Хорих ангийн ажилтан хүүдээ зүй бусаар тендерийн ажил олгож байсныг илрүүлжээ

A- A A+
Хорих ангийн ажилтан хүүдээ зүй бусаар тендерийн ажил олгож байсныг илрүүлжээ

Автсрали улсын эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангийн засвар, үйлчилгээ хариуцсан ажилтан нь хүүгийнхээ эзэмшдэг сантехникийн компанид 1.56 сая австрали доллар (1,1 сая ам.доллар) үнэ бүхий тендерийн ажил зүй бусаар олгож, мөн өөр нэгэн компаниас усан завь, аяллын машин бэлгэнд авсан байна.

Авлигын эсрэг бие даасан хороо өнгөрсөн таван жилд болсон авлигын хэргийн талаар тус улсын Парламентэд илтгэхдээ энэ талаар мэдээлсэн байна.

Тэдний мэдээлснээр тэрхүү хорих ангийн засвар, үйлчилгээ хариуцсан менежерээр ажилладаг байсан Жэфф Финлов гэгч нь худалдан авах ажиллагааны явцад ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдэлгүйгээр өөрийн хүү Адам Финловт 2004-2009 онд зүй бусаар тендерийн ажил олгож байжээ.

Жэфф Финлов нь өрсөлдөгч компаниудаас ирүүлсэн үнийн саналыг бусдад задруулж байсан байна. Иймэрхүү байдлаар тэрээр хүүдээ 1.56 сая австрали долларын тендерүүдэд ялах боломж олгож байжээ. Мөн тэрээр компаниудаас ирүүлсэн үнийн саналыг нэгэн цахилгаанчинд өгч, улмаар тэр нь ялж, хариуд нь түүнээс усан завь, аяллын машин бэлгэнд авчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрээр өөрийнхөө хүү Жон Финловыг хорих ангийн ахлах ажилтнаар томилуулсан нь тогтоогджээ. Ийм маягаар тус улсын зарим хорих ангийн удирдах албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчлийн асуудалд анхаарал дутмаг хандуулж байгаа нь илэрчээ.

Ийм асуудал дахин гарахаас урьдчилан сэргийлж, тус хорих ангийн баримт бичиг, дүрэм журмыг хянан нягталж эхэлсэн гэнэ.

Асуудлыг шалгасан Авлигын эсрэг бие даасан хорооны дарга, комиссар Степан Обрайны хэлснээр “Төрийн албан хаагчид шударга байдлыг дээд зэргээр хангах ёстой. Энэ нь ашиг сонирхлын зөрчил болон хэн нэгний хүсэл зоригийг биелүүлэхгүй байх наад захын асуудлаас эхэлнэ” гэжээ.

Эх сурвалж: http://www.theage.com.au/victoria/prison-manager-gave-contracts-to-son-was-given-a-boat-ibac-probe-finds-20170410-gvhhun.html