Үндсэн ажлаас гадуур олсон орлого үйл ажиллагааны орлогод хамаарна

A- A A+
Үндсэн ажлаас гадуур олсон орлого үйл ажиллагааны орлогод хамаарна
-Би төрийн захиргааны байгууллагад ажилладаг. Үндсэн ажлаасаа гадуур буюу хувиараа ажиллаж олсон орлогоо Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэх үү. Тухайлбал, үндсэн ажлаасаа гадуур, ажлын бус цагаар ном бичиж, түүнийг борлуулсан орлогоо мэдүүлэх үү, мэдүүлэх бол Хөрөнгө орлогын мэдүүлгийн аль хэсэгт мэдүүлэх вэ?
 
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.С
 
-Үндсэн ажлаасаа гадуур ажиллаж, өөрөөр хэлбэл, ном бичиж, түүнийгээ борлуулж олсон орлого бол энэ нь үйл ажиллагааны орлогод хамаарна.

Үйл ажиллагааны орлого гэж хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан мэргэжлийн үйлчилгээ, үйлдвэрлэл арилжаа эрхэлж олсон орлого, тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг тус тус хэлнэ.

Тогтмол бус үйл ажиллагаанд тухайн хувь хүний хууль ёсны буюу гэрээгээр байнга эрхлэх ажил үүрэгтэй нь холбоогүй, орлогын тогтмол эх үүсвэр болдоггүй ажил, үйлчилгээг хамааруулна. Иймээс ном бичиж, түүнийг борлуулснаас олсон орлого нь тогтмол бус үйл ажиллагааны орлогод хамаарах бөгөөд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Бусад орлого” гэсэн хэсэгт мэдүүлнэ.

 
Авлигатай тэмцэх газар