Төрийн байгууллагын “Авлигын эсрэг үйл ажиллагаа”-г үнэлэх шинжээчдийн баг-ийг шалгаруулах тухай

A- A A+
Төрийн байгууллагын “Авлигын эсрэг үйл ажиллагаа”-г үнэлэх шинжээчдийн баг-ийг шалгаруулах тухай

Үндэслэл: Төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлын түвшинг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, төрийн байгууллага хоорондын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр дүнг нь үнэлэх, энэхүү үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах зорилгоор Авлигатай тэмцэх газраас “Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг боловсруулсан юм. Энэхүү аргачлалын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “Шинжээчдийн баг” 2013 онд 120, 2014 онд 124, 2015 онд 122 байгууллагад үнэлгээ хийж, үр дүнг олон нийтэд танилцуулсан билээ.

Аргачлал ёсоор дээрх үнэлгээг жил бүр хийх бөгөөд 2016 оны үнэлгээг хийх “Шинжээчдийн баг”-ийг шалгаруулахаар ажиллаж байна.

Зорилго: Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлан, нотлох баримтад болон хэрэгжилтийн явцын үнэлгээ хийх, дүгнэлт, тайлан бэлтгэх.

Хамрах хүрээ: Үнэлгээнд дараахь байгууллагууд хамрагдана:

  • Улсын Их Хурлаас байгуулагддаг байгууллага /Үндэсний аудитын газар, Монголбанк, Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо/; 
  • Монгол Улсын яамд; 
  • Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд; 
  • Аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар; 
  • Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд.

Ажлын даалгавар: Шинжээчдийн баг нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

  • Үйл ажиллагааны зохион байгуулалт, ажлын удирдамжийг боловсруулж, мөрдөх; 
  • Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны тайлантай танилцах; 
  • Төрийн байгууллагуудын цахим хуудсанд аргачлал ёсоор явцын үнэлгээ хийх; 
  • Тайлан, нотлох баримтад шинжилгээ хийх; 
  • Шаардлагатай тохиолдолд газар дээр нь ажиллах /2-3 байгууллагыг сонгон ажиллах/; 
  • Авлигатай тэмцэх газраас гаргасан аргачлал /www.iaac.mn сайтаас харах/-ыг баримтлан ҮНЭЛГЭЭ хийх; 
  • Үнэлгээний ТАЙЛАН боловсруулах /авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл, бэрхшээл, хүрсэн үр дүн, ололт амжилтыг тусгасан байх/; 
  • Төрийн байгууллагуудад болон Авлигатай тэмцэх газарт хандсан САНАЛ, ЗӨВЛӨМЖ боловсруулах; 
  • Үнэлгээ, түүний үр дүнг мэдээлэх.

Үнэлгээ хийх явцад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн холбогдох ажилтнуудтай нягт хамтран ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа тус хэлтсийн даргад тайлагнаж ажиллана.

Даалгавар гүйцэтгэх хугацаа: 2016.05.25-2016.12.05

Тавигдах шаардлага: Дээрх даалгаврыг гүйцэтгэх “Шинжээчдийн баг” нь дараах шаардлагыг хангасан байна:

  • Аливаа бодлогын баримт бичиг, байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх ажлын дадлага, туршлагатай байх; 
  • Судалгаа, шинжилгээний материалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх; 
  • Багаар ажиллах чадвартай байх /хуулийн этгээд байж болно/; 
  • Интернет, мэдээ, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбогдох хэрэглээний програмыг ашиглах чадвартай байх.

Ирүүлэх материал: “Шинжээчдийн баг” нь дараахь материалыг бүрдүүлэн 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 18.00 цаг хүртэлх хугацаанд багтаан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст хаяглан ирүүлнэ:

  • Багийн гишүүдийн талаарх товч танилцуулга; 
  • Багийн гишүүдээс дээрх чиглэлээр хийсэн ажлын туршлага, мэдээлэл /ажлын жагсаалт/; 
  • Ажлын даалгаврыг гүйцэтгэх урьдчилсан төлөвлөгөө; 
  • Даалгаврыг гүйцэтгэх үйлчилгээний үнийн санал.

Зохион байгуулалт: Үнэлгээнд хамрагдах байгууллагуудыг дараахь байдлаар хуваарилан багцлах бөгөөд сонгон шалгаруулалтад оролцогч нь I, II, III, IY багц ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар ирүүлэх материалд дурдсан байна. Нэг баг зөвхөн 1 багц ажил, үйлчилгээг гүйцэтгэнэ. Үүнд:

  • I багц ажил, үйлчилгээ – Улсын Их Хурлаас байгуулагддаг байгууллага, Монгол Улсын яамд /21 байгууллага/;
  • II багц ажил, үйлчилгээ – Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, зарим салбарын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, харьяа газрууд /30 байгууллага/; 
  • III багц ажил, үйлчилгээ – Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар /31 байгууллага/; 
  • IY багц ажил, үйлчилгээ - Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд /85 байгууллага/. 

Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн материалд үндэслэн сонгон шалгаруулалт хийх бөгөөд шалгарсан багуудтай гэрээ байгуулж ажиллана.

Холбогдох утас: Авлигатай тэмцэх газар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, 70112465