ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.17-18/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.17-18/

Хээл хахуулийн хэргээ шийдвэрлэх зорилгоор “Rolls-Royce” 671 сая фунт төлөхөөр болов

BBC 2017.01.16. Их Британи болон АНУ-ын хууль хяналтын байгууллагатай авлига, хээл хахуулийн хэргээ тохиролцож “Rolls-Royce” компани 671 сая фунт стерлинг төлөхөөр болов. Өөрөөр хэлбэл, “Rolls-Royce” компани нь Их Британийн Авлигатай тэмцэх байгууллагад 479 сая фунт, АНУ-ын Хууль зүйн яаманд 169 сая ам. доллар (140 сая фунт), Бразилийн хууль хяналтын байгууллагад 25 сая ам. долларыг тус тус төлөх тохиролцоонд хүрсэн байна.

Их Британийн хамгийн том экспортлогчдын нэг болох “Rolls-Royce” нь армийн болон иргэний зориулалттай нисэх онгоц, галт тэрэг, цөмийн шумбагч, эрчим хүчний станцын мотор үйлдвэрлэдэг юм.

Яг аль улсад хууль бус үйл ажиллагаа явуулсныхаа нь төлөө ийнхүү торгууль төлөх болсноо тус компаниас мэдээлээгүй юм.

Харин Их Британийн хувьд хууль тогтоомждоо 2014 оноос ял тохиролцох зохицуулалтыг тусгаснаас хойш гурав дахь удаагийн хэрэг нь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, авлига, хээл хахууль зэрэг эдийн засгийн гэмт хэргээ компаниуд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн бол яллагдахаас зайлсхийж, их хэмжээний торгууль төлөхийг зөвшөөрдөг юм.

Эх сурвалж: https://www.theguardian.com/business/2017/jan/16/rolls-royce-to-pay-671m-over-bribery-claims

Өмнөд Солонгосын прокурорууд хээл хахуулийн хэргээр “Samsung”-ийн тэргүүнийг баривчлахаар ажиллаж байна

Reuters 2017.01.16. Өмнөд Солонгосын хамгийн том компани болох “Samsung Group”-ийн тэргүүнийг Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн найзад олон сая долларын хээл хахууль өгсөн гэх хэрэгт тус улсын буруутган прокурорууд баривчлах зөвшөөрөл хүсээд байна. Энэхүү баривчлах зөвшөөрлийг шүүх батлах эсэхээ лхагва гарагт шийдвэрлэх юм.

Ерөнхийлөгч Пакад итгэл үзүүлэх эсэх асуудлаар парламентад хэлэлцэхэд хүргэсэн авлигын хэрэгтэй холбоотойгоор “Samsung Group”-ийн тэргүүн Жай Ю. Ли-ээс өнгөрөгч 7 хоногт дараалсан 22 цагийн турш байцаалт авч байсан юм.

Ли нь хоёр компанийг нэгдэх үйл явцад дэмжлэг авах зорилгоор хэргийн төвд байгаа Ерөнхийлөгчийн найз Чой Сүүн-шилтэй холбоотой байгууллагад нийтдээ 43 тэрбум вон (36.42 сая доллар)-ын хахууль өгсөн хэмээн уг хэргийг шалгаж буй тусгай прокурор үзэж байгаа юм.

Ли нь 48 настай бөгөөд 2014 онд аав Ли Кун-хэ нь зүрхний өвчин туссанаас хойш “Samsung Group”-ийг шууд тэргүүлж байгаа юм.

"Тус улсын эдийн засгийн нөхцөл байдал чухал ч, шударга ёсыг хангах асуудал илүү эрхэм байсан тул тусгай прокурорын газраас энэхүү баривчлах хүсэлтийг гаргасан” хэмээн тусгай прокурорын хэвлэлийн төлөөлөгч Ли Кю-чул хэвлэлд мэдэгдсэн юм.

“Samsung” компани 230 тэрбум долларын орлого олсон бөгөөд энэ нь Өмнөд Солонгосын эдийн засгийн 17 хувьтай тэнцэж байгаа аж.

Ерөнхийлөгч 64 настай Пакийн бүрэн эрхийг тус улсын парламентаас түдгэлзүүлсэн бөгөөд тус улсын Үндсэн хуулийн цэцээс ардчилсан зарчмаар сонгогдож хүчээр түлхэгдэн унах анхны ерөнхийлөгч болох эсэхийг баталгаажуулах л үлдсэн юм.

Эх сурвалж: http://www.reuters.com/article/us-southkorea-politics-idUSKBN150079

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА