ОХУ-ын шүүх авлигын хэргээр баривчлагдсан Холбооны хамгаалалтын газрын дарга генерал Лопырев-ийн эхнэр, хүүхдийн хөрөнгийг хураан авсан байна

A- A A+
ОХУ-ын шүүх авлигын хэргээр баривчлагдсан Холбооны хамгаалалтын газрын дарга генерал Лопырев-ийн эхнэр, хүүхдийн хөрөнгийг хураан авсан байна

7 орчим сая рублийн хахууль авсан хэргээр баривчлагдсан Холбооны хамгаалалтын газар (ХХГ)-ын дарга Лопырев-ийн эхнэр, хүүхдийн эзэмшдэг хоёр байр, газрыг хураан авах шийдвэрийг Москва хотын Басманны дүүргийн шүүх гаргажээ.

Өнгөрсөн 1-р сард Цэргийн шүүх Лопырев-ийг саатуулах хугацааг 4-р сарын 23 хүртэл сунгасан аж. Түүний хэрэг нь нууцын зэрэгтэй тул шүүх хурлыг хаалттайгаар явуулсан байна.

2016 оны 11-р сарын 26-ны өдөр 96-р Гарнизоны цэргийн шүүх мөрдөн байцаагчийн саналаар генералыг баривчилжээ. Түүний өмгөөлөгч уг асуудлаар хүсэлт гаргасан боловч 3-р тойрггийн шүүх хүлээн авахаас татгалзсан юм байна.

Холбооны мөрдөн шалгах хорооны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар, Холбооны аюулгүй байдлын албатай хамтран ХХГ-т шалгалт хийж, тус газрын Кавказ дахь нэгжийн дарга Лопырев барилгын засварын ажлын тендерийн сонгон шалгаруулалт зарлаж, ажлыг нэгэн компанид өгч, хариуд нь их хэмжээний хахууль авсан болохыг тогтоосон ажээ. Лопыревийг 7 сая рублийн хахууль авсан хэргээр ОХУ-ын Эрүүгийн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.6 дэх хэсэгт заасан “Хээл хахууль авах” зүйл ангиар 15 хүртэл жилийн хорих ял оногдуулж магадгүй юм байна.

Эх сурвалж: http://tass.ru/proisshestviya/4177360