Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахтай холбоотой асуулт, хариулт

A- A A+
Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахтай холбоотой асуулт, хариулт
Асуулт:
-Хөрөнгө, орлогын мэдүүлгээ ямар хугацаанд албан тушаалтнууд гаргаж өгөх вэ?
Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Батбаяр

Хариулт:
-Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу мэдүүлэг гаргагч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчилэн гаргаж өгөх үүрэгтэй. Үүний дагуу албан тушаалтнууд 2009 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 02 сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлэх ёстой.

Асуулт:
-Би 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс жирэмсний амралтаа авч байгаа. Би урт хугацааны чөлөө авч байгаа учраас хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлэхгүй байж болох уу?
Хан уул дүүргийн иргэн Г.Эрдэнэчимэг

Хариулт:
-Таны хувьд эхлээд 2009 онд бүтэн ажилласан учраас 2009 оны мэдүүлгээ мэдүүлэх ёстой. Мөн жирэмсний амралтаас гадна урт хугацаагаар сургалтад хамрагдах, эмчлүүлэх гэх мэтээр 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш чөлөө авч байгаа албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ заавал мэдүүлнэ.

Асуулт:
-Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй, санаатай худлаа мэдүүлбэл албан тушаалаас нь халах, түдгэлзүүлэх, огцруулах үндэслэл болох тухай заасан. Энэ арга хэмжээг хэн хэрэгжүүлэх вэ?
Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтан Х.У

Хариулт:
-Албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь өгөөгүй, санаатай худал
мэдүүлсэн талаарх мэдээлэл ирвэл Авлигатай тэмцэх газар шалгаж тогтооно. Хэрэв Албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь өгөөгүй, санаатай худал мэдүүлсэн нь тогтоогдвол тухайн албан тушаалтантай хариуцлага тооцох асуудлаар үндэслэл, дүгнэлтийг Авлигатай тэмцэх газар гаргана. Авлигатай тэмцэх газраас өгсөн үндэслэл, дүгнэлтийг хүлээж авсан тухайн албан тушаалтны харъяалах дээд байгууллага, эвсэл удирдах албан тушаалтан нь хуулийн дагуу хариуцлага тооцох юм.

Асуулт:
-Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хаана гаргаж өгөх вэ?
Баянгол дүүргийн иргэн Б.Энхбат

Хариулт:
-Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллага, албан тушаалтанд дараахь байдлаар гаргаж өгнө.
Төрийн өндөр албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт;
Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн, сонгуулийн тойргийн хороо Улсын Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хороонд;
Улсын дээд шүүхээс бусад бүх шатны шүүхийн шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлд;
Засгийн газраас томилогддог албан тушаалтан Төрийн албаны зөвлөлд;
Бусад албан тушаалтаны хувьд түүнийг томилсон, эсвэл удирдах эрх бүхий албан тушаалтанд гаргаж өгдөг.

Асуулт:
-Хөрөнгө, орлогоо мэдүүлсэн байдлыг Авлигатай тэмцэх газар шалгадаг. Ямар үндэслэлийн дагуу шалгалт хийдэг юм бэ?
Увс аймгийн ИТХ-ын ажилтан Н.Х

Хариулт:
-Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсвэл эх үүсвэрийг нь заагаагүй буюу түүнийг хэрхэн олсон талаар тайлбар өгч чадаагүй бол Авлигатай тэмцэх газар тухайн мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгадаг.
-Түүнчлэн АТГ шаардлагатай тохиолдолд хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар өөрийн санаачилгаар аливаа өргөдөл, гомдол мэдээллийн мөрөөр шалгалт явуулдаг.