ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.27-30/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.27-30/

Гэрчийг хахуульдсан хэргээр Сильвио Берлускони шүүхэд дуудагдав

Итали 2017.01.28 (BBC). Насанд хүрээгүй залуу эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон хэргээ далдлах зорилгоор гэрчүүдийг хахуульдсан хэргээр Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускониг шүүхэд дуудсан байна. Шүүх хурал энэ оны 4 дүгээр сарын 5-ны өдөр эхлэхээр болжээ.

Хэргийн материалд дурдсанаар ноён Берлускониг насанд хүрээгүй биеэ үнэлэгчтэй бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгаж байгаа аж.

Берлускони нь тус улсын Ерөнхий сайдын албан тушаалыг 4 удаа хашиж байсан бөгөөд “Forza Italia (Go Italy!)” намын тэргүүн юм.

Энэ удаагийн хэрэг нь тухайн үед Мароккогийн шөнийн цэнгээний газарт бүжигчин байсан гэх Карима Эль Махругийг 17 настай байхад нь бэлгийн харьцаанд орсон гэх хэрэгтэй холбоотой аж.

Гэрчийг өөрийн талд мэдүүлэг өгүүлэхийн тулд 2011-2015 оны хооронд 10 гаруй сая евро өгсөн эсэх асуудлаар шүүх хурал болох юм. Дээрх мөнгөн дүнгийн хагас нь Эль Махругд зарцуулагдсан хэмээн прокурорууд үзэж байгаа юм.

Берлускони нь мөн татвараас зайлсхийсэн зэрэг хэд хэдэн хэргүүдэд буруутгагдаад байгаа билээ.

Эх сурвалж :  http://www.bbc.com/news/world-europe-38783586

Өршөөл үзүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэн Румынчүүд жагсаал хийв

Румын 2017.01.29 (DW). Зарим ялтнуудад өршөөл үзүүлэх, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байх Засгийн газрын төлөвлөгөө буюу хуулийн төслийг эсэргүүцэн олон мянган Румынчүүд жагсаал хийв.

Румыны хууль хяналтын байгууллагын мэдээлж байгаагаар ням гарагт Бухарест хотноо болсон жагсаалд оролцогчдын тоо 50000 орчим байсан аж. Мөн түүнчлэн Клуж, Тимошоара зэрэг Румыны бусад 22 хотод том, бага хэмжээний жагсаал болсон байна.

Румыны Социал-демократ засгийн газар нь 46,600 еврогоос бага хохирол бүхий албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байх төлөвлөгөөтэй байгаа юм.

Засгийн газрын энэхүү алхмыг албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдоод байгаа Социал-демократ намын дарга Ливиу Драгнеаг хамгаалах гэсэн Ерөнхий сайд Сорин Гринданугийн оролдлого хэмээн шүүмжлэгчид үзэж байгаа юм.

Засгийн газар дээрх төлөвлөгөөнхөө хүрээнд 5-аас доош жилийн ял авсан ялтнуудад өршөөл үзүүлэх, мөн 60-аас дээш настай ялтнуудын ялыг хөнгөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнийг үр дүнд наад зах нь 2500 ялтан суллагдаж, шоронгийн ачаалал буурах аж.

Хуулийн төслийг тус улсын Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа юм.

Эх сурвалж : http://www.dw.com/en/thousands-rally-in-romania-against-plan-to-pardon-prisoners/a-37323326

Европын зөвлөл хээл хахуулийн асуудлыг шалгана

2017.01.27 (Reuters). Европын зөвлөлийн парламентын чуулганд хүний эрхтэй холбоотой асуудлаар санал хураах үед Азербайжаны гишүүд бусдад хээл хахууль өгсөн гэх асуудлыг тус зөвлөлөөс шалгахаар болоод байна.

Өөрөөр хэлбэл, Азербайжаныг улс төрийн хоригдлын асуудлаар буруутгах байсан 2013 оны 1 дүгээр сарын шийдвэрийг уг зөвлөлөөс дэмжээгүй юм.

“Европын зөвлөлийн парламентын чуулганы Азербайжаны төлөөлөгчдийн зан байдал”-тай холбоотой тайлбар өгөхийг Транспэрэнси интернэшнл зэрэг авлигатай тэмцэх байгууллагууд хожим нь уриалж байсан билээ.

Европын зөвлөлийн парламентаас “авлигач үйлдлийг шалгах” хараат бус мөрдөн шалгах баг байгуулахаар болсон хэмээн тус зөвлөлөөс мэдэгдээд байгаа юм.

Европын зөвлөлийн парламент дахь Азербайжаны төлөөлөгчдийн тэргүүн тус улсын гишүүдийн хууль бус үйл ажиллагааг үгүйсгэсээр ирсэн билээ. Страсбургт төвтэй зөвлөл нь өөрийн 47 гишүүн улс орондоо хүний эрх, ардчиллын асуудлыг дэмжсээр ирсэн.

Эх сурвалж : http://uk.reuters.com/article/uk-europe-corruption-idUKKBN15B1Y6


СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА