Тунисийн парламент авлигын эсрэг хууль батлав

A- A A+
Тунисийн парламент авлигын эсрэг хууль батлав

Тунис 2017.02.23. (News24). Хойд Африкийн Тунис Улс 2011 онд хувьсгал хийснээс хойш тус улсын эдийн засгийн хөгжлийг хойш татаж буй өргөн тархсан авлигатай тэмцэх зорилгоор хууль батлаад байна.

Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, шүгэл үлээгчид халдвал гэмт хэрэгт тооцох зэрэг нийтдээ 36 зүйл бүхий уг хуулийг тус улсын парламентын 217 гишүүний 145 нь дэмжсэнээр батлагдсан байна.

"Авлигатай тэмцэхэд туслах сайн хууль” хэмээн чуулганы хуралдаанд оролцож байсан Төрийн албаны сайд Абид Брики онцолсон байна. Мөн “энэ хууль бол хувьсгалаас олж авсан зүйл” хэмээн парламентын дэд дарга Абэлбатт Моуруж[2] тэмдэглэсэн юм.

Тус улсын иргэд авлигын эсрэг жагсаал хийж, 1987-2011 оны хооронд Тунисийг удирдсан Ерөнхийлөгч Зин Аль Абибин Бен Алигийн дэглэмийг түлхэн унагаснаас хойш эдийн засагт сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйл бол авлига болоод байна гэж шинжээчид дүгнэдэг билээ. 

Зөвхөн 2013 онд төрийн албан хаагчдын хээл хахуульд хамгийн багадаа 450 сая динар (230 сая ам.доллар) зарцуулагдсан хэмээн Тунисийн Төрийн аудиторын холбооноос мэдэгдэж байсан юм.

Тус улсын авлигатай тэмцэх байгууллагын тэргүүн Чавки Табиб авлигын хэмжээ “ужгирсан” шинжтэй болсныг анхааруулж байсан бол Ерөнхий сайд Иосеф Чахед өнгөрөгч онд албан тушаал авснаасаа хойш авлигын асуудалд тэргүүлэх ач холбогдол өгөх болсон.

Тунис улс нь Транспэрэнси интернэшнл байгууллагын 2016 оны авлигын төсөөллийн индексийн дүнгээр 170 улс орноос 75 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Мөн иргэдийн авлигатай тэмцэх идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор тус улсын авлигатай тэмцэх байгууллагаас өнгөрөгч сард авлигын эсрэг шүгэл үлээсэн 10 хүнийг өргөмжилж, хүндэтгэл үзүүлсэн байдаг.

Эх сурвалж : http://www.news24.com/Africa/News/tunisia-parliament-adopts-anti-graft-law-20170223