ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.02-03/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.02-03/

Авлигын хэрэгт буруутгагдсан Египетын албан тушаалтан өөрийгөө егүүтгэжээ

ББС. 2017.01.02. Авлигын хэргээр баривчлагдаад байсан Египетийн төрийн албан тушаалтан шоронд өөрийгөө хөнөөжээ. Вэл Шалаби нь Захиргааны хэргийн шүүхийн ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан. Тэрээр баривчлагдахынхаа өмнөх өдөр албан тушаалаасаа огцорчээ. Мөн Захиргааны шүүхийн толгой байгууллага болох Египетийн төрийн зөвлөлийн худалдан авах ажиллагааны менежер Гамал ал-Дин ал-Лабан-ыг баривчлаад байна. Эдгээр албан тушаалтнуудыг хээл хахуулийн хэрэгтэй холбоотойгоор баривчилсан хэмээн прокурорын байгууллагаас мэдэгдээд байна. “Миний үйлчлүүлэгчийг баривчлах тогтоолгүй баривчилсан. Түүнийг 40 цагийн турш байцаасан. Сэтгэл зүйн хувьд хүнд дарамтанд байсан. Шүүгч хүн нэг өдөр л байцаалт өгөөд сууна гэдэг маш хэцүү” хэмээн өмгөөлөгч Саед Бехери сурвалжлагчид ярьжээ. Шүүх байгууллагыг хамаарах Хууль зүйн яам одоогийн байдлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. “Мена” агентлагаас мэдээлж байгаагаар прокурорын байгууллага задлан шинжилгээ хийлгэхээр болсон байна. "Транспарэнси интернэшнл" байгууллагын Авлигын төсөөллийн 2015 оны судалгааны үр дүнгээр Египет Улс 168 улсаас 88 дугаарт эрэмбэлэгдсэн.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-middle-east-38490302

Израил Улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху тайлбар өгчээ

Нью Йорк Таймс. 2017.01.02. Израилийн цагдаагийн байгууллагаас Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг бизнес эрхлэгчдээс сэжигтэй бэлэг сэлт, давуу байдал авсантай холбогдуулан даваа гаригт тайлбар авчээ. Цагдаагийн байгууллага Ерөнхий прокурорын зөвшөөрөлтэй Ерөнхий сайдаас тайлбар авсан хэмээн Хууль зүйн яамнаас мэдэгджээ. Бенжамин Нетаньяху нь гурав дахь удаагаа Ерөнхий сайдын албыг хашиж байгаа бөгөөд сөрөг хүчнийхэнд уг шалгалтын ажиллагаа нь найдвар төрүүлээд байна. Дараагийн сонгууль 2019 онд болох аж.

Эх сурвалж: http://www.nytimes.com/2017/01/02/world/middleeast/benjamin-netanyahu-israel-corruption-investigation.html?_r=0

Гонконгийн захирагч Дональд Цанг-тай холбоотой авлигын хэрэг шүүхэд шилжив

ББС[11]. 2017.01.03. Хээл хахууль авсан, албаны эрхээ хэтрүүлсэн зэрэг гурван хэрэгт буруутгагдаад байгаа Цанг өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдсэн байна. Цанг нь Гонконгод авлигын хэргээр шүүгдэж буй хамгийн өндөр албан тушаалтан юм. Хэрэв шүүхээс түүнийг буруутайд тооцогдвол тэрээр хоригдох ял авах юм. Гонконгийн захирагчийн албыг 2005-2012 онд хашиж байсан түүний нэр өнөөг хүртэл цэвэр байжээ. Түүнд холбогдуулсан хэрэг нь 2010-2012 онд болсон байна. Тэрээр Английн дэглэмийн үед төрийн алба хашиж эхэлсэн ба 1997 онд шагнагдаж байсан удаатай. Тэгэхдээ албан тушаал хашиж байсан сүүлийн хугацаанд түүний нэр хүнд авлигын асуудлуудтай холбоотойгоор унасан юм. Түүний орлогчид хоёр жилийн өмнө авлигын хэргээр хорих ял оногдуулсан юм.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-asia-china-38493542

Моди том дэвсгэрт хориглосон нь авлигыг буруулах уу

Нью Йорк Таймс. 2017.01.02. Шинэ оны өмнө Энэтхэг Улсын Ерөнхий сайд Моди нь том дэвсгэртийг бэлэн мөнгөний гүйлгээнээс хориглосон бөгөөд 12 дугаар сарын 30-ны өдөр бол банкинд сольж дуусгах сүүлийн өдөр байсан юм. Үүнээс болоод хамгийн эмзэг бүлгийнхэн илүүтэйгээр хохирч, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх, өсөлт саарах төлөвтэй болоод байна. Авлигыг буруулах зорилготой хэмээн уг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч одоогийн байдлаар эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй болж байгааг ажиглагчид анхаруулж байна. Моди 11 дүгээр сарын 8-ны өдөр 500 болон 1000 рупигийн мөнгөн дэвсгэртийг гүйлгэнээс гаргах шийдвэр гаргасан юм. Мөнгөний хомсдолд орсноор Энэтхэгийн эдийн засаг, улс төрийн ирээдүйг аюулд оруулахуйц нөхцөл байдал үүсээд байна хэмээн ихэнх эдийн засагчид үзэж байна. Дэлхийн хамгийн хурдацтай өсөж буй эдийн засгийн нэгийг удирдаж байсан Моди том мөнгөн дэвсгэртийг хориглосон нь тус улсын гүйлгээнд байсан мөнгөний 86 хувийг эзэлж байна. Нагендер Тивари нь Зүүн Делид таксины жолооч хийдэг. Тэр 600 рупигийн л орлого олдог байсан. Гэтэл энэхүү хориглолт гарснаас хойш түүний гэр бүл мах, загас авч идэж чадахаа больсон ба байрны түрээсээ ч төлөх боломжгүй байдалд хүрчээ. Тэрээр энэхүү арга хэмжээ нь авлигыг зогсооход ямар нэг ач тустайд эргэлзэж байгаагаас гадна замын цагдаагийн албан хаагчид мөнгө нэхэж зогсоодог байсан хэвээрээ байгаа талаар сурвалжлагчид ярьжээ. Раж Кумар Биндал нь цаас зардаг байна. Гэтэл том мөнгөн дэвсгэрт гүйлгээнээс гаргах тухай мэдэгдсэний маргааш орлого нь хоёр дахин буурсан гэжээ. Моди ойрын саруудад эдийн засгийн чиглэлээр яаралтай арга хэмжээ, тухайлбал, хувь хүний албан татварыг хялбаршуулах гэх мэт арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн эдийн засгийн зөвлөх Суржит Бала онцолсон байна.

Эх сурвалж: http://www.nytimes.com/2017/01/02/world/asia/modi-cash-ban-india.html

 СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА