Н.Ганболд: АТГ цаашид ажиллах боломжгүй болж байна

A- A A+
Н.Ганболд: АТГ цаашид ажиллах боломжгүй болж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр 09.00 цагаас эхлэн таслалтгүй хуралдаж 20.30 цаг хүргэв. Байнгын хорооны ихэнх цагийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга эзэлж, УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан. Гишүүд хуралд идэвхтэй оролцож, нэлээд ажил хэрэгч хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Ойрын үед хүмүүсийн анхаарлын төвд байгаа нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Тус хуулийн төслийг өмнө нь гаргасан дарааллаар хамгийн сүүлд хэлэлцсэн. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэдэг шиг АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд хүлээлгийн танхимд лав л 12.00 цагаас хойш албаны хуулиа уншиж хүлээсэн. Учир нь, Н.Алтанхуягийн өргөн барьсан хуулийн төслөөр чиг үүрэг, хавтаст хэрэг, алба хаагч, харъяалах гэмт хэргийг нь АТГ, цагдаагийн байгууллагад өгч, байгууллагыг нь татан буулгасан Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин байгуулах юм. Түүнчлэн АТГ-т харъяалан шалгадаг 10 гэмт хэргээс хээл хахууль өгөх, авах зуучлах гэмт хэргийг үлдээж, үлдсэн долоог нь цагдаагийн байгууллагад өгөх төсөлтэй. Ингээд Хууль зүйн байнгын хороогоор хамгийн сүүлд хэлэлцсэн асуудлыг төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг танилцуулж, гишүүд цааш юу ярьсныг бүрэн эхээр нь хүргэе.

Н.Алтанхуяг:

-2002 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баталж, шүүх, цагдаа, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, прокурорын үйлдсэн гэмт хэргийг шалгадаг тусдаа механизм бий болгох үүднээс УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг байгуулсан. Монгол Улс 12 жил энэ механизмыг туршиж нэлээд амжилттай явж байсан. Харамсалтай нь, 2014 оны нэгдүгээр сард хуульд өөрчлөлт орсноор УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг татан буулгаж, чиг үүргийг нь АТГ, цагдаад тарааж өгсөн. Ингэснээр өнгөрсөн нэг жил зургаан сарын хугацаанд Монгол Улсад хүний эрхийг ноцтой зөрчих, хууль хяналтын байгууллагынхны үйлдэж буй хэргийг харьяалах газаргүй болсон. Цагдаа цагдаагаа байцаах зөрчилт байдалд хүрсэн. Социализмын үед ч цагдаа цагдаагаа байцаах зүйлгүй, адилхан нэгнээ мөрддөг боломж байхгүй учраас үүнийг тусад нь гаргасан юм байна. Өнгөрсөн жил хагасын хугацаанд энэ алдаатай үйлдэл байсан нь нотлогдсон учраас буруу механизмыг засч, залруулах зорилгоор хоёр зүйлийг хийсэн байгаа. Нэгд, хуучин байсан УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг буцааж байгуулъя. Хоёрт, АТГ-т харъяалуулах болсон олон хэргээс заримыг нь цагдаад шилжүүлье гэсэн.

Би энэ хуультай холбоотой олон зүйл судалж үзлээ. Үүнийг нэг байгууллагатай ноцолдож буй мэтээр сонин хэвлэлээр зохион байгуулалттай миний эсрэг суртал нэвтрүүлэг явуулж байгаа. Тийм биш гэдгийг олон нийтэд хэлье гэж бодож байна. Ер нь бол Монгол Улсын төрийн тогтолцоонд хор хохирол учруулахуйц, цаашид даамжраад явбал Монголын нийгмийн айдас хүйдэст автуулахуйц, хэнийг ч хэзээ ч гэсэн барьж аваад шорон гяндангаар айлгаад байдаг тогтолцоо бэхжих суурь тавигдсан учраас өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Нэг жишээ хэлж өгье. 1933 онд одоогоос 82 жилийн өмнө Дотоодыг хамгаалах газар гэж байсан. ДХГ дээд эрх баригчид болон цэргийнхнийг дайчлан баривчлахдаа удирдлагатай нь зөвшилцдөг дүрэмтэй байсан. Түүнийг 1936 онд буюу гурван жилийн дараа хүчингүй болгосон. Ингэнгүүт их хэмжээний эрх мэдэл ДХГ-т очсон. Ингээд Монголын хамаг том лам нарыг баривчлах ажиллагааг эхлүүлсэн. Тэд Монголын хамгийн сор болсон 21 толгой ламыг баривчилж бүтэн жил тамлаж байцаасан. 1937 онд эднээс 19-ийг нь буудаж алсан. Энд их ноцтой асуудал үүсч байгаа. Юу гэхээр тэр үеийн Чойдогсүрэн прокурор “Энэ лам нарын хэрэг бол хэрэг биш байна. Энэ хэргийг мөрдөн байцаалтад буцаая” гэсэн. Тэгэхэд нь ДХГ-ынхан “Прокурорынхон хувьсгалын эсэргүүтэй тэмцэхэд саад хийж, эсэргүү нарыг өмгөөлж хамгаалж байна” гэсэн. Өнөөдөр яг энэ байдал давтагдаж байна. Би өнөөдөр хувь хүнийхээ хувьд эсэргүү нарыг хамгаалмаар байна. Монголчуудаа хамгаалмаар байна. Ийм махны машиныг зогсоох цаг болсон. Олон хүн хэлмэгдэж байх шиг байна.

Намайг Ерөнхий сайд байхад миний нүдэн дээр компанийн захирлыг эхнэртэй нь, орлогч захирлыг эхнэртэй нь, дахиад 16 хүнийг нэг өдөр шоронд хийсэн. Энэ бол буруу үзэгдэл тогтож байгааг нотолж байгаа зүйл. Тэгэхээр энэ бүхнийг бага дээр нь, жил хагас болсон дээр нь хурдан залруулмаар байна. Өнөөдөр бизнес эрхлэхэд ямар ч боломжгүй боллоо. Мөнгө гарч ирсэн бүх хүнийг мөрддөг, мөшгөдөг, шоронд хийж байгаад хэргийг нь хүлээлгэдэг тогтолцоо явж байна. Тийм учраас УИХ-ын гишүүд минь, та бид төр барьж байгаа юм бол иргэд, баялаг бүтээгчдээ, төрийн алба хаагчдаа хамгаалах цаг ирж. Хэрэг хийсэн хүний тухай би яриагүй байна. Дахиад хэлэхэд, прокурорынхон Чойдогсүрэн гэдэг хүнийг жилийн дараа буудчихсан юм билээ. “Хувьсгалын эсэргүүтэй тэмцэхэд саад болоод байна” гэдэг ДХГ-ынхны үг өнөөдөр хэдэн хүний үгтэй таараад байгаа юм. Засаад уншъя, “Н.Алтанхуяг аа чи хувьсгалын эсэргүүтэй тэмцэхэд саад болж байна” гэж.

Эрхэм гишүүд ээ, энэ хуулийн төсөлд буруу зөрүү зүйл байвал засч янзлаад гаргая. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүний кнопын эрхийг барьцаалдаг үйлдэл хүртэл гарч эхэллээ. Н.Алтанхуяг гэдэг хүний зүгээс ямар нэг зүйл бодсон юм алга. Ер нь Монголын төрийн нэр хүндийг унагааж, тэнд байгаа хүмүүс гэмтэн, авлигач, хулгайч, дээрэмчин болгож харагдуулах кампанит ажил сүүлийн 2-3 жил өрнөж байна. Үүнийг яс махаараа мэдэрсэн хүн нь би. Ийм учраас ганцаараа хуулийн төслийг өргөн барьсан. Өөр хүмүүсийг хөлдөө чирмээргүй байсан. Хуулийн технологийн явцад анхаарах зүйл байгаа юм билээ. Д.Дорлигжав сайдын өргөн барьсан хуультай давхцах, сүлэлдэх зүйлс байгааг анхаарч, шийдээрэй. 1937 оны хэлмэгдүүлэлтийг давтахгүйн төлөө оюун ухаанаа уралдуулж, алдаа завхралыг засахад нэмэр болно гэж найдаж байна.

З.Баянсэлэнгэ:

-Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан хуулийн төсөл бодит амьдрал дээр урган гарсан асуудал гэж харж байгаа. Энэ бол манай УИХ-д ч, нийгэмд ч яригдаж буй үзэгдэл. Гажуудсан үзэгдлийг засах ёстой. Хуулийн төсөлд санал өгсөн байгууллагууд УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг хангалтгүй ажиллаж байсан гэсэн дүгнэлт өгсөн байна. Авлигатай тэмцэх гэдэг бол миний бодлоор хууль хэрэгжүүлнэ гэсэн үг. Тэд хууль санаачлагчийн төсөлд үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь зөв үү, буруу юу. Дээр нь, авлига, албан тушаалын хэргийг яагаад цугт нь авч үзээд байгаа юм бэ. Нягтлан, нярав, бизнес эрхлэгчдийн асуудал АТГ-т шалгагдаж байх жишээтэй. Авлига, албан тушаал хоёр тусдаа ойлголт.

Н.Ганболд:

-Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хуулийн төсөл, тогтоолын төсөлдтэй бид анхааралтай танилцсан. Тэгээд дэмжих боломжгүй байна гэдгээ тодорхой хууль тогтоомжийг судалсныхаа үндсэн дээр хариуг нь өгсөн. Хуулийн тухай хуульд, аливаа хууль боловсруулахдаа гарах үр дагавар, хүрэх үр дүн, шалтгаан нөхцөлийг маш тодорхой тусалдаг. Гэхдээ бид хууль тогтоогчийн эрх хэмжээнд халдаагүй гэж үзэж байна. Энэ дээр зөвлөх маягтайгаар тодорхой хариултуудыг өгсөн. Тухайлбал, УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг дахин байгуулахад тэнд байгаа мөрдөн байцаагч нар авлигын хэргийг шалгах нөхцөл нь байна уу, үгүй юу. УИХ-ын дэргэдэх байгууллагын мөрдөн байцаагч, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаагч хоёрын эрх зүйн чадамж өөр болчихож байгаа юм аа. Олон талаас нь нөлөөлөх боломж бий болдог. Үүнийг практик ажил хийж байгаа хүний хувьд би тэгж ойлгож байна. Нөгөө талаар, АТГ-ын харъяалалд ЭБШХ-иар 10 зүйл анги байдаг. Төрийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, төрийн бус нэгжийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүй хөрөнгөжих, хээл хахууль өгөх, авах, зуучлах, мөнгө угаах гэсэн гэмт хэргүүд. Энэ дотроос албан тушаалын буюу авлигын гэж томъёолдог төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх замаар бусдад давуу байдал олгож хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх эс үйлдэл, үйлдлийн хор хохирол маш том. Үүнийг аваад хаячихаар АТГ Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд боломжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл АТГ хээл хахуультай тэмцэх байгууллага болж хувирч байгаа юм. АТГ цаашид ажиллах боломжгүй болж байна. Ийм нөхцөл байгаа.

З.Баянсэлэнгэ:

-АТГ сүүлийн үед улс төрийн томилгоонд оролцдог болсон. АТГ зарим сайдыг томилох болохоор 30 минутын дотор шийдвэр нь гараад заримд нь болохоор ажлын 10 хоногт шийдвэр нь гардаг. Худал ч хүнд нэг минутын дотор гаргаж байх жишээтэй. Төрийн албаны зөвлөлийн өмнөөс ажил хийдэг болсон чинь үнэн шүү дээ, та нар. Та өөрөө гарын үсэг зураад явуулсан байна лээ. Хэрээс хэтэрсэн зүйл хийж байгаа. Урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлаа хийх ёстой шүү дээ. Уг нь тэгж байгуулагдсан шүү дээ. Гэтэл өнөөдөр хадны хар мангаа шиг бүх хүнийг намнаж байна.

Н.Ганболд:

-Сонирхлын зөрчлийн хуульд төрийн албанд томилогдож буй нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг заавал хянуулдаг. Цаг үеийн байдлаас болж бид түргэн шуурхай хийсэн юм бий. Уг нь бол ажлын 10 хоногт багтаах ёстой. ЗГХЭГ-ын дэд дарга дээр Засгийн ажил түргэн шуурхай явах хэрэгтэй байна гэсэн. Үүн дээр нэр дэвшиж байсан зарим хүн төрийн албанд тухайн салбартаа ажиллаж байсан улсууд бий. Тэрийг дахиж хянах шаардлага байгаагүй. Зарим шинээр томилогдож байгаа хүмүүсийн мэдүүлгийг ажлын 10 хоногт багтаан хянасан. Сонирхлын зөрчлийн хуулиар тухайн албан тушаалд томилогдож буй хүний боловсрол, заримынх нь хамаарал бүхий этгээдтэй ойрхон ажиллах, барилгын том компанитай хүн Барилгын сайд, төрийн нарийн бичиг болох асуудал төвөгтэй. Ийм асуудлуудыг судалж дурдаад томилж болохгүй гэж бид бичдэггүй. Харин ийм сонирхлын зөрчлийн асуудал байгаа учраас та бүхэн анхаарна биз гэдэг байдлаар гарын үсгээ зураад явуулдаг юм аа.

Ц.Оюунбаатар:

-Прокурор дэргэдээ бие даасан Мөрдөн байцаах албатай байхдаа хуулийн байгууллагынхны үйлдсэн гэмт хэргийг бууруулах боломж байсан юм аа. Гэвч намаас үүрэг өгсөн юм шиг УИХ-ын гишүүд маш хурдтай шийдээд УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг байхгүй болгосон. Би бол УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг буцааж байгуулах ёстой гэж боддог. АТГ-ын шалгасан хэрэг өөр дээр нь, эсвэл прокурор дээр дарагддаг гэсэн хардалт их байгаа. Тэгэхдээ манай УИХ-ын гишүүд ойлгох ёстой, хэрэг мөрдөнө, илрүүлнэ гэдэг асар хүнд. Хоёр талтай авч үзэх ёстой шүү. Авлига манайд хавтгайрсан нь үнэн. Гаднын бондын мөнгө, тендерийг фракц, олигархиудад ойрхон хүмүүс л авдаг. Үүнийг шалгах л ёстой: АТГ-ын хийж байгаа зөв зүйлүүд бий. Харамсалтай нь улстөрийн юм уу, том дарга нарын нөлөөлөлтэй хэд хэдэн хэрэгтэй хутгалдсанаас болж АТГ-ын нэр хүнд нэлээд гуйвж байна. Үүнийг шийдэх ёстой. Дээр нь хөрөнгө орлогын мэдүүлэг гэж худлаа цаастай ноцолддог. Гол хүмүүс нь хөрөнгөө гадаадад гаргаад тавьчихдаг. ХОМ-тээ бичдэг ч үгүй, бичээгүйн хариуцлага ч байхгүй. Гараашаа мартсан энэ тэрхэнтэй ноцолдож, энэ нь авлигатай тэмцэх үйлд нь дараа болж байгаа юм л даа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хуулийн төсөл өргөн барьж байгаа нь өөрийнх нь бүрэн эрх. Гэхдээ тодорхой хүмүүс АТГ-т шалгагдаж байгаа. Энэ хэргийг АТГ яагаад шуурхай шалгаагүй юм бэ. Ерөнхий сайд байхдаа энэ хүн нөлөөлөөд байсан юм уу. Тэр хүнийг ЗГХЭГ-ын дэд дарга байхад нь, чөлөөлөгдөж байхад нь шалгаагүй. Хэчнээн олон сарын дараа Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас өөрчлөгдсөний дараа шалгаж байгаа нь хардлага дагуулаад байхгүй юу. Өөрөөр хэлбэл, улс төрийн албан тушаалтны нөлөөлөл, хамаарлаас шалтгаалж танайх хэрэг шалгадаг юм уу. Ийм нөлөөлөл байгаа эсэхийг ний нуугүй энд ярих ёстой. Ер нь тэгээд хуулийн байгууллагын хэдэн ажилтантай зууралдах хэрэг юу байгаа юм бэ. Хийх хангалттай их ажил танайд байгаа. Төсвийн мөнгө, бонд, хөрөнгө оруулалт хаашаа явж байгааг танайх шалгах үүрэгтэй. Хорьдог чинь буруу. Амарсайхан гэдэг хүн нас барьсны дараа танайх олон хүнд хариуцлага тооцох ёстой байсан. Н.Энхбаярын хэрэг үндсэндээ хэрэг биш байсан.

Н.Ганболд:

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа бидэнд, надад ямар нэг дарамт учруулаагүй. Г.Дэнзэнтэй холбоотой тендерийн асуудал яригдаад больсон. Тендер нь зогссон учраас бид цааш нь шалгах шаардлага байгаагүй. Гэтэл шүүхээр асуудал явж байгаад, бүтээгүй тендерийн төлөө 4.5 тэрбумыг шүүхээр гаргуулаад төлбөр маягийн зүйл авсан байгаа. Иймээс шалгах шаардлага гарч прокурорт танилцуулж зөвшөөрөл авсан. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудал байгаа. Хууль хүчний байгууллагууд тодорхой чиг үүрэгтэй. Амарсайхан гэдэг хүний асуудал дээр хэлэхэд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага таслан сэргийлэх арга хэмжээ авч тусгаарласан хүмүүсийг тодорхой дэглэмээр байрлуулж, эрүүл мэнд аюулгүй байдал, гадна дотогшоо оргож босох асуудлыг хариуцдаг. Тэр үед Амарсайхан гэдэг хүний хэргийг шалгаад шүүгчийн мэдэлд шилжсэн байсан. Хорих, таслан сэргийлэх эрх мэдэл шүүгчид байсан. Эрүүл мэндийн асуудал нь ШШГЕГ-ын эмнэлгийн албаны мэдэлд байсан. Үүнийг Баянгол дүүргийн мөрдөн байцаах тасаг дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Шаардлагатай бол намайг шалгах л байсан байх. Ямар нэгэн хариуцлага байвал би хүлээхэд бэлэн байна. Гэхдээ хариуцлага нь надаас дэндүү хол байгаа юм. Бид УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албаны хэрэгтэй зууралдсан хэрэг биш. УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албанд хууль хүчний байгууллагын авлигын хэргийг шалгаж байсан. Иймээс манайд шилжүүлсэн гэж ойлгодог. Хуулийг өөрчилсний маргааш ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржавын тушаал гарч, УМБГ-т тусгай субьектүүдийн хэргийг шалгах тусгай хэлтэс байгуулсан. Энэ хэлтсийн даргаар өмнө нь УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албаны даргаар ажиллаж байсан хурандаа Баатарыг томилсон.

Ө.Энхтүвшин:

-Та түрүүн “Бид нар авлигатай тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй болно. Зөвхөн хээл хахуультай тэмцдэг болчихно” гэж хэллээ. Тэрийг тодруулж өгөөч. Хоёрдугаарт, танайд УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албаны чиг үүрэг шилжиж ирснээс хойш хэчнээн хүнтэй холбоотой хэдэн хэргийг шалгаж шийдвэрлэсэн байна. Энэ нь УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албанд байснаасаа өссөн үү, буурсан уу. Сүүлийн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та бүхэнд хандаж, “Хилийн хоригийг хавтгайруулж битгий аваач” гэсэн. Дараа нь УИХ-ын дарга, “Хуульд олон боломж байхад ганцханыг нь ашиглаж битгий хориоч” гэсэн. Энэ бол юм хэмжээнээсээ хэтрээд байгаа учраас хэлсэн үг гэж ойлгож байгаа. Үүний дагуу байдал яаж өөрчлөгдсөн бэ.

Н.Ганболд:

-Хууль санаачлагчийн төслөөр бол АТГ-ын харъяалдаг гурван хэргийг үлдээсэн. Хээл хахууль өгөх, авах, зуучлах. Боломжгүй болчихлоо гэдэг ийм учиртай. Юун дээр үндэслэв ээ гэхээр, Авлигын эсрэг хуульд манай байгууллагын хараат бус байдлыг баталгаажуулсан нэг зүйл заалт байгаа. Хуулийн 15.3-т, АТГ-ыг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, түрүүн хэлсэн 10 гэмт хэрэг нийлж байж авлига гэдэг хэв шинжийг үүсгэдэг. Хээл хахууль бол авлигын нэг л хэрэгсэл нь. Албан тушаалаа ашиглаж байж авлига гэдэг асуудал яригдах учраас би тэгж хэлсэн. Хилийн хорионы асуудлаар Ерөнхий сайд асуулга тавьсан. Монгол Улсын хэмжээнд тухайн үед 300-аад хүнд хилийн хорио тавьсан байсан. Үүн дотроос манай байгууллагатай хамааралтай 20 хүн, үүнд дотроо дөрөв нь гадаадын хүн байсан. Тэр дөрөв нь БНХАУ-ын иргэд байсан бөгөөд хээл хахууль өгч авалцсан үндэслэлээр гадуур шалгагдаж байсан. Хорихоос өөр төрлийн асуудлыг бид ойлгож байгаа. Өнөөдрийн хэмжээнд 468 хүн ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хоригдож байгаа. Манай байгууллагын саналаар тэнд дөрвөн хүн байгаа. Гурван эрүүгийн хэрэгт дөрвөн хүн цагдан хоригдох арга хэмжээ авагдсан. УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах алба байгуулагдсан цагаасаа буюу 2002-2013 оны арванхоёрдугаар сар хүртэл ажиллахдаа нийт 7000 гаруй өргөдөл гомдол, 4000 гаруй хэрэг шалгасан байна лээ. Энэ дотор зодоон цохион гэх мэт ахуйн хэргүүд ихэнх нь. Яг авлигын 42 хэргийг 12 жилийн хугацаанд шалгасан байдаг юм. Манай байгууллага энэ албыг 2014 оны нэгдүгээр сард аваад 2015 оны тавдугаар сар хүртэл 74 өргөдөл, гомдол хүлээж авсан. Үүнээс 40 эрүүгийн хэрэгт холбогдуулж хоёр шүүгч, таван прокурор, 13 цагдаа, дөрвөн тагнуул, энгийн 16 хүн шалгасан. Шүүхээр хоёр хэрэг шийдүүлж, найман хүн ял зэм авсан байгаа. Бусад нь шалгагдах шатандаа яваа гэсэн тоон үзүүлэлт байна. Эдгээр тоонууд бол цэвэр авлигын хэрэгтэй холбогдох асуудал. Хэргийн явц байдлаас шалтгаалж прокурорт санал тавьж хугацаа сунгуулдаг. Одоогийн ЭБШХ-иар нэг жил найман сар шалгаж болдог.

Д.Ганбат:

-УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах алба байхад АТГ-ын алба хаагчид авлига, албан тушаалын хэргээр шалгагдсан тохиолдол хэд вэ. Танайд энэ чиг үүрэг шилжсэнээс хойш АТГ-ын хэдэн хүн шалгагдаж байгаа вэ. Ямар нэг шийтгэл авсан тохиолдол байгаа юу.

Н.Ганболд:

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд цэвэр авлигын хэрэгт шалгагдсан хүн АТГ-аас байхгүй. Албан тушаалаа урвуулж, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэдгээр гурван хүн ял шийтгүүлсэн.

Үүний дараа Хууль зүйн байнгын хорооны гишүүд үг хэлэв.

Ц.Оюунгэрэл:

-Би Н.Алтанхуяг гишүүний санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаа юм. Хүний эрхийн үндэсний комиссын 2014 оны тайлан эрүүдэн шүүлтийн талаар гарсан. Эрүүдэн шүүлтийн процесс АТГ-т УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг нэгтгэснээс хойш Монгол Улсад нэмэгдсэн байна гэдэг дүгнэлтийг ХЭҮК гаргасан. Үүнийг уншаад маш их түгшүүр төрсөн. Яагаад ийм байдлыг бий болгочихов оо гээд өөрсдөө хүртэл цочирдсон. Ганцхан цагийн дотор УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг татан буулгаж АТГ-т нэгтгэсэн. Энэ бүхний үр дүнг тооцолгүй өөрсдөө кнопоо даралцсан учраас үнэхээр гэмшсэн. Тийм учраас алдаагаа засах боломж олгосон хуулийн төсөл орж ирж байгаад баярлаж байна. Эрх мэдлийг нэг газарт төвлөрүүлснээрээ хүн бүхний мэдээллийг цуглуулж гүйцэтгэх ажил явуулдаг, хуулийн байгууллагынхнаа давхар дарамталдаг болгож АТГ-ыг 1937 оны Онцгой бүрэн эрхт комисстой төстэй болгосон. Сүүлдээ өмгөөлөгчийн өмгөөлөх эрхэд халддаг болсон. Өмгөөлөгч нар АТГ-ын дарамтыг дийлэлгүй үйлчлүүлэгчээсээ татгалздаг боллоо. Энэ бол ардчилсан оронд байж болохгүй явдал. Нэг бол бид АТГ-т хэтэрхий их эрх мэдэл төвлөрүүлсэн байна эсвэл АТГ эрх мэдлээ буруугаар ашиглаж байгааг нотлоод байна. Сүүлийн үед 461 дүгээр ангид хүний эрх дээрдсэн байдалтай гардаг байсан. Гэтэл 2014 оны тайланд дордсоноор гарч ирсэн. Тэнд байцаалт авах, гүйцэтгэх ажил явуулах, өмгөөлөгчтэй уулзуулахгүй байдал нэмэгдсэн. Үүнд АТГ хүч түрч нөлөөлсөн байгаа юм. АТГ бусад хууль хүчнийхнийгээ хүний эрхийг зөрчиж байна уу гэдгийг шалгах байтал өөрсдөө энэ байдлыг манлайлагч байдал болж хувирсан. Ийм учраас хүний эрхийн талаас харж УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг байгуулъя. Ингээд 2015 оныхоо хүний эрхийн тайланг одоогийнхоос дээрдүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол манай УИХ түүхэнд хараар бичигдэх гээд байна. Бидний гаргасан шийдвэрийн дараа хүний эрх доройтсон нь ичмээр асуудал болж байна.

З.Баянсэлэнгэ:

-Энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаад баярлаж байна. АТГ бол Үндсэн хуулийн бус байгууллага. Тэгсэн мөртлөө УИХ-аас байгуулагддаг байгууллагатай ижил статустай явж ирсэн. Энэ байгууллагыг Засгийн газраас тусдаа болгоод тавьчихаар эрх мэдлийн хуваарилалт зөрчилдөөд байгаа юм. Хууль хэрэгжүүлэх асуудал Засгийн газартаа, хяналтаа тавих асуудал шүүхдээ байж, шүүхээ хараат бусаар ажиллуулах нөхцөлийг бид бүрдүүлэх ёстой. АТГ-ынхан хүнийг 461 дүгээр анги, Төв аймгийн мөрдөн рүү дамжуулж хорьдог. Энэ бүхнийг хараад л сууж байдаг, та нар. Н.Энхбаяр даргыг хэвлэх үйлдвэрийн балгасыг эзэмшсэн, завшсан гэж ял өгсөн биз дээ. Газрын өмчлөлийг шалгахаар нийслэлийнх юм билээ. Нийслэлийн газрыг яагаад хүн идээд шоронд явчихсан юм бэ. Би бүр гайхаад байгаа. Зүйлчлэлийг та нар хийдэг. Би чуулганы хуралдаан дээр ноцтой асуудал дэлгэнэ. Хүмүүс хуулийн мафийн сүлжээ танайд үйлчилж байна гэж ярьж байна. Эгээ л үг хэлэх эрхтэй тулдаа бид яваад байна. Манай УИХ-ын гишүүдийн 70-80 хувь нь барьцаалагдсан шүү дээ.

Л.Болд:

-Энэ парламентаар баталсан хуулиа зөв, бурууг нь ялгах цаг болсон. Түрүүн ноцтой баримт дэлгэнэ гэж З.Баянсэлэнгэ гишүүн хэллээ. Надад ч тийм баримт бий. Цаг нь болохоор хуулийн байгууллагад хандана гэж бодож байгаа. Монгол Улс бол ардчилсан орон гэдгийг энэ дээр харуулчихмаар байгаа юм. Нэг талаар авлигатай тэмцэнэ гэдэг маш зөв. Энэ бол Монголын төрийн нэн тэргүүний зорилт. Нөгөө талд нь авлигатай тэмцэнэ гэдэг нэг хэсэг улс төр, бизнесийн бүлэглэлийн нөгөө хэсэгтэйгээ тэмцдэг арга хэлбэр биш. Үүнээс болж нийгэмд амьдралдаа итгэх итгэлгүй болох, шударга ёсыг уландаа гишгэдэг хүсээгүй үр дүн гарна. УИХ энэ хуулиар асуудлыг зөв гольдрол руу оруулах сайхан бололцоо гэж харж байгаа. Албан тушаал эрхэлж, төрийн мөнгийг захиран зарцуулж байгаа нөхцөлд хардуулах ёстой. Нөгөө талд иргэн бүр хардаж байх ёстой. Үүнийг аль аль талд хэрэгжүүлж байгаа газар нь АТГ. Гэхдээ АТГ-ын ажиллаж байгаа арга механизмыг эргэж харах ёстой. Орчин үеийн нийгэмд буудаад алж чадахгүйгээс хойш хүнийг дахин төрийн албан очуулахгүй байх маш том шийтгэл. Хүнийг гэмт хэрэгт шалгаж болдог юм бол гэм буруугүй хүнийг цагаатгадаг үйл ажиллагаа давхар байх ёстой. Гэмгүй гэдгийг нь хэн ч зарладаггүй. Тэгээд тэр тухай интернэтээр хайхаар нөгөө хүний талаар дан сөрөг мэдээлэл байдаг. Герман бол гэм буруугүй нь тогтоогдсон хүний талаарх бүх сөрөг мэдээллийг интернэтээс устгуулдаг юм билээ. Энийг манайд оруулаад ирвэл шударга ёсонд нийцнэ. Анх нь АТГ-ыг байгуулахдаа үнэхээр хэрэгтэй юм байна гэж үзсэн. Нийгэмдээ тохирсон тодорхой үр дүнд хүрэх байгууллагыг бид хүссэн. Бидэнд хүнийг шалгадаг цагдаа, прокурор, тагнуул гээд олон байгууллага байгаа. Гэтэл тэднээсээ илүү хүчтэй байгууллагыг байгуулаад яваад байна. Үүнийгээ цөмөөрөө өөрчилье.

Р.Гончигдорж:

-Н.Алтанхуяг гишүүний хуулийг дэмжиж байгаа. Үндсэн хуулийн маргаан байсан ч яах аргагүй хэрэгтэй гээд УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг байгуулсан. Тэгээд энэ байгууллага АТГ-т очсон. АТГ-ыг би бол авлигын эсрэг соён гэгээрүүлэх байгууллага байгаасай гэж хүсдэг. Угаасаа энэ байгууллагын үндсэн чиг үүрэг энэ. Тэгээд үүн дээр асуудал үүсвэл шалгадаг, мөрддөг байгууллага нь гүйцэтгэдэг байх ёстой. Прокурор бол хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүн таслах ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно. Хоёрт гэвэл, прокурорын байгууллагын үйл ажиллгааг хуулиар тогтооно гэж бий. Тэр үүднээсээ ч прокурорын байгууллагын дэргэд Мөрдөн байцаах албыг байгуулсан нь нийцэж байсан. Үнэхээр АТГ бол Үндсэн хуульд дурдагдсан байгууллага биш л дээ. Тэр агуулгаараа хуулийн өөрчлөлт бидний хүсээгүй үр дагаварт хүргэж болдог юм байна гэдгийг батлаад байна уу даа гэж харж байгаа юм. Бид бол УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг АТГ-ын дэргэдэх байгууллага хэлбэрээр аваачсан. Энэ бол АТГ-ыг өөрчлөн байгуулах харилцаан дээр үүсээгүй. АТГ бол байх ч болно. Харин тэдэнд ямар үйл ажиллагааг эрхлүүлэх, эрхлүүлэхгүй вэ гэдэг өөр харилцаа гэж бодож байна. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргын хувьд над дээр гомдлууд ирсэн. Жишээлбэл, Н.Алтанхуяг тавдугаар сарын 8-нд энэ хуулийг санаачилсан. Ямар нэг байдлаар Г.Дэнзэнг Ерөнхий сайдын хүргэн гэж байсан бол одоо Н.Алтанхуягийн хүргэн гэдгээр овоглож байгаа. Өөрөөр хэлбэл, хэргийг нь шууд хамааруулах байдлаар. Г.Дэнзэн тавдугаар сарын 21-нд баривчлагдаж байгаа юм. Н.Алтанхуяг гишүүний өөрийнх нь ХОМ-т байдаг эзэмшилд 22-нд АТГ-ынхан нэвтэрч байгаа юм. Нэвтэрч орсон үйл ажиллагаатай холбоотой Халдашгүй байдлын дэд хороонд гомдол бичиг ирсэн. Үүнийг бид АТГ-ын зохих албан тушаалтнуудыг байлгаж байж дүгнэлт хийнэ гэсэн бодолтой байгаа. Дараачаар нь Тагнуулын ерөнхий газраас Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас ирж байгаа юм. Уг нь УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар тогтоосон тэр хүрээнд зөвхөн гэмт хэрэг үйлдэж байгаа үед нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд ямар нэг албадлага болон бусад хүч хэрэглэлийг хэрэглэж болохгүй гэсэн заалт байгаа юм. Тэгээд хуулийг өргөн барьсантай холбогдуулаад АТГ-ын албан ёсны веб хуудсан дээр Н.Алтанхуяг гишүүнийг хууль санаачилсантай нь холбогдуулж, түүний хууль санаачлах бүрэн эрхэд нь халдсан тайлбар бүхий “Ажлыг нь хийлгээгүй АТГ-ыг ажилгүй болгохоор шийджээ” гарчигтай нийтлэл гарсан. Энэ бол маш эмзэглэмээр зүйл.

Х.Тэмүүжин:

-Монгол Улсад нөхцөл байдал хүндэрсэн, тийм үйлдлүүдийн тухай хэлэлцүүлэг яриа өрнүүлж байгаагаар дэвшилттэй байна. Гэхдээ бид тэмээ, ямаа хоёроо ялгаж салгах ёстой. Манай ЭБШХ болон хэрэг мөрдөн шалгадаг процессын маань хууль үнэхээр болхи байгаа. Үүнд үйл ажиллагаа явуулдаг хүмүүст дур зоргоороо аашлах боломж нээлттэй байгаа. Хүний эрхийн зөрчил гаргах хангалттай үндэслэл байгаа байхгүй юу. Үүнийг ганц байгууллага руу нялзайсан өнгө аястайгаар хэлэлцүүлэг хөтөлж болохгүй ээ. Манай мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа цагдаа, тагнуул, АТГ ч тэр хэрэглэж байгаа хуулийнх нь болхи байдлаас болоод хүний эрхийн зөрчил гарч байгаа юу гэвэл тийм. Иймээс хүний эрхийн зөрчилтэй холбоотой дүгнэлтийг нэг байгууллага руу чиглүүлээд ярьж эхэлбэл Монгол Улсад авлигатай тэмцэх үйл явц, хүний эрх гэдэг хоёр үнэт зүйл зөрчилдөж эхэлж байна. Үүнийг бид зөв харах ёстой. Үнэхээр шийдье гэж байгаа бол процессын хуулиудаа эргэж харах хэрэгтэй. ЭБШХ дээрээ гүйцэтгэх ажлын хууль бичсэнээсээ болоод бид маш том алдаанд орж байгаа. Эрүүгийн төлөөлөгч эрүүдэн шүүх ажиллагаагаар ямар ч хариуцлага хүлээхгүй эрх зүйн орчинтой болж байгаа учраас АТГ-ынх байна уу, цагдаагийнх байна уу ялгаагүй хуульд захирагдахгүйгээр гэмт хэрэг хийж байгаа. Энэ бол нэг байгууллагын асуудал биш гэдгийг зааглах ёстой. УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах алба АТГ-т шилжсэн түүх хөшигний ард маш эмгэнэлтэй шүү. Хангалттай баримт, үйл явдлыг энэ хэлэлцүүлгийн явцад дэлгэж болно. Энэ бас өөр сэдэв. Энэ бол оператив үйл ажиллагаа явуулдаг арга хэрэгслээрээ прокурор болон АТГ газар ганцаараа биш цагдаа, тагнуулын байгууллагатай зодоон хийсэн учраас сүүлдээ ийм үр дагаварт хүрсэн шүү. Тэгснээс биш өнөөдрийн АТГ-ыг буруутгах үндэслэл ерөөсөө биш. Маш олон хэргийг нэр устай нь прокурор дээр хэрэгсэхгүй болгоод авлига аваад, тэр нь батлагдаад, АТГ-т шалгах гэтэл прокурор АТГ-ын мөрдөн байцаагчдыг өөрийн Мөрдөн байцаах албаараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Ингэж зодоон үүссэнээс болсон шүү. Энэ бол хөшигний ард болсон тусдаа асуудал. Гуя дагаж хүзүү гэгчээр хамгийн том зөрчил нь шүүх, прокурор цагдаа гэх мэтчилэн алба хаагчдын авлигын хэргийг АТГ-т шалгуулахгүй гээд прокурор татаж авснаас болоод дахиад энэ хууль зүйн хэрүүл болж хувирсан. Эндээсээ болоод нэг хэсэг гишүүд санаачилга гаргаад УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг татан буулгаад АТГ руу явуулчихсан. Гэхдээ түрүүн хэлсэн гуя дагаж хүзүү гэгчээр УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албанд байгаагүй төрийн бус байгууллага, ААН-ийн албан тушаал хэтрүүлсэн хэргийг мөнгө угаах гэмт хэрэгтэй цуг шилжүүлчихсэн шүү. Тэр нь өмнө цагдаад байсан. Ингээд цагдаад байсан хэргийг давхар шилжүүлсэн. Энэ мэтчилэнгээр бид алдаа гаргасан. Засгийн газар дээр ямар чиг үүргийг шилжүүлж болохгүй тухай бөөн хэрүүл болж байтал хүчтэй гишүүд санаачилсан хуулиараа түрээд явчихсан. Одоо буцаагаад татахдаа баруунаас зүүн рүү савж байгаа юм. Одоо өгсөн хэргүүдээ шилжүүлж авахаас гадна байсан хэргүүдээ татаж авах нь. Түрүүн АТГ-ын даргын хэлсэн үг тэр байхгүй юу. Угаасаа авлига гэдэг үг дотор ордог хэргүүдээ буцаагаад ийм сагуулж байна. Бид нар голыг нь олох ёстой. Би бол энэ хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Гэхдээ энэ хуулиас илүүтэй ЭБШХ-иа засах ёстой. Тэнд гол асуудал байгаа юм. Хэрвээ энэ хуулийг түрүүлээд баталчихвал дахиад хоёр жилийн дараа АТГ-т энэ эрх мэдлийг эргүүлж өгөх тухай ярина. Яагаад гэвэл, авлигатай тэмцэх бүх юм хүчгүй болно. Зөвхөн хээл хахуультай хэргийг шалгачихаад төрийн албан тушаалтны албан тушаалаа урвуулсан, төсөв зориулалтын бусаар зарсан хэргийг шалгаж чадахгүй болгосон байгууллага нь яаж авлигатай тэмцэх юм. Ийм учраас голыг нь олъё гээд байгаа юм. Хүний эрхийн зөрчлөө нэг байгууллага руу чихэж болохгүй гэж дахин хэлье. Үнэхээр мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүс нь гомдол эрэхээр нийгэмд сонсогдож байгаа болохоос биш жирийн иргэдэд учирч байгаа эрүүдэн шүүх явдал үүнээс ч аймаар байгаа шүү дээ. Ийм учраас энэ хуулийг яг энэ хэлбэрээр нь бол дэмжихэд хэцүү байна.

Ц.Оюунбаатар:

-УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг АТГ-т шилжүүлэх асуудлыг маш богино хугацаанд хурдтай хийгээд явуулсан нь өнөөдөр асуудал дагуулж байна. Мэдээж дээд дарга нарын окей байхгүйгээр ингэж хийгдэхгүй шүү дээ. Цаашдаа иймэрхүү хөнгөн гоомой зүйл хийж, сүүлд нь өөрсдөө асуудалд унадагаа болих хэрэгтэй. Ер нь намын гишүүдийн байнгын гишүүнчлэлийг байхгүй болгохгүй бол мөнхөд улс төрийн ашиг сонирхол, намуудын зөрчил чинь тодорхой бизнес эрхлэгч, албан тушаалтан дээр тусч байгаа шүү. Дээр нь албан тушаалд тавьж байгаа хүмүүс чинь ямар байгаа билээ. Намуудын санхүүжүүлэгч, дагаж давхидаг хүмүүсээ төрийн албанд тавьж, нөгөөдүүл нь төсвийн мөнгөн дээр хүүдэгнэж байна. Ингээд АТГ-т очихоос аргагүй болж байгаа юм. Асуудлыг хоёр талтай ингэж авч үзье. Дээр нь АТГ өөрийн бус юм руу хошуу дүрдэгээ болих хэрэгтэй байна. Татварын хэчнээн хэрэг танайд очсон бэ. Татварын арын өрөөндөө сууж байгаад дүгнэлт гаргуулсан шүү дээ. Тэр байгууллагаас над руу ярьдаг хүмүүс байдаг учраас би сайн мэдэж байгаа. Хаа хамаагүй намын байшин зарсан иргэний гэрээ хэлэлцээрийн асуудлыг танайх хадгалж байгаа гэсэн. Үнэн бол маш л эвгүй юм болно. 500 мянган төгрөгөөр байшингаа өгч авалцаад хоёр тал гарын үсэг зурсан байхад хэдэн жил өнгөрсний дараа тэрийг гаргаж ирж байгаа байхгүй юу. Ийм хэрэггүй зүйлд битгий хутгалдаач ээ. Н.Ганболд дарга туршлагатай, буурьтай хүн, хожмын хойно өөрөө ийм байдалд орох вий. Дээр нь нэг зүйлийг зайлшгүй хэлэх ёстой. Манай улстөрчид, УИХ-ын гишүүд өөрсдөө очиж шалгуулах ёстой байхгүй юу. Байцаалт, тайлбараа өгөх ёстой. Хөрөнгө орлогын нотолгоогоо гаргаж өгч байх ёстой. Энэ бол үүрэг шүү дээ. УИХ-ын гишүүдийг асууж , байцааж болохгүй гэсэн юм байхгүй. Хорьж бол болохгүй. Дээр нь АТГ хурдтай мөрдөх ёстой. Одоо Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл батлагдвал АТГ-ын эрх маш их хумигдана. Олон сар жилээр хорьдог нь байхгүй болно. Хүнийг нэг сар, нэг хоног хорихдоо шүүхээр хэлэлцүүлээгүй бол хохирлыг нь гаргаж өгдөг болно. Манай энэ нөхөд шударга ёс, хүний эрхийн асуудалд их буурьтай хандаж байгаа учраас үүнийг дэмжих байх. Хэн нэгэн хүний эрхийг төр зөрчсөн бол эхлээд хүний хохирлыг барагдуулаад буруутай этгээдээс мөнгөө татаж авдаг болох ёстой. Тэгэхлээр маш хүнд хэцүү нөхцөлд авлигатай тэмцэх ажил хийгдэнэ. Улстөрчдөөс ангид, Монгол Улсын төсвийн хэдэн төгрөгийг, гаднаас орж ирж байгаа хөрөнгийг үр ашиггүй ашиглуулах, шамшигдуулахтай тэмцэх ёстой.

Д.Ганбат:

-Би бол өөр байр суурьтай байна. Прокурорын дэргэд байхдаа ч Мөрдөн байцаах алба хэл амтай байсан. Хэргээ илрүүлж ядаад явахгүй байна гэсэн шүүмжлэл гараад АТГ-т шилжсэн гэж ойлгож байгаа. АТГ-т очоод өнөөдөр харж байхад бас л АТГ-аас нэг ч хүн шалгагдаагүй гэсэн мэдээлэл өгч байна л даа. Тэгэхээр хэр зөв зүйтэй вэ гэж. Прокурорын дэргэд очихдоо мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахын тулд мэдээж хэрэг бааз суурьтай байх ёстой. Хууль эрх зүйн орчныг нь эхлээд сайжруулж байж дараа нь энэ асуудлаа ярьвал яасан юм бэ. Бас л алдаатай юм хийчих вий гэсэн бодолтой байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа яриад Эрүүгийн хуулиа, Зөрчлийн хуулиа батлах шаардлагатай байна гэдэг эндээс харагдаж байна.

З.Энхболд:

-Гишүүд асуудалд ажил хэрэгч байр сууринаас хандах хэрэгтэй. Энэ бол нэг байгууллагыг шүүх ажиллагаа биш. Сайн муу ажилласныг нь шүүдэг янз бүрийн байгууллага тусдаа байдаг. Гомдолтой байгаа бол гомдлоо гаргадаг байгууллага ч байгаа. Прокурорын дэргэд байхдаа тусгай хүмүүсийг шалгадаг тусгай байгууллага байгуулаад, тэр нь ажиллахгүй байсан учраас АТГ-т шилжүүлсэн. Одоо УИХ ямар шийдвэр гаргаж болох вэ гэхээр, тусгай хүмүүс гэдэг ангиллаа авч хаяад ямар гэмт хэрэг хийсэн байна, тэрийг шалгадаг газраар нь шалгуулдаг байх шийдэл гаргавал зүгээр. Гэхдээ хэлэлцэх эсэхийг шийдчихээд энэ хуулийг үзэл санаагаар нь дэмжээд, байх ёстой газарт нь аваачъя гэх санал дээр Байнгын хорооны гишүүд санал нэгдэх байх гэж бодож байна. Нэг хязгаараас нөгөө хязгаар луу бид алдаа хийж болохгүй. Тусгай хүмүүс үүсгээд тусгай мөрдөн байцаагч гаргах тусам илрэхгүй. УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах алба хэрэг илрүүлдэг биш дардаг байгууллага байсан учраас өөрчилсөн байгаа. Тийм учраас субъектээрээ биш хийсэн хэргийнхээ харьяаллаар очих ёстой газарт нь очдог шийдлээр явъя. Энэ нь өөрөө ЭБШХ-ийн нэг л өгүүлбэр байхгүй юу. Тэгэхээр бид Эрүүгийн хуулиа, эрүүгийн процессын хуулиа батална. Тэр шинээр батлагдах хууль дээрээ Н.Алтанхуяг гишүүний санааг тусгах хэрэгтэй. Өнөөдөр бид яаруу сандруу шийдэж болно. Гэтэл одоогийн ЭБШХ шинэ хууль гармагц хүчингүй болчих юм. Тэгэхээр хоёр ажил хийх болчих гээд байна. АН-ын бүлэг дээр миний хэлдгийг агуулгаар нь дэмжсэн байна. Асуудал байгаа ч субьектээр нь аль нэг байгууллагын бөөрөнд наадгаа болих хэрэгтэй гэдгийг дэмжсэн байгаа. Тийм учраас ЭБШХ-ийг өөрчилж гаргахдаа энэ асуудлыг тооцож оруулъя гэдэг үндэслэлээр би дэмжинэ. Харин хойшлуулах бол хэрэггүй байх аа, Д.Ганбат дарга аа.

Д.Ганбат:

Гишүүд асуулт асууж, санал хэлж дууслаа. ЭБШХ-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай, прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулъя. Хуралдаанд оролцсон гишүүд өчигдөр ийнхүү нийтдээ 12 цаг хуралдсан байна. 13 гишүүн саналаа өгснөөс 10 нь дэмжиж энэ санал 76.9 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. 

Эх сурвалж: http://www.itoim.mn/index.php/site/news/961