АТГ 2015 оны 5 дугаар сард: Нийт 43 байгууллагын 801 албан тушаалтны мэдүүлгийн бүрдүүлэлтийг хянав

A- A A+
АТГ 2015 оны 5 дугаар сард: Нийт 43 байгууллагын 801 албан тушаалтны мэдүүлгийн бүрдүүлэлтийг хянав

Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас хяналт шалгалт, мэдүүлгийн бүрдүүлэлтийн чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлье. 

  • Говь-Алтай, Увс, Булган аймгийн ИТХ, түүний ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Архивын ерөнхий газар, Оюуны өмчийн газар зэрэг нийт 43 байгууллагын 801 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт бүрдүүлэлтийн хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, хуулийн хэрэгжилтийг хангах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллав. 
  • Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргах үүрэгтэй шинээр болон дэвшин томилогдсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Гаалийн ерөнхий газрын дэд дарга, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарын 2014 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацааны дотор гаргуулан бүртгэж авав. 
  • Нийт 732 төрийн албан хаагчид “Мэдүүлэг гаргагчийн үүрэг”, “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах”, “Эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”, “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг бөглөхөд анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулав. 
  • Мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим санг боловсронгуй болгох, судалгаа, дүн шинжилгээ хийх чиглэлээр хамаарал бүхий этгээдийн тоон мэдээлэл, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн судалгаа, хөрөнгө, орлогын төрлүүдэд дүн шинжилгээ хийв. 
  • Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу болон төлөвлөгөөт хяналт шалгалтаар Үндэсний аудитын газар, Сонгинохайрхан дүүрэг, Монголбанк, Халдварт өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Өмчийн харилцааны газрын нийт 58 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. 
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 609 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв. 
  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 35 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авсан бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад шийдвэрлэлтийн тоо нэмэгдсэн төдийгүй чанарын үзүүлэлт дээшилсэн байна.