Авлигын хар жагсаалт боловсруулахаар ажиллаж байна

A- A A+
Авлигын хар жагсаалт боловсруулахаар ажиллаж байна

ХБНГУ 2017.02.23 (ODT). Холбооны, мужийн, орон нутгийн түвшинд төрийн байгууллагатай байгуулсан гэрээнээс нь авлига болон бусад зөрчил илэрсэн компанийн үйл ажиллагааг хязгаарлахын тулд үндэсний хэмжээний нэгдсэн мэдээллийн санг бий болгохоор Германы Эдийн засгийн яам ажиллаж байна.

Ноцтой зөрчил гаргасан компанийн төрийн байгууллагатай гэрээ байгуулах эрхийг 5 жил, бусад зөрчил гаргасан компанийг 3 жил хязгаарлахаар төлөвлөсөн төслийг Ройтерс агентлагийн сэтгүүлчид олж үзсэн байна.

Одоогийн хуулиар авлига болон бусад хэрэг, зөрчилд буруутай нь тогтоогдсон компаниудыг төрийн байгууллагатай гэрээ байгуулахыг хязгаарласан байдаг ч ихэнх тохиолдолд тухайн компани хаана хуулийн зөрчил гаргасан бэ гэдгийг муж улсын болон орон нутгийн түвшинд мэдэхэд хүндрэлтэй байдаг.

Берлин, Хамбург зэрэг германы зарим муж улсад энэ төрлийн мэдээллийн сан байдаг ч энэ сан нь тухайн муж улсын дүрэм журам, шалгуурын хүрээнд харилцан ашиглах, мэдээлэл солилцоход хүндрэлтэй байсан юм.

Хар жагсаалтын шинэ мэдээллийн сангийн босго нь гэрээний зөрчлийн хувьд 30000 евро, торгуулийн хувьд 2500 евро байх бөгөөд мөнгө угаах, луйвар хийх, терроризмийг дэмжих, хүн барьцаалах, татвараас зайлсхийх асуудалд холбогдсон бол төрийн байгууллагатай гэрээ байгуулахыг үл зөвшөөрөх шууд үндэслэл болохоор дээрх төсөлд тусгасан байна.

Мөн төсөлд цалингийн доод хэмжээ болон хөдөлмөрийн бусад зохицуулалтыг зөрчсөн компаниудыг тодорхой хүрээнд төрийн байгууллагатай гэрээ байгуулахыг хоригложээ. Хэдий тийм ч, тухайн компани нь дотоод хяналт болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бол хар жагсаалтаас хасах боломжийг олгохоор төлөвлөж байна.

Энэхүү төслийг одоогийн байдлаар Засгийн газрын түвшинд боловсруулж байгаа бөгөөд парламентаар батлуулах шаардлагатай юм.