АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛД

A- A A+
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛД

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЗӨВЛӨМЖ 

2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр                                                                                                        Улаанбаатар хот

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох бусад хууль, эрх зүйн актыг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилттэй танилцах, арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд 2014-2015 онуудад 13 аймаг, 175 сум, нийслэлийн 7 дүүрэгт ажилласан.

Ийнхүү ажиллах явцад албан тушаалтнаас албан үүргээ гүйцэтгэх явцдаа иргэн, аж ахуйн нэгжид давуу байдал олгох, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албаны эрх мэдлээ хэтрүүлэх зэрэг авлигын зөрчил гаргахын зэрэгцээ хандив авахтай холбогдсон хязгаарлалтыг зөрчих, хязгаарласан хугацаанд хандивлагч этгээдтэй гэрээ байгуулах, орон нутгийн төсвийн хөрөнгөөс хандив, бэлэг өгөх, хууль тогтоомж, дүрэм журамд байхгүй зүйл, хэсэг, заалт, хүчингүй болсон эрх зүйн актыг үндэслэн шийдвэр гаргах, хуулиар эрх олгосон этгээдээс гаргасан дүрэм, журмыг дахин журамлах, хууль зөрчсөн зохицуулалт хийх нь түгээмэл байлаа. 

Тус газраас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын зөрчлийг арилгуулах, хариуцлага ногдуулах, салбарын болон холбогдох дээд шатны байгууллага, удирдлагад уламжлах, зөвлөмж хүргүүлэх, хүнд суртал чирэгдэл учруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, хуульд нийцүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлж байгаа ч цаашид энэ төрлийн зөрчил дутагдал гаргуулахгүй байх, албан тушаалтныг авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөлийг нийгэмд ухуулан таниулах зорилгоор Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.6-д заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөл, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт дараахь “ЗӨВЛӨМЖ”-ийг хүргүүлж байна:

1/ харъяалах нутаг дэвсгэр дээр гарч байгаа албан тушаалын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар аж ахуйн нэгж, байгууллагаас зохиож байгаа ажлыг хэлэлцэн чиглэл өгч байх талаар анхаарах;

2/ аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц байдалтай танилцах, үйл ажиллагааг нь нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах, үүрэг чиглэл өгөх;

3/ Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны 88 дугаар тушаалаар баталсан “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу харъяалах сум, нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийх, үр дүнг олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулах, үнэлгээг хөдлөнгийн шинжээч /иргэний нийгмийн байгууллага/-ээр гүйцэтгүүлэх боломжийг судлах;

4/ жил бүрийн Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөнд албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах, илрүүлэх, арилгах, таслан зогсоох, үр дагаварыг арилгах, төрийн үйлчилгээний шат дамжлага, хүнд суртал, чирэгдлийг арилгах, эрсдэлтэй ажил, үйлчилгээг тодорхойлох, төсвийн сахилга батыг сайжруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах, нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны шударга байдлыг сайжруулах зэрэгт чиглэсэн ажил, арга хэмжээг тусган хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан зардлын тодорхой хувийг энэхүү үйл ажиллагаанд зарцуулах; 

5/ авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилан таниулах сургалтыг зохион байгуулахдаа тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдах албан тушаалтан, нутгийн захиргааны байгууллагын /гүйцэтгэх/ албан хаагчийн хариуцсан ажлын онцлог, чиг үүргийг харгалзан үе шаттайгаар зохион байгуулах; 

6/ “Иргэний танхим”-ын хууль сурталчлах ажлын төлөвлөгөөнд авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд таниулах, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх талаар сургалтын болон мэдээлэл сурталчилгааны арга хэмжээг тусгаж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг ухуулан таниулах;

7/ аймаг, нийслэл, сум, дүүрэгт байрлах сургууль, боловсролын байгууллагуудад шударга ёсны ойлголт, шударга зан чанарын талаарх сургалт, мэдээллийн ажил, арга хэмжээг нэгдсэн байдлаар тогтмол зохион байгуулж байх; 

8/ иргэд, олон нийтэд үзүүлж буй үйлчилгээний талаар судалгаа хийх, энэ үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах, иргэдийн санал, сэтгэгдлийг сонсох, түүнд тулгуурлан тухайн үйл ажиллагаагаа боловсронгуй болгох чиглэлээр санаачилгатай ажиллах;

9/ Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлж, улсын цол хүртсэн бөх, уяач, харваач болон олимп, дэлхий, тивийн тэмцээн, наадамд оролцож амжилт гаргасан тамирчдад улсын төсвөөс урамшуулал олгосоор байтал орон нутгийн төсвөөс давхардуулан урамшуулал олгож буй асуудлыг таслан зогсоох, цаашид энэ төрлийн урамшуулалд төсвөөс хөрөнгө зарцуулахгүй байхад анхаарах;

10/ аливаа албан томилолтоор ажиллаж буй албан тушаалтныг дайлж цайлах, бэлэг өгөх, зочид буудлын тооцоо хийх зэрэг үйлчилгээг орон нутгийн төсвөөс үзүүлэхгүй байх талаар харъяалах байгууллага, нэгжид үүрэг чиглэл өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;

11/ хуулиар эрх олгосон этгээдээс баталсан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдсөөр байтал уг асуудлыг дахин журамлаж зохицуулалт хийснээр орон нутгийн төсвийн хөрөнгө зориулалт бусаар зарцуулагдах, төсвийн хөрөнгөд үрэлгэн хандах нөхцөл бүрдэж буйд дүгнэлт хийх, хуульд нийцээгүй дүрэм, журмыг хүчингүй болгоход чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

12/ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг буцалтгүй тусламж, дэмжлэг, шагнал урамшуулалд зарцуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах, тус сангаар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэлийн явцад тавих хяналтыг сайжруулах, энэ үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах; 

13/ нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллагаас батлан хэрэгжүүлж буй аливаа хөтөлбөр, гэрээ, журмыг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг судлан үзэх. Санхүүжилтийн эх үүсвэрийн нэг нь “хандив, тусламж” байх ба уг эх үүсвэрийг бүрдүүлэх нэрийдлээр хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж буй явдлыг таслан зогсоох, энэ талаар харъяалах байгууллага, албан тушаалтанд зөвлөмж өгдөг байх;

14/ аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон улс төрийн албан тушаалтныг төрийн жинхэнэ албан тушаалд томилж буй асуудлыг таслан зогсоох талаар тодорхой арга хэмжээг авах;

15/ аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчид нь сар, улиралд авч буй урамшууллаа “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийн “Орлого” хэсэгт мэдүүлээгүй зөрчил гаргаж байх тул энэ төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй байх, мөн хуульд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж хэвшүүлэх, түүний ач холбогдлыг ойлгуулах; 

16/ худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хөндлөнгийн нөлөөллөөс ангид байх, тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах, тендерийн урилга, тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан талаарх мэдээлэл, тендерт шалгарсан, шалгараагүй оролцогчийн талаарх мэдээллийг цахим хуудсандаа байршуулж хэвшүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах; 

17/ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд тавих хяналтыг сайжруулах;

18/ бүх шатны Засаг дарга, нутгийн захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, хуулийн этгээдэд аливаа хүнд суртал, чирэгдэл учруулж, хууль бус шаардлага тавихгүй байх, бусдын эрх хэмжээг хүндэтгэн ажиллах талаар үүрэг чиглэл өгөх;

19/ дээрх асуудлаар болон авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны үр дүнг тогтмол хугацаанд Авлигатай тэмцэх газарт мэдээлэх, цаашид хамтран хэрэгжүүлэх асуудлаар харилцан санал солилцох.


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР