Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр гааль, татварын ерөнхий газрын гаалийн салбарт ажиллах удирдамж

A- A A+
Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр гааль, татварын ерөнхий газрын гаалийн салбарт ажиллах удирдамж

АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,
СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ГААЛЬ, ТАТВАРЫН
ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГААЛИЙН САЛБАРТ 
АЖИЛЛАХ УДИРДАМЖ 

2016 оны 04 дүгээр                                                                                                                                                 Улаанбаатар 
сарын 18-ны өдөр                                                                                                                                                           хот

 

Нэг. Зорилго 

Авлигатай тэмцэх газраас хийдэг “Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ”, Авлигын индексийн судалгаа, Азийн сангийн санхүүжилтээр хийсэн “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын шалтгаан, нөхцөлийн судалгаа” зэргийг үндэслэн Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 12 дахь хэсэгт заасан ажлын хүрээнд Гааль, татварын ерөнхий газрын Гаалийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр тусгайлсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг нь дээшлүүлэх, энэ чиглэлээр зөвлөх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын гэмт хэрэг, зөрчил гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх. 

Хоёр. Ажиллах бүрэлдэхүүн 

2.1. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнууд ажиллах бөгөөд ажлын явц хэрэгжилтийг тухай бүрт нь газар, хэлтсийн удирдлагад тайлагнаж ажиллана.

Гурав. Хамрах хүрээ

3.1. Гааль, татварын ерөнхий газар, Улаанбаатар хотын Гаалийн газар, Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Замын-үүд дэх Гаалийн газар, Дорнод аймаг дахь Гаалийн газар, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар, Шивээхүрэн дэх Гаалийн газар, Бичигт дэх Гаалийн газар 

Дөрөв. Хэрэгжүүлэх хугацаа 

4.1. 2016 оны 04 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллана. 

Тав. Ажиллах чиглэл 

5.1. Төрийн болон төрийн бус байгууллагаас явуулсан судалгаа, шинжилгээний дүнг танилцуулах ажлын хүрээнд:

5.1.1. Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас хийдэг Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх 2012, 2014 оны төсөөллийн судалгаа, Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2013, 2014, 2015 оны үнэлгээ;
5.1.2. Бизнесийн зарим салбар болон төрийн байгууллагын харилцаан дахь авлигын шалтгаан, нөхцөлийн судалгаа 2015 он;

5.2. Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлах, сургалт зохион байгуулах ажлыг зорилтод бүлэгт чиглүүлэн ажиллах хүрээнд:
5.2.1. Удирдах ажилтнуудад /газар, хэлтэс, албадын дарга ахлах ажилтнуудад/

  • Авлигаас урьдчилан сэргийлэхэд удирдах ажилтны хуулиар хүлээсэн үүрэг: анхаарах асуудал
  • Ил тод байдлыг хангах нь /харилцан ярилцаж одоогийн эрсдэлтэй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх алхмуудыг хэрхэн хийх багийн оролцооны ажил зохион байгуулах/

5.2.2. Ажилтнуудад

  • Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь
  • Авлига, албан тушаалын гэмт хэргийн ойлголт, шалтгаан, хор хөнөөл

5.2.3. сурталчилгааны материал, гарын авлага түгээх;

5.2.4. салбарын төлөөллийн хүрээнд гаалийн байгууллага дахь авлигын нөхцөл байдлын талаар дугуй ширээний хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулж салбарын бодлогод тодорхой саналыг тусгуулах;

5.3. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, заавар зөвлөмж өгөх ажлын хүрээнд:

5.3.1. Авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах;
5.3.2.“Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-д тусгасан шалгуур үзүүлэлтийг хангахад чиглэсэн заавар, зөвлөгөө өгөх;
5.3.3. иргэд, байгууллагаас тус салбар, газрын алба хаагчидтай холбогдох гомдол, мэдээллийн талаар судлан үзэх;
5.3.4. АТГ-ын мөрдөн байцаагчаас хүргүүлсэн “Мэдэгдэл”, зөрчил арилгуулах чиглэлээр хүргүүлсэн албан бичгийн мөрөөр холбогдох арга хэмжээг авах;
5.3.5. байгууллагын болон салбарын хэмжээнд үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг шинжлэн үзэж, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх ; 
5.3.6. эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ыг мэдээлэл, арга зүйгээр хангах; 

5.4. Авлигын гэмт хэрэг, зөрчил гарч буй шалтгаан нөхцөлийг судлах ажлын хүрээнд: 

5.4.1. Байгууллагын удирдлагаас гаргаж буй тушаал шийдвэрүүдтэй танилцах, шаардлагатай материалуудыг гаргуулан авах;
5.4.2. Хүний нөөцийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажил арга хэмжээтэй танилцах;
5.4.3. Үйлчлүүлэгчид, иргэдтэй уулзаж санал хүсэлттэй танилцах; 
5.4.4. Гаалийн салбарт мөрдөгдөж буй дүрэм журам, зааврыг хянан үзэж, холбогдох арга хэмжээг авах; 
5.4.5. Мэдүүлгийн бүрдүүлэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулсан байдал, "ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай" мэдэгдэл, тайлбар гаргасан байдал, мэдүүлгийн цахим системийн ашиглалт; 
5.4.6.Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах болон илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг болно.

Зургаа. Тайлагнах 

6.1. Томилолтоор ажилласан тухай бүрт нь тайланг ажлын 10 хоногт багтаан Газрын удирдлагад танилцуулна.