Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ээ Авлигатай тэмцэх газраар хянуулах үүрэгтэй билээ. Энэ хүрээнд хянуулахаар ирүүлж буй ХАСУМ-ийг Авлигатай тэмцэх газар хэрхэн шийдвэрлэдэгт тус газрын Судалгаа шинжилгээний албанаас сар тутмаар дүн шинжилгээ хийдэг байна. 2017 оны III улиралд Авлигатай тэмцэх газрын хянан шийдвэрлэсэн ХАСУМ-ийн талаарх мэдээллийг тоймлон хүргэе.
Авлигатай тэмцэх газар 2017 оны III улиралд 1822 хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хүлээн авчээ. Үүнээс 7 болон 8 дугаар сард хүлээн авсан мэдүүлгийн тоо харьцангуй бага байна. Ирүүлсэн мэдүүлгийн тоог байгууллагаар нь авч үзвэл Цагдаагийн ерөнхий газар 350, Онцгой байдлын ерөнхий газар 71, Төрийн банк 62, Хил хамгаалах ерөнхий газар 50, Зэвсэгт хүчний жанжин штаб 46, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 43, Гадаад харилцааны яам 42 мэдүүлэг тус тус ирүүлсэн нь хамгийн олон болж байна. Энэ нь дээр нэр дурдсан салбар, байгууллагуудад 2017 оны III улиралд хамгийн олон томилгоо, шилжилт хөдөлгөөн хийгдсэн гэсэн үг юм.
Тэгвэл аймаг, нийслэлээр нь авч үзвэл, нийт 1822 хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн 1533 нь буюу 84.1 хувийг нийслэлээс, харин 289 буюу 15.9 хувийг аймгуудаас ирүүлсэн байна. Хөвсгөл, Дорнод, Төв, Орхон аймаг 19-28 мэдүүлэг ирүүлсэн нь бусад аймагтай харьцуулахад өндөр байна. 2017 оны III улиралд төрийн тусгай албан тушаалд 698, төрийн захиргааны албан тушаалд 575, төрийн үйлчилгээ 234, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 172, төрийн улс төрийн албан тушаалд 128 мэдүүлэг ирүүлсэн нь хамгийн өндөр дүн юм. Эдгээрийн 808 нь удирдах, 1014 нь гүйцэтгэх албан тушаал байна.
Авлигатай тэмцэх газар 2017 оны III улиралд ХАСУМ-ийг дараах байдлаар шийдвэрлэжээ. Тухайлбал, ашиг сонирхлын зөрчил үүсээгүй 1459, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан 136, илт ашиг сонирхлын зөрчилтэй 6, томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулахаар буцаасан 96 байв. Буцаасан 96 мэдүүлэгт томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах /27/, томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлээгүй /24/, холбогдох материал дутуу /33/, хуулийн үйлчлэл хамаарахгүй /12/ гэсэн шалтгаанаар хариу өгсөн байна. Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулахаар буцаасан 27 мэдүүлгийн 6-г Төрийн банкнаас ирүүлсэн нь бусад хариу хүргүүлсэн байгууллагаас хамгийн өндөр тоотой байна.
Дүн шинжилгээг ЭНД ДАРЖ үзнэ үү