ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.05-06/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.05-06/

Бразилийн шоронд гарсан хүн амины хэргийг прокурорын байгууллага шалгаж эхлэв

Ройтерс. 2017.01.05. Өнгөрсөн долоо хоногт Амазонас мужийн шоронд 56 хүн амины хэрэг гарсантай холбоотойгоор Бразилийн прокурорууд хувийн шоронгийн захиргаатай хийсэн олон сая ам.долларын гэрээг цуцлахыг шаардав. Хувийн шоронгийн Памас консорциум-тэй хийсэн гэрээнд хууль зөрчсөн зүйлүүд байна хэмээн прокурор Карлос Алмейда мэдэгдсэн байна. Олон хүний амь нас эндсэн асуудлаас үүдэлтэй Бразилд хувийн компаниуд шоронгийн үйл ажиллагаа явуулах нь зөв эсэх талаар маргаан дэгдээгээд байна. Ялангуяа Амазонас мужийн шоронгууд 2010 оноос эхлэн зөвшөөрөгдсөн хүчин чадлаас 2 дахин хэтрүүлээд байгаа аж. Памас консорциум 2016 онд төрөөс 400 сая реал буюу 125 сая ам.долларын санхүүжилт авчээ. Памас консорциум нь Уманизаре Гестао Присионал Сервис болон Локакос Сервис гэсэн компаниудаас бүрддэг. Уг консорциум 2015 онд 27 жилийн хугацаатай, нэг жилийн төсвийг 205 сая реал буюу 64 сая ам.доллар байхаар шоронгийн үйл ажиллагаа эрхлэх гэрээ хийж, гэрээг үзэглэхэд 198 сая реал буюу 62 сая ам.доллар авсан байна. Гэрээний үнийн дүнг өсгөсөн байж болзошгүй хэмээн прокурор Алмейда үзэж байна. Хувийн шоронгийн загвар нь буруутгах асуудал биш ч гэсэн хүчин чадлыг 3 дахин хэтрүүлсэн, хоригдлууд шинэ оны баярын үеэр оргох гэж байсан, хууль бус зэвсэг хэрэглэсэн зэргийг урьдчилан сэргийлж чадаагүйд буруутайгаа Бразилийн Хууль зүйн сайд Алехандро Моралес үгүйсгээгүй юм. Бразилийн Прокурорын Ерөнхий газраас Амазонас, Пернамбуко, Рио Гранде ду Сул болон Рондониа дахь шоронгийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр болсон байна.

Эх сурвалж: http://www.reuters.com/article/us-brazil-prison-corruption-idUSKBN14P2HX

Ерөнхий сайдын авлигын хэрэгт холбоотойг нуун далдалсныг Имран буруушаав

Геотв. 2017.01.05. Засгийн газар найман сарын турш Ерөнхий сайд Наваз Шариф-ын авлигын хэргийг нууж байна. Шариф нь гадаадад мөнгө угааж хүүхдүүдийнхээ нэр дээр байршуулсан, оффшор компани байгуулсан хэмээн Пакистаны Техрик-э-Инсаф-ын тэргүүн Имран мэдэгджээ. Харин Шарифын өмгөөлөгч тайлбар гаргажээ. Үүнд Ерөнхий сайд 1981-1985 онд мужийн сангийн сайд, 1988 он хүртэл Пунжаб мужийн дэд сайд, 1988 оны 4-5 сард тус мужийн сайд, 1990 он хүртэл Пунжаб мужийн дэд сайд хийж байгаад 1993 он хүртэл Ерөнхий сайдын албыг эхний удаа хашиж байсан юм. Улмаар 1997-1999 онд хоёр дахь удаагаа Ерөнхий сайдын албыг хашсан ба 1993-1996 онд тэрээр цөөнхийн бүлгийн дарга байжээ. 2000 онд цөллөгдсөн ба 2007 онд эх орондоо эргэн ирсэн юм. Иймд цөллөгөнд байсан хүн хэрхэн хөрөнгө, мөнгө цуглуулах вэ? гэжээ. Шарифын эдийн засгийн зөвлөх санхүүгийн талаарх нотолгоог гаргаж өгнө гэжээ.

Эх сурвалж: https://www.geo.tv/latest/126260-Imran-slams-government-for-hiding-PMs-corruption

Авлигын эсрэг нийтлэлийн 2017 оны уралдаан зарлагдав

Вьетнамньюс.вн 2017.01.06. Авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шилдэг нийтлэлүүдийн уралдааныг Вьетнамын сэтгүүлчдийн холбоо болон Вьетнамын ард түмний фронтын төв хорооноос хамтран зарлажээ. Үндэсний хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдөр хооронд нийтлэгдсэн нийтлэлүүдээс 5 ажлыг шалгаруулах юм. Шагналыг 2014 оны 12 дугаар сарын 30-нд гардуулах ажээ.

Эх сурвалж: http://vietnamnews.vn/society/349252/national-press-contest-on-anti-corruption-2017-announced.html

Израилийн Ерөнхий сайдыг дахин байцаажээ

ББС.com. 2017.01.05. Пүрэв гаригийн байцаалт даваа гаригийг бодвол арай богино болж өнгөрөв. Ерөнхий сайд Нетаньяху 5 цагийн турш цагдаагийн байгууллагын асуултуудад хариулт өгөв. Ерөнхий сайд сөрөг хүчнийхэн болон хэвлэл, мэдээллийн хэрэгслийхэнд хандан өөрийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй хэмээн мэдэгдээд байсан. Сөрөг хүчнийхэн түүнийг дараах асуудлуудад буруутгаад байгаа. Үүнд:

  • 2016 оны 11 дүгээр сард: ХБНГУ-аас шинэ усан доогуур шумбагч онгоц худалдан авсан ба Ерөнхий сайдын өмгөөлөгч гэрээ, хэлцлийг удирдсан
  • 2016 оны 6 дугаар сар: 2009 оны сонгуулийн компанит ажилд Францын иргэн Арнауд Мимран хэдэн зуун мянган евро хандивласныг Ерөнхий сайд үгүйсгэсэн
  • 2015 оны 7 дугаар сар: Ерөнхий сайд болон түүний гэргий Сара нар төсвийн хөрөнгөөр хувьдаа үйлчилгээ авсан асуудал үүссэн боловч хэрэгсэхгүй болсон
  • 2013 оны 5 дугаар сар: Англи Улс руу нисэх ганцхан нислэгт зориулж төсвийн 127000 ам.долларыг зөвхөн ариун цэврийн өрөөний засварт зарцуулсан асуудал.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-middle-east-38526137

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА