ОХУ-ын Дотоод хэргийн яамны Авлигатай тэмцэх нэгжийн дарга асан Сугробовт 22 жилийн хорих ял оногдуулжээ

A- A A+
ОХУ-ын Дотоод хэргийн яамны Авлигатай тэмцэх нэгжийн дарга асан Сугробовт 22 жилийн хорих ял оногдуулжээ

Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, зохион байгуулалттай гэмт бүлэглэл зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруу нь тогтоогдсон ОХУ-ын Дотоод хэргийн яамны Эдийн засгийн аюулгүй байдал, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга асан Денис Сугробовт чанга дэглэмтэй хорих ангид 22 жилийн хорих ялыг Москва хотын шүүх оногдуулсан байна.

Түүнчлэн, шүүх түүнд чанга дэглэмтэй хорих ангид 22 жилийн хорих ял оногдуулснаас гадна түүний дэслэгч генерал цолыг хураан авсан ажээ.

Хэргийн талаар товчхон танилцуулахад Денис Сугробов өөрийн удирдлаган дор ажилладаг хүмүүсийн хамт гэмт бүлэглэл байгуулж, хуурамч нотлох баримтуудыг бэлтгэж байжээ. Тэрээр ийнхүү өөрийгөө үр бүтээлтэй, амжилттай ажиллаж байгаа дүр эсгэх замаар богино хугацаанд албан тушаал дэвшиж, цол ахиж, шагнал урамшуулал авч байсан гэж Холбооны мөрдөн шалгах хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна..

Түүний зохиомол, хууль бусаар шалгасан хэрэгт Клиникийн төв эмнэлгийн ерөнхий эмч, “Nanotech industries AG” компанийн удирдах зөвлөлийн дарга, ОХУ-ын өмнөд бүсийн Эдийн засаг, үйлчилгээний их сургуулийн захирал, Смоленск хотын дарга зэрэг олон хүн хохирогч болж байжээ. Хэрэг шалгагдаж, гэмт бүлгийн гишүүд баривчлагдсантай холбогдуулан дээрх хүмүүсийг цагаатгах шүүхийн шийдвэр гарсан байна.

Эх сурвалж: http://tass.ru/proisshestviya/4216945