ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.23-24/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.23-24/

Доминикан Улсад авлигын эсрэг жагсаалд мянга мянга хүн оролцов

Телесуртв.нет. 2017.01.23. Доминикан Улсын нийслэл Санто Домингод мянга мянган хүн авлигын эсрэг жагсаалд оролцов. Тус улсын өнцөг булан бүрээс ирсэн нийгмийн бүхий л давхаргын хүмүүс жагсаалд ногоон хувцас өмсөж оролцсон байна. “Хариуцлагагүй байдлыг үгүй болгоё” уриатай жагсагчид тус улсын албан тушаалтнуудад Бразилийн "Одебрехт" компани хээл хахууль өгсөн асуудал сөхөгдсөнтэй холбоотойгоор эсэргүүцэл илэрхийлэн ийнхүү жагссан байна. “Авлигажсан хүмүүс өөрсдийн үйлдэлд хариуцлага хүлээх ёстойг илэрхийлж бид иргэнийхээ үүргийг биелүүлэн жагсаалд оролцож байна” хэмээн жагсаалд оролцож буй өмгөөлөгч Алехандра Монтеро сурвалжлагчид ярив. “Авлигажсан хүмүүс хариуцлага хүлээж, хулгайлсан хөрөнгөө өлсгөлөнд нэрвэгдэж буй хүмүүст эргүүлэн төлөх ёстой гэж үзэж байгаа тул би энэ жагсаалд оролцож байна” хэмээн өөр нэгэн жагсагч оюутан Жонатан Перес ярьжээ. АНУ-ын Хууль зүйн Департаментаас 12 дугаар сарын 21-нд нийтэлсэн материалд "Одебрехт" компани 12 улсад 788 сая ам.долларын хээл хахууль өгсний 92 сая ам.доллар нь хориод жилийн өмнө Доминикан Улсын албан тушаалтнуудад өгсөн хэмээн дурдагдсан байна.

Эх сурвалж: http://www.telesurtv.net/english/news/Thousands-March-Against-Corruption-in-Dominican-Republic-20170123-0019.html

Авлигын хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүд өнөөг хүртэл ажиллаж байна

Ньюспостаймс. 2017.01.23. Сүүлийн зургаан сарын хугацаанд авлигын хоёр ч хэрэгт холбогдсон хойд Эстоны эмнэлэгийн гурван ажилтан өнөөг хүртэл ажиллаж л байна. Тус эмнэлгийн Мэдээллийн технологи хариуцсан дарга Марко Килк, хүнсний хангамж хариуцсан дарга Ану Вахи болон техникийн захирал Иво Милли нар хэрэгт холбогдсон байна. Иво Мили нь 50000 еврогийн хахууль авсан хэрэгт холбогдон шоронд саатуулагдан шалгагдаж буй тул ажлаас нь чөлөөлөөгүй байж болох талтай ч яагаад Килк, Вахи хоёрыг ажлаас нь халаагүй байгаа нь ойлгомжгүй байна. Эдгээр хоёр албан тушаалтныг тендерийн хороонд оруулах, санхүүгийн гүйлгээ хийх, гарын үсэг зурах зэрэг эмнэлгийн зарим үйл ажиллагаанд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан хэмээн эмнэлгийн удирдлага тайлбарлаж буй юм. Нөгөө талаас эдгээр хүмүүстэй холбоотой хэрэг шүүхээр шийдэгдээгүй, шүүхээс гэм бурууг нь тогтоогоогүй байхад буруутай гэж үзэж болохгүй байгаа аж. Шүүх хурал хавар эхлэх юм. Эмнэлгийн хүнсний хангамж хариуцсан дарга Ану Вахи хээл хахууль авсан хэрэгт буруутгагдаж байгаа бол мэдээллийн технологи хариуцсан дарга Марко Килк нь хөрөнгө шамшигдуулсан, зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт буруутгагдсан байна. Мэдээллийн технологи хариуцсан дарга Марко Килк нь шүүхээс шийдвэр гартал албан үүргээ гүйцэтгэж буй анхны албан тушаалтан бус юм. Өнгөрсөн жил Боловсролын яамны Мэдээллийн технологи хариуцсан ажилтан Ианус Кристофел мөн шүүхийн шийдвэр гартал албан үүргээ гүйцэтгэж байсан. Түүнийг Ирланд явах аялалын төлбөрөө төлүүлэх хэлбэрээр хээл хахууль авсан хэрэгт шүүхээс буруутайд тооцож нэг жилийн хорих ял, төрийн алба хаах эрхийг нь нэг жилээр хоригложээ. Хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольсон байна.

Эх сурвалж: http://news.postimees.ee/3988781/corruption-suspects-still-employed

"Ролл-Ройс" компанитай холбоотой авлигын хэрэгт Эйр-Азия ямар ч хамаагүй хэмээн мэдэгдэв

Чанэлньюсазия. 2017.01.24. Гэрээ, хэлцэлд ялалт байгуулахын тулд сая саяар нь хээл хахууль өгдөг Роллс Ройс компанитай холбоотой асуудалд Малайзийн Эйр-Азия ямар ч хамаагүй гэдгээ мэдэгдэв. Индонези, Тайланд, Энэтхэг, ОХУ, Нигер, БНХАУ, Мaлайзи зэрэг улсад гэрээ, хэлцэлд ялалт байгуулахын тулд Роллс Рoйс компани сүүлийн гучин жилийн турш үлэмж хэмжээний хээл хахууль өгдөг байсан гэх асуудлыг Английн эдийн засгийн онц хүнд гэмт хэрэг шалгах байгууллага шалгаж байгаа аж. Тус байгууллага Роллс-Ройс компанийг Эйр-Азия компанийн удирдлагын хувийн онгоцны засварын мөнгө болох 3.2 сая ам.долларыг авалгүй давуу байдал олгосон гэж буруутгаж байгаа аж. Энэхүү “санхүүгийн давуу байдал” нь Эйр-Азия компанийн удирдлагуудад “Роллс-Ройстой холбоотой гэрээ, хэлцэлд тус компанийг дэмжих” зорилготой байсан хэмээн Английн эдийн засгийн онц хүнд гэмт хэрэг шалгах байгууллага үзэж байна. Индонезийн Авлигын эсрэг байгууллага нэгдүгээр сарын эхээр тус улсын нислэгийн Гаруда компанийн захирал асанг Роллс-Ройс компаниас хээл хахууль авсан хэрэгт буруутгаж байсан. Уг компани “Тайландын төрийн албан хаагчид болон Тай Эйрвэйз компанийн албан хаагчдад” 1991-2005 оны хооронд 36 сая ам.долларын хээл хахууль өгснийг Тайландын мөрдөн байцаагчид тогтоогоод байна. Өнгөрсөн долоо хоногт Роллс-Ройс компани Англи, АНУ болон Бразил Улсын зохих байгууллагад шалгагдаж байгаа хээл хахууль, авлигын асуудал дээр тохиролцоо хийж 808 сая ам.долларын торгууль төлөхийг хүлээн зөвшөөрөөд байна.

Эх сурвалж: http://www.channelnewsasia.com/news/business/airasia-denies-role-in-rolls-royce-corruption-scandal/3461376.html

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА