ИЛ ЗАХИДАЛ

A- A A+
ИЛ ЗАХИДАЛ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ,
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД,
ЕРӨНХИЙ САЙД ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ ТАНАА

Ил захидал

2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх үүрэгтэй учир АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс энэхүү ил захидлыг Та бүгдэд хүргүүлж буйг хүлээн авч анхаарлаа хандуулна уу.

Учирлах нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон Мөрдөх албаны тухай хуулийн төслийг Засгийн газраас эцэслэн боловсруулж УИХ-д өргөн барьж хараахан амжаагүй байхад УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, эдгээрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ оны 6 дугаар сарын 4-ний өдөр санаачилж, Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцүүлээд, улмаар Мөрдөх албаны тухай хууль болон бусад холбогдох хуулийн хамт оруулж ирэх Засгийн газрын чиглэл өгсөөр атал УИХ-ын даргад өргөн барьжээ. УИХ-ын хаврын чуулганаар улс эх орны хувьд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх ёстой төлөвлөсөн хуулийн төслүүд болон бусад чухал тогтоол шийдвэрүүд дэс дараалан хойшлогдон хүлээгдэж байхад УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор энэ долоо хоногт дээр дурдсан төслүүдийг хэлэлцүүлээд амжсан байгаа нь олон нийтийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна. Ийнхүү маш яаравчлан мэдүүлсэн төслүүдийн агуулгыг нь нягтлан авч үзвэл АТГ-ын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг харьяаллын хэргүүдээс хээл хахууль өгөх, авах, зуучлахаас бусад албан тушаалын гэмт хэргийг цагдаагийн байгууллагын харьяалалд, Мөрдөн байцаах албыг Улсын ерөнхий прокурорын газарт тус тус шилжүүлэх тухай ноцтой, өрөөсгөл саналыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гаргаад зогсохгүй УИХ-аар батлуулах эхний алхмыг хэдийнэ хийгээд амжсан байна. 

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дүнд шууд сөргөөр нөлөөлөхүйц энэхүү төслийн үзэл баримтлал нь Монгол Улсын Авлигатай тэмцэх байгууллагын бие даасан хараат бус байдалд хөндлөнгөөс халдахыг илт оролдсон хэрэг гэж бид үзэж байна. Нөгөө талаар хууль санаачлагч нь өөрөө сонирхлын зөрчилтэйд тооцогдохоор байгааг олон нийт сайн мэдэж байгаа билээ. 

Энэхүү өргөн барьсан төслүүд батлагдвал Монгол Улсад бүрэлдэн бий болсон авлигатай тэмцэх тогтолцоог эвдэж, АТГ-ыг татан буулгахтай дүйх ноцтой үр дагаварт хүргэх юм. Хэрэвзээ Мөрдөн байцаах албыг Улсын ерөнхий прокурорын газарт шилжүүлэн байгуулбал Монгол Улсын Үндсэн хуулийн тавин зургадугаар зүйлд зааснаар прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно гэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлал, тодорхой заалтыг шууд зөрчсөн үйлдэл болно гэж үзэж байна. 

Түүнчлэн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг үнэлсэн олон улсын шинжээчдийн өгсөн зөвлөмжийн 15-т “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид заагдсан бүх гэмт хэргүүдийг харьяалан мөрдөн шалгах бүрэн эрхийг АТГ-т олгох. Үүнд ялангуяа, суурь гэмт хэрэг нь авлигын гэмт хэрэг байх, мөнгө угаах болон эд хөрөнгө завших гэмт хэрэг, түүнчлэн сонгуультай холбоотой авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах эрхийг АТГ-т өгөх шаардлагатай” хэмээн тусгасаар байтал Монгол Улс нь уг Конвенцид нэгдэн орсон гишүүн улсын хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээсээ томоохон ухралт хийсэн алхам болно. Авлига нь манай нийгмийн өмнө тулгарсан, олон нийтийн санаа сэтгэлийг түгшээсэн ноцтой асуудал хэвээр байгаа өнөө үед энэхүү асуудалтай тэмцэх бие даасан байгууллагын мөрдөн шалгах эрх, үүргийг хүчгүйдүүлэхэд хүргэх ийм хууль санаачлан УИХ-аар хэлэлцүүлж батлуулах гэж байгаа нь цагаа олоогүй явдал гэж үзэж байна. 

Энэхүү хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаас өмнө олон нийтээр хэлэлцүүлсэн эсэх, ийм явцуу нэмэлт, өөрчлөлт яаравчлан хийх болсон шаардлага үндэслэлийг харуулсан лавлагаа шинжилгээ хийгдсэн талаарх мэдээлэл бидэнд байхгүй бөгөөд ийм ноцтой шийдвэр гаргах ихээхэн ойлгомжгүй үндэслэлийг хууль санаачлагч нь танилцуулахдаа гаргаж тавьсан байна. Авлигын үзэгдлүүд улс төрийн шийдвэр гаргах түвшинд, улмаар үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөс цаг алдалгүй сэргийлэх болсныг өнгөрсөн оны сүүлээр УИХ-ын холбогдох байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр хүлээн зөвшөөрснийг дурдах ёстой гэж үзэж байна. Ийм нөхцөл байдалд илт сонирхлын зөрчилтэй санаа гаргаж, түүнийгээ гүйцэлдүүлэх боломжийг олгох нь цаашдаа улс төрчийн зүгээс хүссэн цагтаа өөрсдийн явцуу эрх ашигт нийцсэн шийдвэрийг төрийн дээд байгууллагаар гаргуулж дураараа авирлаж байх сэдлийг нь улам бүр өдөөж, шударга ёсны тогтолцоог бий болгоход саад учруулах тул Та бүгдийг энэхүү ноцтой үр дагавар бүхий асуудалд зохих анхаарал хандуулна гэдэгт эргэлзэхгүй байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийн агуулга, үзэл баримтлал нь АТГ-ын үндсэн чиг үүргийг хязгаарлаж, хуулиар харьяалуулсан авлигын гэмт хэргийн төрлийг дээр дурдсан байдлаар танах нь авлигын гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах чиг үүргийг үгүй болгосонтой адил болно. Иймд “АТГ-ыг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн УИХ шийдвэрлэнэ” гэсэн Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасны дагуу Та бүгдэд ийнхүү хандаж байна. 

 

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ