ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.19-20/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.19-20/

Авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд гол үүрэгтэй оролцож байсан Бразилийн шүүгч онгоцны ослоор нас барав

Бразил (Telegraph 2017.01.19). Латин Америкийн хамгийн том улсын эмх цэгцийг алдагдуулж байсан авлигын цуутай хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд голлон хяналт тавьж байсан Бразилийн Холбооны дээд шүүхийн шүүгч Теори Заваски онгоцны ослоор нас барсан болохыг түүний хүү пүрэв гарагт мэдээллээ. Тэрээр 68 настай байсан юм.

Рио-де-Жанейро хотоос 155 миль (250 км)-ийн зайд далайн эргийн Парату тосгоны дэргэд онгоц осолдсон болохыг түүний хүү Франсиско Прэх Заваски өөрийн “Facebook” хуудсандаа мэдэгдсэн байна. Тэрээр “Найзуудаа, миний аав нас барсан талаарх баттай мэдээллийг хүлээн авлаа. Та бүхэнд баярлалаа” хэмээн тэрээр бичиж үлдээсэн байна.

Шүүгч Заваски нь онгоцны зорчигчдын жагсаалтад байсныг тус шүүхийн хэвлэлийн төлөөлөгч баталгаажуулсан боловч нэмэлт мэдээлэл өгөөгүй юм.

Онгоц 4 зоригчтой байсны 3 нь нас барсан гэх гал сөнөөгчийн үгийг иш татан “Globo” мэдээний агентлаг мөн мэдээлсэн юм. Үүнээс гадна онгоцны бусад гишүүдийн нэрс ч тодорхой болоогүй байна.

Ноён Заваски нас барснаар Бразилийн төрийн өмчит газрын тосны “Петробрас” компанийн олон сая долларын авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үндсэн хэсгийн ирээдүй ихээхэн эргэлзээтэй болж байна.

Бразилийн түүхэн дэх авлигын хамгийн том хэрэг болох “Петобрас”-ын хэрэгт прокурорын баг болон шүүгч Сергио Моро хяналт тавьж байгаа бол нас барсан Заваски нь энэ хэрэг дэх улс төрчидтэй холбоотой хэргийн асуудлыг хянаж байсан юм.

Тус улсын хуулийн дагуу зөвхөн Холбооны дээд шүүх л Холбооны улс төрчдийг яллах, хорих шийдвэр гаргах эрхтэй байдаг.

Сүүлийн үед ноён Заваски нь дээрх гэмт хэргийн схемд гол оролцогчдын нэг болох “Odebrecht” группийн өмнөх болон одоогийн гүйцэтгэх захирлуудтай ял тохиролцох, шийдвэрлэх асуудалд хяналт тавьж байсан юм.

Ноён Заваскигийн албан тушаалыг залгамжлах шүүгчийг уг хэрэгт зарим талаар нэр нь холбогдож буй Ерөнхийлөгч Мишэл Тэмэр томилох юм. Ерөнхийлөгч Тэмэр нь уг хэрэгт ямар нэг холбоогүй гэдгээ мэдэгдсээр байгаа билээ.

Заваскигийн үхэл бол асар их гарз хохирол боллоо хэмээн тус улсын Ерөнхий прокурор Родриго Жанот мэдэгдсэн юм.

Эх сурвалж: http://www.telegraph.co.uk/news/2017/01/19/brazil-judge-played-key-role-corruption-investigation-dies-plane/

Хятадын газрын тосны компанийн захирал асан авлигын улмаас 12 жилийн ял авлаа

БНХАУ (Dailytimes 2017.01.19). Авлигын улмаас тус улсын төрийн өмчит “China National Petroleum Corp (CNPC)”-ийн захирал асан пүрэв гарагт 12 жилийн ял аваад байна. Өөрөөр хэлбэл, CNPC-ийн Ерөнхий менежер асан Ляо Ён Юанийг хээл хахууль авсан, хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй зэрэг шалтгааны улмаас дээрх ял болон 1.5 сая юань (220.000 ам.доллар)-ын торгууль оногдуулсан хэмээн Шаньдун мужийн шүүхээс мэдэгдсэн байна.

Ляо нь Хятадын үндэсний аюулгүй байдлын тэргүүн, 2012 онд тэтгэвэрт гарах хүртлээ тус улсын шүүх, цагдаагийн байгууллагад хяналт тавьж байсан Жоу Юнканыг яллагдсанаас хойш саатуулагдаж байгаа цөөн хэдэн албан тушаалтны нэг юм.

Жоу нь хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн нууцыг задруулсан хэргээр 2015 онд бүх насаараа хоригдох ял авсан нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд авлигын хэргийн улмаас Бээжингээс яллагдсан хамгийн өндөр албан тушаалтан байсан юм.

Хятадын дарга Си Зиньпин нь авлигыг үндсээр нь устгах амлалт өгсөн бөгөөд түүнийг 2012 онд дарга болсноос хойш багагүй тооны өндөр албан тушаалтнууд байцаагдаж, ял аваад байгаа юм. Хэдий тийм ч, энэхүү хууль сахиулах үйл ажиллагаанд ил тод байдал хангалтгүй, Си дарга зөвхөн өөрийн улс төрийн өрсөлдөгчидөө устах хэрэгсэл болгон ашиглаж байна гэх шүүмжлэл байдаг.

Хятадын хууль хяналтын байгууллагаас Ляог 2015 оны 3 дугаар сар буюу Жоу-ийг яллахаас хэдхэн долоо хоногийн өмнөөс шалгаж эхэлснээ зарласан юм.

Хятадын газрын тос, эрчим хүчний компанийг 1997-2014 оны хооронд удирдахдаа Ляо нь хувийн зорилгоор албан тушаалаа ашигласан, 2003-2015 оны хооронд нийтдээ 13.39 сая юанийн хахууль авсан хэмээн дээрх шүүхээс мөн мэдэгдэв.

Эх сурвалж: http://dailytimes.com.pk/pakistan/19-Jan-17/former-chinese-oil-executive-jailed-for-12-years-for-corruption

Румынчүүд авлигын асуудлаар жагсав

Румын (Euronews 2017.01.19). Авлигатай тэмцэх кампанит ажиллагааны хүчийг сулруулж болзошгүй Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэн олон мянган Румынчүүд Бухарест хотноо жагсаал зохион байгуулав.

Учир нь Засгийн газраас боловсруулсан хуулийн төсөлд хэд хэдэн гэмт хэрэгт 5 болон түүнээс доош жилийн ял авсан хоригдлуудад өршөөл үзүүлэх, мөн 200000 леи (44000 орчим евро)-оос доош хохирол учруулсан албан тушаалын гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байх хэсэг заалтууд байсан юм.

Бухарест хот дахь Засгийн газрын байрны өмнө 3000 орчим иргэд жагсаал хийсэн бол мөн Клуж, Сибиу, Яссы, Крайова хотод мөн жагсаал болсон байна.

Жагсагчид авлигач улс төрчдийг шоронгоос суллах, мөн ял оногдуулах боломжгүй болгох асуудлыг багтаасан дээрх хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм.

Эх сурвалж: http://www.euronews.com/2017/01/19/romanian-protests-target-government-over-corruption-drive

Олон улсын авлигын эсрэг академийн 2017 оны зуны сургалт

ОУАЭА 2017.01.19. Олон улсын авлигын эсрэг академи (ОУАЭА) 7 дахь удаагийн зуны сургалтаа Австрийн Лаксенбург хот дахь өөрийн кампустаа 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 7-ны өдрийн хооронд зохион байгуулна.

ОУАЭА-ийн зуны сургалт бол авлигатай тэмцэх алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцоход чиглэгдсэн эрчимжүүлсэн хөтөлбөр юм. Авлигатай тэмцэх чиглэлээр 5-аас доошгүй жилийн туршлагатай авлигатай тэмцэх алба хаагчид, судлаачид, төр засаг, бизнесийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцдог сургалт юм. Сургалтын төлбөр нь 2780 евро бөгөөд хөгжиж буй улс орнуудаас оролцож буй цөөн хэдэн оролцогчид өрсөлдөөнт зарчмаар тэтгэлэг авах боломжтой.

2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл материал хүлээн авна.

Эх сурвалж: http://globalnotes.hhh.umn.edu/2017/01/international-anti-corruption-summer.html

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА