“Албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах явц байдал” сэдвээр мэдээлэл хийв /2012.02.08/

A- A A+
“Албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах явц байдал” сэдвээр мэдээлэл хийв /2012.02.08/
Авлигатай тэмцэх газар сард 2 удаа буюу 14 хоног тутамд хэвлэл, мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч, сурвалжлагчидтай уулзаж, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийж байгаа билээ. Энэ удаагийн уулзалтад тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгээ, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан нар оролцож, “Албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах явц байдал” сэдвээр мэдээлэл хийлээ.

Ч.Өнөрбаяр: -Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлага томилогдсоноос хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагааныхаа талаар сар бүр олон нийтэд мэдээлэл хүргэж байхаар тогтсон юм. Сард нэг удаа мэдээлэл хийж байя гэсэн боловч нэг талаас нийгмийн хэрэгцээ шаардлага байна, нөгөө талаас төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах үүднээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх хугацааг ойртуулж, 14 хоног тутамд хэвлэл, мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч, сурвалжлагчидтай уулзаж байхаар болсныг та бүхэнд дуулгая. Бид өмнө нь албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн явц байдлын талаар мэдээлж байсан. Тэгвэл энэ удаа албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа явц байдлын тухай мэдээлэхээр манай Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ оролцож байна. Сүүлийн үед Авлигатай тэмцэх газраар шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдтэй холбоотой асуудлаар хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч, олон нийт ч мэдээлэл авахыг хүсч байгаа. Гэхдээ мөрдөн байцаах ажиллагааны нууц, хувь хүний нууц, төрийн нууц зэрэг Үндсэн хууль болон өөр бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан асуудлыг олон нийтэд ил тод мэдээлэх бололцоогүй гэдгийг та бүхэн зөвөөр ойлгоно байх аа гэж найдаж байна. Ингээд Цоодолсэнгээ даргыг товч мэдээллээ хийхийг хүсч байна.

Д.Цоодолсэнгээ: -Хуульд заасан харьяаллын дагуу албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа талаар товч мэдээлэл өгье. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2011 онд 653 гомдол, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс 416 нь гэмт хэргийн шинжтэй байна. Өмнөх оныхоо үлдэгдэлтэй нийлээд гэмт хэргийн шинжтэй 443 гомдол, мэдээллийг хянаж үзсэн. Эндээс 54 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 164 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу хуулийн байгууллагуудад шилжүүлсэн байгаа. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн байдал оны эцсээр 98 хувьтай гарсан. Манай газарт гомдол, мэдээллийг хүлээж авах 1969, 311919 утас ажилладаг. Гомдол, мэдээллийг хүлээн авах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Ажлын бус цаг болон амралтын өдөр эдгээр утасны автомат хариулагчаар гомдол, мэдээллийг хүлээн авдаг.

Эрүүгийн хэргийн тухайд 2011 онд хуульд заасан харьяаллын 365 үйлдэлтэй, 324 хохирогчтой 144 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 7 хувиар өсчээ. Мөрдөн шалгасан хэргүүдийн шийдвэрлэлтийг авч үзвэл 43 хэрэг буюу нийт шалгасан хэргийн 30 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн. Энэ нь өнгөрсөн оныхотой харьцуулахад 4.6 хувиар өссөн байгаа. Эдгээр хэргүүдээс 52 шүүгдэгчид холбогдох 21 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. 40 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн. 2 хэргийн 3 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан байна. Нийт 18 хүнд хорих ял ногдуулжээ.

Хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийг албан тушаалын байдлаар нь авч үзэхэд төрийн улс төрийн албан тушаалтан 24, төрийн захиргааны албан тушаалтан 68, төрийн тусгай албан тушаалтан 25, төрийн үйлчилгээний албан тушаалтан 66 байна. Нийт мөрдөн шалгасан эрүүгийн хэрэгт 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан, үүнээс 1.1 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын явцад барагдуулж, 3 тэрбум гаруй төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн ажиллажээ.

2012 он гарсаар Авлигатай тэмцэх газарт гэмт хэргийн шинжтэй 39 гомдол, мэдээлэл ирсэн. 44 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Ч.Өнөрбаяр: -Асуултаа тавьж болно.

-2012 он гараад шалгаж байгаа хэргүүдийг албан тушаалынх нь байдлаар ангилсан зүйл байна уу?
Д.Цоодолсэнгээ: -Янз бүр байна. Төрийн өндөр албан тушаалд хамрагдах хүн ч байна, аж ахуйн нэгжийн удирдлагуудад хамаарах нь ч байна.

-Та ажлаа авснаас хойш төрийн өндөр албан тушаалтнуудыг, ялангуяа УИХ-ын гишүүдийг шалгаж байгаа юу?
Д.Цоодолсэнгээ: -Он гараад УИХ-ын гишүүдтэй холбогдсон мөрдөж байгаа юм уу, эсвэл татаж аваад шалгаж байгаа хэрэг байхгүй.

-Өмнө нь шалгагдаж байсан хэргүүд ямар шатандаа яваа вэ? Тухайлбал, О.Чулуунбат ...
Д.Цоодолсэнгээ: -Өмнө шалгагдаж байсан УИХ-ын зарим гишүүдийн хэргийг асууж байх шиг байна. Энэ бол одоо манай дээр байхгүй. Түдгэлзүүлсэн байгаа.

-О.Чулуунбат, Жорж Чайлмерс нарын хэргийг ямар үндэслэлээр түдгэлзүүлсэн юм бэ?
Д.Цоодолсэнгээ: -Жорж Чайлмерс нь Монголд байхгүй учраас энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй юм аа гэсэн үндэслэлээр УИХ-ын гишүүн О.Чулуунбатад холбогдох хэргийг түдгэлзүүлсэн юм билээ.

-О.Чулуунбатыг холбогдолгүй гэж үзээд хэргээс нь салгасан юм биш үү?
Д.Цоодолсэнгээ: -Үгүй байх аа. Би энэ хэргийг шалгаж байх үед байгаагүй учраас сайн мэдэхгүй байна. Ер нь хэргийг нь уншиж байхад Жорж Чайлмерс нь гадаадын хүн, Монголд байхгүй, хэргийг нь цогц байдлаар шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн байна лээ.

-Хорих ялаар шийтгүүлсэн 18 хүн нь ямар ямар албан тушаал хашиж байсан бэ?
Д.Цоодолсэнгээ: -Шүүхээр шийдэгдсэн хэргийн талаар энд ярина гэвэл цаг хугацаа их орно. Манайх албан тушаалын гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлтийн эмхэтгэл гаргадаг. Түүн дээр тодорхой байгаа. Манай байгууллагын вэб сайтад шүүхийн шийдвэрийг байршуулдаг. Тэндээс мэдээлэл авч болно.

-УИХ-ын гишүүдтэй холбогдох хэргийг шалгахдаа хуулийг хоёр янзаар хэрэглээд байгаа юм шиг харагддаг. УИХ-ын гишүүн Х.Наранхүүд холбогдох хэргийг шалгаж дуусгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэрэгсэхгүй болгочихож байгаа юм, тэгсэн хэрнээ УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй гэдэг үндэслэлээр хэргийг түдгэлзүүлчихэж байна. Х.Наранхүү ч бас УИХ-ын гишүүн шүү дээ. Яагаад хэргийг ингэж хоёр янзаар шалгадаг юм бэ?
Д.Цоодолсэнгээ: -Манайх мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад хэргийг прокурорын байгууллагад хянуулахаар өгдөг. Энэ бол нэг асуудал. УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж шалгуулах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Тиймээс яагаад заримыг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгадаг юм бэ, яагаад заримыг нь түдгэлзүүлээгүй юм бэ гэдэгт би хариулах шаардлагагүй.

-Цаашид ийм байдал давтагдаад байвал яах вэ? Хий дэмий цаг хугацаа алдаж байгаа хэрэг биш үү?
Д.Цоодолсэнгээ: -Түдгэлзүүлэх, түдгэлзүүлэхгүй нь манай байгууллагын асуудал биш ээ. УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Бид баахан хүн хүч, цаг хугацаа гаргаж хэргийг шалгадаг. Хэрэг мөрдөх, хэрэг шалгах нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хугацаатай. Гэтэл УИХ-ын гишүүний холбогдсон хэргийг шалгахад бүрэн эрхийнх нь асуудлаас болоод зогсчихдог юм. Та нар сайн мэдэж байгаа. Хэвлэлээр ч хангалттай мэдээлэгддэг.

-УИХ-ын гишүүн Л.Гүндалайд холбогдох хэргийг бас салгаад түдгэлзүүлсэн гэдэг мэдээллийг танайхаас өмнө нь өгч байсан. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Гүндалай өөрөө надад холбогдох хэрэг байхгүй, би шалгагдаагүй, өршөөгдсөн гэсэн тайлбар хэлдэг. Үүн дээр та ямар хариулт хэлэх вэ?
Д.Цоодолсэнгээ: -2006-2007 онд болсон хэрэг. Тэр үед Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Эмнэлгийн тоног төхөөрөмж авах тендер, Халдварт судлалын үндэсний төвийн барилгын суурь болон бусад асуудлуудаар шалгагдсан юм билээ. Шалгагдаад гэм буруутай нь нотлогдсон. Энэ тухай одоо л би ярьж байгаа юм биш. Хуулийн дээд байгууллагын удирдлага хэвлэл, мэдээллээр ярьсан байгаа. Улсын ерөнхий прокурор УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Л.Гүндалайн хэрэг нотлогдсон, улсад төдөн сая төгрөгийн хохирол учруулсан, тиймээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөөч ээ гэж ярьсан. Энэ талаар та бүхэн сайн мэдэж байгаа. Тэгээд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй учраас энэ хэрэг мөн л адилхан зогссон. Энэ тухай хангалттай бичигдсэн, мэдээлэгдсэн.

-Тэгээд энэ хэрэг одоо түдгэлзсэн байгаа гэсэн үг үү?
Д.Цоодолсэнгээ: -Түдгэлзээгүй. Энэ хэрэг явсаар байгаад 2009 оны Өршөөлийн хуульд хамрагдсан. Хэргийг нь уншиж байхад УИХ-ын гишүүн Л.Гүндалай өөрөө гэм буруугийн хувьд маргахгүй ээ гэсэн байдаг. Ингээд энэ хэрэг хэрэгсэхгүй болсон.

-Говьсүмбэр аймгийн Засаг даргыг хорьж байгаа гэсэн. Ер нь аймгуудын Засаг дарга нарыг шалгаж байгаа хэрэг хэзээ шүүхээр шийдэгдэх вэ?
-Зарим аймгийн Засаг дарга нарыг манайх эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойших хугацаанд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх үеийн зарим нэг асуудлыг нь шалгаж байна. Үүнд Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Увс аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Засаг дарга байна. Хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй.

-Ажлаас халагдсан 5 мөрдөн байцаагчийг буцааж ажилд нь авах ёстой гэсэн албан бичгийг Төрийн албаны зөвлөлөөс танайд энэ нэг дэх өдөрт хүргүүлсэн гэж байгаа. Үүнд хариулт өгнө үү.
Ч.Өнөрбаяр: -Энэ асуултад би хариулъя. Хүмүүс ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой асуудал бүхий маргааны талаар Төрийн албаны зөвлөлөөс гаргасан ямар нэгэн тогтоол, шийдвэр албан ёсоор манайд өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа. Би Д.Зүмбэрэлхам даргын энэ талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагыг үзсэн. Албан ёсоор тогтоол нь ирвэл бид танилцана. Төрийн албаны зөвлөлийн шийдвэр дандаа зөв байдаггүй. Дараа нь Захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдүүлэх хуулийн механизм байгаа. Шаардлагатай гэж үзвэл бид тэр асуудлаар явна. Миний ойлгож байгаагаар бол, Д.Зүмбэрэлхам даргын өөрийнх нь хэлж байгаа тайлбараар ч гэсэн Авлигатай тэмцэх газрын даргын гаргасан ажлаас чөлөөлсөн тушаалын тухайд маргаан үүсэхгүй байгаа юм билээ. Тэр нь бол хууль зүйн үндэслэлтэй юм байна, тушаал дээр нь гомдолтой зүйл байхгүй. Тушаалыг гаргах болсон шалгалт шүүлэг нь шударга бус болсон гэсэн гомдол байгаа юм болов уу гэсэн ойлголтыг би авсан. Тэгэхээр нэгдүгээрт, тогтоол нь албан ёсоор ирэг, хоёрдугаарт, тогтоолтой танилцсаны үндсэн дээр дараа нь ямар нэгэн тайлбар өгөх нь хууль зүйн үндэслэлтэй, хаа хаанаа илүү бодитой болох байх. Тогтоол албан ёсоор ирсэн гэдэг бол худлаа. Ирүүлэх гэж байгаа байж магадгүй. Чухам аль шатандаа явааг нь хэлж мэдэхгүй байна.

-Мэргэшлийн шалгалтаар 80 хувь хүртэл оноо авах ёстой мөрдөн байцаагч Авлигатай тэмцэх газарт ажилладаггүй, бас 24 мөрдөн байцаагч ажиллаж байсан нь хэт олон гэсэн мэдээлэл байгаа л даа. Үнэхээр танай мөрдөн байцаагч нарын чадвар тийм муу юм уу?
Ч.Өнөрбаяр: -Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонгон шалгаруулалтыг нэг удаагийн тестээр явуулах нь учир дутагдалтай. Тиймээс тухайн үедээ газрын удирдлагаас удирдамж гаргаад 6-7 үзүүлэлтээр шалгалт авж, үнэлсэн байгаа. Нэг л зүйлийг нь барьж аваад ярих нь нэг талыг барьсан, дутуу дулимаг, өрөөсгөл болж харагдана. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор тогтоол нь ирэг, түүн дээр үндэслэн бид Захиргааны хэргийн шүүхэд хандах уу үгүй юу гэдэг нь дараагийн асуудал.

-Тэр таван мөрдөн байцаагчийг халах шалтгаантай хүмүүс цаана нь үлдсэн байсан гэж бас ярьсан байна лээ. Энэ дээр тайлбар хийнэ үү.
Ч.Өнөрбаяр: -Нэг хүн тийм юм ярьсан гээд би тайлбар өгөөд байх нь утгагүй. Д.Зүмбэрэлхам даргын ярианаас би тийм зүйл олж уншаагүй. Ямар ч байсан тогтоол нь албан ёсоор ирээгүй учраас наана нь би олон зүйл хэлэх боломжгүй. Харин тогтоол ирсний дараа, түүнтэй танилцсаны дараа тайлбар өгөхөд татгалзаад байх зүйлгүй.

-Хууль бусаар халагдсан гээд байгаа албан хаагчдын оронд хүн авсан байгаа юу?
Ч.Өнөрбаяр: -Оронд нь хүн авсан асуудал байхгүй. Газрын удирдлага ажлаа авсны дараа байгууллагын ажил байдалтай танилцахад Улсын мөрдөн байцаах газар гэх мэт бусад мөрдөн байцаах чиг үүрэг бүхий байгууллагатай харьцуулахад манай мөрдөн байцаагч нарын ачаалал хамаагүй бага байсан. Тиймээс мөрдөн байцаагч нарын зарим нэг орон тоог өөр хэлтэс рүү шилжүүлээд дотоод зохион байгуулалт хийсэн. Энэ бол газрын даргын хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал. Түүнээс тэр орон тоон дээр нь шинээр өөр мөрдөн байцаагч авчраад томилсон асуудал нэг ч байхгүй.

Нөгөө талаар тэдгээр хүмүүсийг ажлаас халаагүй. Энд нэг ийм зүйл байгаа. Хална гэдэг бол өөр ойлголт. Та бүхэн мэдэж байгаа. Төрийн албаны тухай хуульд байдаг. Тэр хүн зөрчил гаргавал төрийн албанд наанадаж нэг жил эргэж орохгүйгээр халагддаг. Тэгэхээр энэ бол халахаас өөр ойлголт.

-Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг энэ байгууллагад өмнө нь шалгагдаж байсан гэдэг. Яг ямар үндэслэлээр шалгагдаж байсан юм бэ, хэрэг нь юу болсон бэ? Хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой асуудал байсан шиг санаж байна.
Ж.Батсайхан: -Хөрөнгө, орлогын мэдүүлгийн зөрчилтэй холбоотой асуудлаар шалгагдаж байсан. Тухайн үед ер нь одоогийн байдлаар хөрөнгө, орлогын мэдүүлгийн хууль тогтоомжийн холбоотой зөрчлөөр шалгагдаад тодорхой хариуцлага тооцогдох үндэслэл хангалтгүй байна гэдгийг хууль санаачлагч, хууль тогтоогчдын түвшинд ярьж байсан. Тухайн үед шалгагдаад асуудал нь тодорхойгүй байсан учраас УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр зохион байгуулагдсан нээлттэй сонсголд орж байсан.

-Авлигатай тэмцэх газар цагдаагийн хурандаа нарыг шалгаж байгаа гэсэн. Танай байгууллагад цагдаагийн ажилтнууд дийлэнх нь байдаг. Тийм болохоор хурандаа нарыг шударгаар шалгаж чадах уу? Түүнчлэн танайх хэргийг дэндүү удаашралтай шалгаад байдаг. Бүтэн жил болох нь ч бий. Эцэс сүүлд нь юу болсон талаар мэдээлэхгүй өнгөрдөг.
Ж.Батсайхан: -Зөвхөн цагдаагийн хурандаа нар гэдэг түвшинд яригдаагүй. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллага, хэлтсийн дарга, түүнтэй адилтгах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн тухай асуудал бол авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай холбоотойгоор УИХ, Ерөнхийлөгчийн түвшинд яригдсаныг та бүхэн мэдэж байгаа. Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын 2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний нэг хэсэгт хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиглэлээр тусгасан зүйл бий. Гадуур зөвхөн цагдаагийн хурандаа нарыг шалгаж байна гэдэг ташаа мэдээлэл явж байна лээ. Ер нь шүүх, прокурор, цагдаа, хууль хяналтын байгууллагууд дээр хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэлээд нарийвчилж шалгах шаардлага байгаа. Яагаад гэвэл хөрөнгө, орлогын мэдүүлэг нь тухайн албан тушаалтны талаар тодорхой мэдээллийг агуулж байдаг албан ёсны бичиг баримт. Үүн дээр нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээний ажлыг хууль тогтоомжид нийцүүлж явуулна. Үүнээс гарсан тодорхой мэдээллүүдийг боловсруулна. Авлигын эсрэг үйл ажиллагаанд хэрэглэж болохоор үндэслэл бүхий мэдээлэл гарч ирнэ. Энэ мэдээлэл дээр тулгуурлан тодорхой албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг нарийвчилж шалгах шаардлага гарах юм.

-Хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ сарын 15-наар авч дуусна. Яг одоо хэдэн хувьтай явж байгаа вэ?
Ж.Батсайхан: -Улсын хэмжээнд 87 хувьтай явж байгаа. Төрийн өндөр тушаалтнуудын 90 орчим хувь нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээд байна. Одоо хуулийн хугацаа дуусахад 7 хоног үлдсэн. Зарим байгууллага хөрөнгө, орлогын мэдүүлгийг 100 хувь бүртгээд тайлан мэдээгээ манайд ирүүлээд байгаа.

-Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбогдох хэргийг шалгахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх зэргээр тайлбар хэлдэг. Авлигатай тэмцэх газар хэзээ “акул”-уудтай тэмцэж эхлэх юм бэ? Тухайлбал, Энхбаярын хэргийг хэзээ шалгаж дуусах вэ?
Д.Цоодолсэнгээ: -Ямар Энхбаяр?
-Ерөнхийлөгч асан Энхбаяр...

Д.Цоодолсэнгээ: -Намбарын Энхбаяр уу? Төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг мөрдөн шалгаад хөөн хэлэлцэх хугацаагаар дарж байна гэсэн асуулт тавьж байх шиг байна. Энэ бол үнэнд нийцэхгүй. Зарим хэрэг бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хэрэгсэхгүй ч болгодог юм уу, ямар нэг байдлаар. Би шинэ ажил авсан учраас сайн мэдэхгүй байна. Авлигатай тэмцэх газар төрийн өндөр албан тушаалтан байна уу, бусад бага тушаалын гэдэг ч юм уу гэх зэргээр ялгаж, хэргийг мөрдөх ажлыг явуулдаггүй. Тэгж явуулах ч үндэс байхгүй. Цаашдаа ч тэгэхгүй. Нөгөө л бүрэн эрх дархтай нь холбоотой асуудлууд байна.

Намбарын Энхбаярын тухай та асууж байх шиг байна. “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудлыг манайх шалгаж байгаа. Үүнийг анх Улсын Мөрдөн байцаах газар дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаад сүүлдээ прокурорын байгууллагаас манайд харьяалал тогтоож ирүүлсэн. Одоо энэ хэргийг Улсын Мөрдөн байцаах газар, манай газрын мөрдөн байцаагч нийлэн шалгаж байгаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шалгаж байгаа нь үнэн. Ийм л мэдээлэл өгөхөөр байна. Хэрэг шалгагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломж алга.

-Онцгой байдлын ерөнхий газрын нөөцийн газрын дарга Батсайхан, Мал эмнэлгийн газрын дарга нарт холбогдох хэрэг юу болсон бэ? Танай дээр шалгагдаж байгаад бас сураггүй болчихсон.
Д.Цоодолсэнгээ: -Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Шинэ хүн учраас.

-Та өмнө нь хаана ажиллаж байсан юм бэ?
Д.Цоодолсэнгээ: -Би дандаа төрийн байгууллагад ажиллаж байсан.