“Авлигын эсрэг хүчин чармайлтад хувийн хэвшлийн оролцоо, санаачилга” сэдэвт уулзалт ярилцлага зохион байгуулагдлаа /2013.01.17/

A- A A+
“Авлигын эсрэг хүчин чармайлтад хувийн хэвшлийн оролцоо, санаачилга” сэдэвт уулзалт ярилцлага зохион байгуулагдлаа /2013.01.17/
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр АНУ-ын Азийн сангаас хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад засаглал ил тод байдлыг дэмжих” төслийн хүрээнд Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сангаас хамтран “Авлигын эсрэг хүчин чармайлтад хувийн хэвшлийн оролцоо, санаачилга” сэдэвт уулзалт ярилцлагыг Чингис зочид буудалд зохион байгууллаа. Уулзалт ярилцлагад Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл болон бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид оролцов.

Энэхүү уулзалтаар бизнес эрхлэлтийн орчин дахь авлига болон төрийн байгууллагын олон шат дамжлага, албан тушаалтны хүнд суртал, хээл хахууль бизнес эрхлэхэд хэрхэн саад тотгор болж, эрсдлийг бий болгож байгаа тухай ярилцаж, цаашид авлигыг бууруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал бодлоо солилцсон юм.

“Монгол Улсад засаглал ил тод байдлыг дэмжих” төслийн талаар товч дурдвал; Улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан тус төсөл илүү ил тод, хариуцлагатай, хууль, эрх зүйн болон зохицуулалтын орчныг бүрдүүлэх замаар ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд чиглэж байна. Төсөл нь Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх үйл ажиллагаа, захиргааны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, улмаар авлигыг хязгаарлан, урт хугацааны тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, түүнчлэн хөгжлийн үр ашгийг нийгмийн бүх хэсэгт хүртээж чадах ардчилал, сайн засаглалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.