арилгуулах албан бичиг хүргүүлэв

Авлигатай тэмцэх газраас Булган аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга О.Наранжаргал, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Эрдэнэ нарт зөрчил арилгуулах чиглэлээр албан бичиг хүргүүлэв. 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Булган аймгийн хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах явцад Төрийн албаны хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалтыг зөрчиж Булган аймгийн Баян-Агт сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Соёлмааг тус сумын Засаг даргын Тамгын газрын төсвийн мэргэжилтнээр, Булган аймгийн Сайхан сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтөрийг тус сумын Нийгмийн даатгалын байцаагчаар тус тус томилсныг тогтоов.

Энэ нь Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтыг мөн зөрчсөн байх тул Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч, дүнг эргэн танилцуулахыг дээрх нэр бүхий албан тушаалтнуудад үүрэг болгов.