Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр албан бичиг хүргүүлэв

A- A A+
Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр албан бичиг хүргүүлэв

Авлигатай тэмцэх газраас Говь-Алтай аймгийн болон тус аймгийн Есөнбулаг сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, зарим агентлагийг хамруулан нийт 149 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянав. 

Хяналт шалгалтаар хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой этгээдийн талаар, мөн хөрөнгө, зээл, хадгаламж, дансны үлдэгдлийг мэдүүлээгүй, эх үүсвэрийг тодорхой тайлбарлаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрлээ. Аймгийн хэмжээнд 2014 онд албан тушаалд томилогдсон ч 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаагүй 7, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хянуулалгүй нийтийн албанд томилогдсон 33 албан тушаалтан байгаа нь ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл юм. 

Тус аймгийн ИТХ-ын 10, Есөнбулаг сумын ИТХ-ын 14 төлөөлөгч 2013, 2014 оны хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн нь авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчжээ. Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасныг анхаарч ажиллах, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулж, авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдэхийг хүссэн албан бичгийг Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга А.Дэлгэржаргал, Засаг дарга О.Амгаланбаатар нарт хүргүүллээ. 

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, албан тушаалтны мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны болон 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цаасаар буюу цахимаар мэдүүлсэн, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай” мэдэгдэл, тайлбарыг гаргасан, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсан, тэдгээрийн шийдвэрлэлтийн байдлыг хянан шалгах ажиллагаа үргэлжилж байна.