Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр Булган аймгийн удирдлагуудын хүсэл зориг хангалтгүй байна

A- A A+
Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр Булган аймгийн удирдлагуудын хүсэл зориг хангалтгүй байна

Авлигатай тэмцэх газрын Булган аймагт ажилласан ажлын хэсэг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн дэлгэрэнгүй судалгаатай танилцаад аймгийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Л.Алтангэрэл нь Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг хавсран гүйцэтгэж буй нь авлигын эсрэг хууль тогтоомжид заасан давхар ажил эрхлэлттэй холбогдох хязгаарлалтыг зөрчиж буй асуудлыг аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт танилцуулж, уг зөрчлийг нэн даруй арилгуулах талаарх албан бичгийг хүргүүлжээ. 

Уг албан бичгийн мөрөөр аймгийн ИТХ-ын даргаас 2015 оны 6 дугаар сард болох ээлжит хуралдаанаар Л.Алтангэрэлийг өөрийнх нь хүсэлтийн дагуу иргэдийн Төлөөлөгчөөс чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх болсноо тус газарт албан бичгээр мэдэгдсэн байна. 

Харин аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/139 дүгээр захирамжаар Худалдан авах ажиллагааны газрын даргаар Л.Алтангэрэлийг томилсон нь авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн болохыг тус газраас удаа дараа мэдэгдсээр байтал уг асуудлыг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээ одоог хүртэл аймгийн Засаг даргаас аваагүй нь авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүсэл зориг Булган аймгийн удирдлагуудад байхгүй гэж үзэж болохоор байна.