ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.17-18/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.17-18/

Казахстаны Засгийн газарт авлига нөлөөлж байна

Казахстан 2017.01.17. Казахстан Улс нэг жилийн дотор эдийн засгийн сайдаа гурван удаа өөрчлөөд байна. Хамгийн сүүлийн өөрчлөлт нь ажлын байрны хомстол үүсгэснээс бус харин авлигын асуудлаас болсон юм.

Тус улсад эрүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үеэр дээрх сайд, Ерөнхийлөгчийн тамгын газар болон бусад хэд хэдэн өндөр албан тушаалтныг баривчлаад байна.

Өөрөөр хэлбэл, 2016 оны 5-12 дугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд тус улсын эдийн засгийн сайдын албан тушаалыг хашиж байсан Куандык Бишимбаевыг авлигын хэрэгт буруутган баривчилсан байна. Түүнийг 2013-2015 оны хооронд төрийн өмчийн Байтерек Холдинг компанийг тэргүүлж байхдаа хээл хахууль авсан хэрэгт буруутгаж байгаа бөгөөд энэ хэргийн улмаас Бишимбаев нь 15 жилийн хорих ял авах боломжтой юм.

Өнгөрөгч оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Байтерек Холдингийн тэргүүн асан Бахыт Захсубаевыг баривчилсны дараагаас Бишимбаевын албан тушаал ихээхэн тогтворгүй болж ирсэн юм. Захсубаев болон бусад хэд хэдэн этгээдийг тус улсад хэрэгжсэн орон сууцны төсөлтэй холбоотойгоор 1 сая орчим ам. долларыг хээл хахуульд авсан хэмээн буруутгаж байгаа билээ.

Бишимбаеваас гадна өөр нэг хэд хэдэн өндөр албан тушаалтнууд авлигын асуудалд холбогдоод байна. Тухайлбал, тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч даргын албан тушаалыг 6 жил хашсан Баглан Маилбаевыг 2014-2016 оны хооронд 1.3 тэрбум тэнгэ (4 сая доллар)-ийг завшсан хэрэгт буруутган баривчлаад байна. Мөн үүнээс гадна тус улсын тэтгэврийн сангийн тэргүүн болон бусад хэд хэдэн төрийн албан хаагчид авлигын хэрэгт холбогдоод байна. Эдгээр үйл явцууд нь Ерөнхийлөгч Назарбаевын хүсч байсан төрийн албаны шинэчлэл төдийлөн сайн болоогүйг илтгэж байна.

Эдгээр баривчилгаа нь нэг зүйлээрээ ихээхэн ижил байгаа юм. Ерөнхий сайд асан Серик Ахметовын хэрэг бол үүний нэг жишээ юм. Ахметов нь Ерөнхий сайдын албан тушаалаа 2014 онд өгсний дараа батлан хамгаалахын сайдаар томилогдсон бөгөөд 6 сарын дараа өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн юм. Үүнээс нэг сарын дараа төсвийн хөрөнгө завшсан хэргээр баривчлагдаж, 2015 оны 12 дугаар сард 10 жилийн хорих ял авч байсан юм.

Энэ удаа дээрх урт үе шат илүү богино болсон байна. Өөрөөр хэлбэл, Маилбаев баривчлагдахаасаа яг нэг өдрийн өмнө Ерөнхийлөгчийн тамгын газрын албан тушаалаасаа халагдсан юм.

Ердийнхөөрөө төрийн албанд халаа сэлгээ явагдахад Назарбаевын талын этгээдүүд л тэнд томилогддог. Энэ удаагийн баривчилгааг ч мөн өөрийн найз Москвад элчин сайд байсан Марат Тазимыг өөрийн тамгын газрын албан тушаалд томилох алхмыг Назарбаев хийж байна гэж олон нийт таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: http://thediplomat.com/2017/01/a-corruption-earthquake-shakes-kazakhstans-government/

АНУ дахь улс төрийн авлигын эхлэл

Latimes 2017.01.18. Сайн засаглал, ардчиллыг сулруулагч нь авлига юм. Авлигын үйлдлүүдийг хууль бус гэж үзэх байдал улс орон бүрт харилцан адилгүй байна. Өөрөөр хэлбэл, зарим улс орнуудад улс төрийн санхүүжилтийн тодорхой хэлбэрийг хууль бус гэж үзэж байхад нөгөө хэсэгт нь хууль ёсны гэж үзэх жишээтэй. Мөн зарим улс орны төрийн албан хаагчдын эрх мэдлийн хэмжээ хэт өргөн, эсхүл буруу тодорхойлсон байгаагаас хууль бус үйл ажиллагааг нарийн зааглахад ихээхэн төвөгтэй байна.

Багагүй тооны авлигажсан засгийн газрууд нь гадаадын тусламжаар зөвхөн өөрсдийгөө л хөрөнгөжүүлж, тансаг харш, зэр зэвсэгт л ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна.

Америкийн улс төрийн авлигын бэлэг тэмдэг болсон Виллиам Твид “Босс” саналаа өгсөн, мөнгө өгсөн, эрх мэдэл өгсөн сонгогчид болон бизнесийн түншүүддээ ихээхэн тусламж үзүүлсэн байдаг. Босс Твид нь өнөөгийн ханшаар хамгийн багадаа 1 тэрбум доллар завшсан авлигын сүлжээнд оролцсоныхоо төлөө 1873 онд яллагдаж, 12 жилийн ял авж байсан юм. Улмаар түүний ялын хугацааг бууруулсны дараа шоронгоос суллагдсан ч 6 сая долларын асуудлаас болж дахин баривчлагдсан юм. Хэдийгээр Твид оргон зайлж, Испанид очсон ч тэндээ баривчлагдаж Нью-Йоркод хүргэгдэн ирсэн байдаг.

Өөр нэг улс төрч Бадд Дуайер нь 1965-1970 оны хооронд Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр, дараагийн 10 жил Сенатаар ажиллаж байсан юм. Улмаар өөрийгөө хороох хүртэл Сангийн сайдаар ажиллаж байсан юм.

Дуайер нь 1987 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр буюу 4 сая долларын гэрээнд зөвшөөрөл өгснийхөө хариуд нэгэн компютерийн компаниас сонгуулийн санхүүжилт болгон 300000 ам. доллар авсан хэрэгт буруутай нь тогтоогдсоныхоо дараа амиа хорлосон зэргээр түүх үргэлжилж байна.

Эх сурвалж: http://highschool.latimes.com/champs-charter-high-school-of-the-arts/a-brief-history-of-political-corruption/

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА