З.БААСАННЯМ: АТГ ГЭДЭГ ДАЙСАН ИЛРҮҮЛЧИХСЭН, ТҮҮНТЭЙ ТЭМЦЬЕ ГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА

A- A A+
З.БААСАННЯМ: АТГ ГЭДЭГ ДАЙСАН ИЛРҮҮЛЧИХСЭН, ТҮҮНТЭЙ ТЭМЦЬЕ ГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА

АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Хоёулаа сүүлийн үед АТГ-тай холбоотой асуудлаар ярилцлагаа эхлүүлье. Үнэхээр АТГ, Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг шалгаж байгаа юм уу? 

-АТГ-т иргэнээс гомдол мэдээлэл ирсэн юм билээ. Урьд өмнө эрхэлж байсан ажил албатай нь холбоотой асуудлаар гомдол мэдээлэл ирсэн. Мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэх ёстой. Манай ОНЗ-ийн дарга юм шүү гээд ирсэн гомдлыг хав дараад өнгөрвөл жинхэнэ хууль завхруулсан явдал болно. Прокурорын хяналтад байцаан шийтгэх ажиллагаа явагдаж байгаа болохоор гомдол мэдээлэлд ямар асуудлыг шалгуулахаар ирүүлсэн байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй юм. Авлигатай тэмцэх газрыг шүүмжилснийх нь төлөө ч гэдэг юм уу Баасан даргыг зориуд шалгаж байгаа асуудал байхгүй. Олон нийтийн зөвлөлийн дарга биш байсан ч энэ өргөдөл гомдол нь шалгагдахаар ирэх л байсан байлгүй дээ.

-Тэгвэл Г.Баасан гуай АТГ-ын үйл ажиллагааг шүүмжилсэн. Үүнээс болж намайг шалгаж байна гэх утгатай мэдээлэл хийсэн шүү дээ? 

-Г.Баасан гуай сүүлд хийлгэсэн хэвлэлийн хурлаараа АТГ-ын үйл ажиллагааны талаар үндэслэлгүй, баримтгүй, судалгаагүй зүйл ярьсан байна лээ. Түүний ярьсныг бид шүүмжлэл гэж ойлгохгүй байгаа. Аливаа нэг улс төрийн зорилгогүй, үнэн зөв үндэслэлтэй, ажилд хэрэгтэй эрүүл шүүмжлэлийг бол хүлээн зөвшөөрнө, бүрэн хүлээн авна.

-Танай үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа мэдэгдээд зөвлөмж гаргаснаа сэтгүүлчдэд танилцуулсан байна лээ. АТГ-т тэр зөвлөмжөө өгсөн биз дээ? 

-Үнэн хэрэгтээ тэр зөвлөмжөө бидэнд одоо хүртэл өгөөгүй байна. Хэнд хандсан зөвлөмж гэдэг нь ойлгомжгүй. АТГ-ын үйл ажиллагаанд зөвлөж байгаа бол бидэнд зайлшгүй өгөх ёстой байх. Одоогоор ирүүлсэн зүйл алга.

Хэвлэлд гарсан мэдээллийг уншсан. Та тэр асуудалтай холбогдуулан үнэхээр ярилцлага авах гэж байгаа бол миний өгөх хариулт хариу хэрүүл хийж байгаа  юм шиг болчих байх, учир нь зөвлөмжид дурдсан асуудлууд нь өөрөө  үндэслэлгүй зүйлс байгаа болохоор. Г.Баасан даргатай ОНЗ дур зоргоороо ярьж байна. Хэвлэлд хандаж байгаа асуудлаараа олон нийтэд мэдээлэхээс өмнө бидэнд хандаж, асууж тодруулах нь хэзээд нээлттэй шүү дээ.

-АТГ шилэн дансны хуулийг хэрэгжүүлдэггүй гэж дүгнэсэн. Үүнд Та ямар тайлбар хэлэх вэ? 

-Ямар ч баримтгүй, үндэслэлгүй яриа. Жирийн иргэн учрыг нь ухаж ойлголгүй өнгөц хараад байгууллагын талаар  ийм зүйл ярьжээ гэвэл бас ойлгож болох юм. Харин хуульч хүн, тэр тусмаа олон нийтэд танигдсан хүн өөрөө үзэж харж танилцсан мөртлөө нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөтэй, буруу ташаа мэдээллийг зориуд тараана гэдэг бол байж болохгүй л асуудал. АТГ төсөв санхүүгийн мэдээллээ өөрийн цахим хуудсандаа, шилэн дансны цэсэндээ сар тутмаар хуулийн хүрээнд  шаардлагатай бүхий л мэдээллийг байнга байршуулж байгаа. Хүссэн хүн нь хэзээ дуртай цагтаа ороод үзэж болно. Нээлттэй байдаг. Тэнд төсөв, гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт болон бусад мэдээллүүд сар бүр нэмэгдэж, шинэчлэгдэж ордог. Хамгийн сүүлд 10 дугаар сарын мэдээлэл нь орсон байгаа. Бас “Ил тод байдал” гээд тусдаа үндсэн цэс байгаа. Энд  Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан мэдээллүүдийг мөн сар, улирал тутмаар байршуулсан байгаа. Төлөвлөгөө, тайлан, хэрэгжүүлж буй төсвийн төсөл, санхүүгийн ил тод байдал, худалдан авах ажиллагааны ил тод байдал, нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн талаарх мэдээлэл гээд бүх талын мэдээллийг шинэчлэн байршуулдаг. Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д байгууллагын “...шилэн дансны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг ....төрийн аудитын байгууллага хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу жил бүр манай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, түүний дотор шилэн дансны үйл ажиллагаанд аудитын шалгалт хийж байгаа. Аудитын дүгнэлтээр дээрх үйл ажиллагаанд ямар нэг зөрчил  дутагдал заагдаагүй, зохих журмын дагуу хөтөлж байгааг дүгнэсэн байдаг. Шилэн дансны мэдээлэлтэй сонирхсон хэн боловч танилцах бүрэн боломжтой байгаа. Иймд Олон нийтийн зөвлөлөөс байгууллагын шилэн дансны мэдээлэлтэй холбогдуулан үндэслэлгүйгээр АТГ хууль хэрэгжүүлэхгүй, зөрчиж байна гэсэн мэдээлэл тарааж байгаад харамсч байна.

-ОНЗ-ийн дарга Г.Баасан АТГ ил тод бус, хаалттай, хүнд суртал ихтэй газар гэж хэлээд байгаа шүү дээ? 

-Ил тод бус, хаалттай гэдгийг Г.Баасан дарга юугаар яаж дүгнэж байгаа нь сонин байна. Хуулиар үзүүлж танилцуулж болохгүй хориглосон асуудлыг өөрт нь үзүүлээгүй, танилцуулаагүй гээд ингэж дүгнэж байгаа бол өрөөсгөл дүгнэлт болох байх. ОНЗ-ийн даргаар томилогдож ирээд тавьсан хүсэлтийнх нь дагуу байгууллагын  иргэдийг хүлээн авч уулздаг уулзалтын өрөөг өөрт нь албаны өрөө болгон тохижуулан өгч, ОНЗ-ийн дарга, гишүүдийг байгууллагын үйл ажиллагаа, хэлтэс албадын чиг үүрэг, хэрэгжүүлж буй ажилтай нэг бүрчлэн  танилцуулан, албан хаагчидтай уулзуулж, хүссэн мэдээллүүдийг нь гаргуулан өгч, үндсэндээ бүх талын ажиллах боломж бололцоог нь бүрдүүлсэн. Хүссэн мэдээллийг  нь бичгээр хуулийн хүрээнд, хугацаанд нь шуурхай гарган өгч байгаа. Газрын удирдлагатай уулзах хүсэлтийг нь хүлээн авч, 3 удаагийн уулзалт хийсэн. Иргэдтэй уулзахад ямар нэгэн хориг байхгүй, чөлөөтэй уулзаж байгаа. Иргэдээс энэ талаар манайд ямар нэгэн гомдол гаргасан зүйл байхгүй. Бодит байдал ийм л байгаа.  

-АТГ-ын даргатай жирийн иргэн уулзахын тулд дааж давшгүй олон хүнд сурталтай тулгардаг, дарга нь өрөөгөө нууцын зэрэглэлд оруулсан, ОНЗ-ийн гишүүд ч нэвтрэх боломжгүй гэх мэдээлэл байдаг. Үүнд хариулт өгөх үү?

-АТГ-ын дарга, дэд дарга болон бусад хэлтэс, албадын дарга нар иргэд, олон нийтийг шаардлагатай тохиолдолд хүлээж авах дотоод журамтай, тогтсон өдөртэй. АТГ анх байгуулагдсан цагаас энэ журам үйлчилж байгаа. Яг хэн гэдэг иргэнийг хүлээж аваагүй вэ гэдэг талаар мөн л тодорхой нэр устай, цаг минуттай нь яривал ажилд тустай байна.

АТГ-ын дарга албан өрөөгөө нууцын зэрэглэлд оруулах ямар ч боломжгүй. Тэгээд ч нууцын зэрэглэл гэдэг бол огт өөр ойлголт. ОНЗ-ийн гишүүд АТГ-ын даргын өрөөнд орж, газрын дарга тэднийг албан өрөөндөө хүлээн авч уулзсан. Тэр өдөр хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны улмаас газрын даргад ажил танилцуулах мөрдөгч, гүйцэтгэх ажилтнууд олон байсан. Энэ шалтгаанаар ОНЗ-ийн гишүүдийг жаахан хүлээлгэсэн тал бий, урьдчилаад уулзах өдөр, цагийн мэдээллээ ирүүлсэн байсан бол бусад ажилтай давхцаж хүлээх асуудал гаргахааргүй байсан. Тэгээд өрөөндөө хүлээн авч уулзсан, өрөөгөө танилцуулсан, асуудлаа ярилцсан. ОНЗ-ийн гишүүд гарахдаа байдаг л нэг ажлын өрөө байна гэж хэлээд гарсан. Үүнийг мушгин гуйвуулж хэвлэлд ярьсанд харамсч байна. Ер нь бол өдөр болгон ОНЗ-ийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзаад байх цаг зав, ажлын бололцоо байхгүй, хийж хэрэгжүүлэх шийдвэрлэх ажил их байдаг.  ОНЗ-ийн гишүүдийг анх хүлээн авч уулзахдаа мөрдөгч, гүйцэтгэх ажилтнууд болон мөрдөн байцаалтын  ажиллагаанд хамаарах өрөө танхимд орох шаардлагагүй гэдгийг АТГ-ын дарга хэлсэн. АТГ-ын байр бол хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтад байдаг, хараат бус байгууллагын хувьд байгууллагад нэвтрэхэд дотооддоо дагаж мөрдөх журамтай. Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх, Тамгын хэлтсийн болон Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн албан хаагчид ч мөрдөгч, гүйцэтгэх ажилтнуудын өрөөнд дуртай үедээ ороод байдаггүй.

-Шуурхай хяналт шалгалт явуулахаас зайлсхийдэг, үүнээс болж гомдол гаргагч нарыг албан тушаалтнууд дарамталж байна гэсэн. Энэ талаар? 

-Яг ямар гомдол, мэдээллийн тухайд ярьж байна вэ. Түүнийгээ бидэнд хэлчих хэрэгтэй юм л даа. Баримттай, үндэслэлтэй ярихыг л хүсч байна. АТГ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдол, мэдээллийг 5 хоногийн дотор хянан шийдвэрлэдэг. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хэрхэн хянаж шийдвэрлэж байгааг прокурор хянадаг. Энэ дунд хийдэл, завхрал үүсгэх ямар ч боломжгүй. Манай үйл ажиллагаатай танилцаж, мөрдөгч нартай уулзах явцдаа Г.Баасан дарга болон гишүүд нь  энэ талын ойлголт, мэдээллийг хангалттай авсан л байх. Гэмт хэргийн шинжгүй ашиг сонирхлын зөрчлийн талаарх гомдол мэдээллийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хууль, холбогдох бусад журмын дагуу 30-60 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэж байна.

-АТГ улс төрийн зарим бүлэглэлд үйлчилдэг гэж олон хүн шүүмжилдэг болсон. Улстөрчдийн гар хөл болж, их хэлмэгдүүлэлт хийдэг газар нь АТГ болсон гэдэг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?  

-АТГ-ыг улс төрийн хүчнүүдийн ч гэдэг юм уу бүлэглэлүүдийн гар хөл болсон мэтээр чичилдэг. Үнэн хэрэгтээ АТГ өөрөө улс төрийн хүчнүүдийн, бүлэглэлүүдийн бохир явуулгад маш их өртөж байнга хараалгадаг. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон тодорхой хүн, хүчний зүгээс АТГ руу чиглэсэн дайралт өргөн хүрээтэй ирдэг. Тэдэнд мэдээж өөрсдийг нь шалгаж байгаа АТГ таалагдахгүй шүү дээ. Шалгагдаж байгаа улстөрч болгон хэвлэлээр өөрийг нь улс төрийн зорилгоор шалгаж байна гэж мэдэгддэг. Тэдэнд эрх мэдэл байна, халдашгүй дархан эрх байна, нэр нөлөө байна, мөнгө байна, хэвлэл байна, мэдээллийн хэрэгсэл байна, өмгөөлөгч нар байна. Тэдний өөдөөс хуулиа  барьсан АТГ ганцаараа л байна гэхэд болно.

Иймээс л бид Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлуулж, улсын хэмжээнд төрийн бүх байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтийн хяналтад өгсөн хэрэг. Нэг, хоёр жилийн дараа энэ ажлын нааштай үр дүн гарч эхэлнэ.

-АТГ байгуулагдаад арван жил болсон. Энэ хугацаанд та бүхний шалгасан нийт хэргээс ердөө л 127 хэргийг шүүхээр шийдсэн гэсэн. Үүнийг амжилт гэх үү, үр дүн гэх үү. АТГ-ын төсөв, хүнд суртал нэмэгдэх тусам авлигын индекс бүх үзүүлэлтээр ухарсаар байгаа. Бүр АТГ-ынхан авлигын индекст орсон тоог нааш цааш нь ухраадаг гээд байгаа шүү дээ? 

-АТГ-ын ажлын үр дүнг хэмжье гэвэл дан ганц шүүхээр шийдэгдсэн хэргийн тоог биш харин АТГ-ын тухайн жилд шалгаж прокурорын хяналтад шилжүүлсэн, мөн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийн тоог харах ёстой болов уу. Энэ тооноос харахад сар болгон  авлига албан тушаалын нэг хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байсан байх нь.

АТГ-аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлийн хүрээнд, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж шийдвэрлэсэн хэргийн тоо, чанар, хүрээ, далайцыг жил тутмаар нь гаргаж үзэх хэрэгтэй. АТГ-ын шалгасан эрүүгийн хэрэг нэг бүрийг прокурор хянадаг. Хяналтын шатанд шийдвэр янз бүр гардаг. Дараа нь шүүхийн шатанд хэлэлцдэг. Тэнд мөн шийдвэр харилцан адилгүй. Энэ бол прокурор, шүүгчийн бүрэн эрх хэмжээний асуудал. Тиймээс дан ганц шүүхээр шийдэгдсэн хэргийн тоогоор АТГ-ын ажлын үр дүнг дүгнэх боломжгүй. Нийгмийн хөгжил дэвшил, эрх зүйн орчин ижил бүхий гадаад улсуудын тоо баримттай үүнийг бас харьцуулаад үзэх хэрэгтэй болов уу. Манай статистик  мэдээгээр 200 орчим хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байдаг юм билээ.  

Авлигын индекс өслөө, буурлаа гэдэг мэдээллийг АТГ-т шууд хамаатуулж ойлгох буруу ойлголт нийгэмд байдаг. Нийгэмд байдаг ч юу байх вэ, зориуд тэгж ойлгуулахыг хүсдэг хүмүүс бий. Нөгөө л хэрэгт холбогдож АТГ-ын хаалга үүдээр орж, гарсан хүмүүсийн тараасан цуу яриа шүү дээ. Авлигын индекс гэдэг бол олон улсын “Транспарэнси Интернэшнл” гэдэг байгууллагаас дэлхийн 200 гаруй улс орныг хамруулан улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт мэргэшсэн тусгай шинжээчдийг оролцуулан жил бүр 8-9 үзүүлэлтээр дүгнэж байр эзлүүлдэг ажил. Тэр 8-9 үзүүлэлт нь бүгд тухайн улсын төр, засгийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаа, өндөр албан тушаалтнуудынх нь авлигатай тэмцэх хүсэл зориг, төрийн албан хаагчдынх нь ёс зүйд хийсэн үнэлэлт, дүгнэлт байдаг юм.

Тухайлбал, 2015 онд УИХ Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлахад манай улсын авлигын индекс тэр жил 72-оос 87 болж 15 байр ухарсан. Энэ хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шийтгэгдсэн болон шалгагдаж байгаа хүмүүсийг өршөөсөн. Тэгэхээр Монгол Улсын тухайн үеийн төр, засгийн бодлого, шийдвэрийг олон улсын шинжээчид ингэж үнэлсэн явдал. Түүнээс тэр жилдээ АТГ нь сайн ажиллаад, энэ жилдээ муу ажилласан гэдэг үнэлгээ, дүгнэлт биш юм л даа. Авлигын төсөөллийн индексийг жил бүр тус тусдаа бие даан хийсэн 13 төрлийн судалгааны үр дүнг нэгтгэн гаргадаг.

-АТГ нь арван жилийн хугацаанд хүлээн авсан ХОМ-т чанарын задлан шинжилгээ огт хийж байгаагүй.  Одоо болтол төрд ажиллангаа үндэслэлгүй хөрөнгөжсөн “төрөөс төрсөн тэрбумтан” нэг ч хүнийг тогтоож чадаагүй байгаа гэсэн. Энэ үнэн юм уу? 

-Хөрөнгө орлогын мэдүүлэгт огт дүн шинжилгээ хийж байгаагүй гэж хэлж болохгүй л дээ. Энэ чинь манай Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хийдэг үндсэн ажлуудын нэг нь. Нийтэд тэр болгон шууд зарлаад байж болдоггүй ажлуудын хүрээ энд бас хамаарч л байдаг. Жишээ нь та бүхэн мэдэж байгаа. Татварын ерөнхий газрын удирдах зарим албан тушаалтнуудын хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Тэр хэрэгт холбогдсон төрийн албан хаагчид хэдий хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг билээ, эргээд нэг харчих хэрэгтэй л байх. Энэ хэргийг анх хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар л үндэс суурийг нь гаргаж ирж байсан. Тэглээ гээд ийм зүйлийг олон нийтэд  тэр болгон мэдээлээд байж болдоггүй, зохистой ч юм биш. 

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын хүрээнд Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн, мөн хөрөнгө, орлогоо зөрчилтэй мэдүүлсэн нийт 1260 албан тушаалтанд сахилгын шийтгэл тооцуулсан дүн байдаг. Авлигатай тэмцэх газар хууль тогтоомж зөрчсөн  албан тушаалтанд өөрөө шууд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт байхгүй,  хариуцлага тооцуулах, зөрчлийг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар тухайн байгууллагын удирдах албан тушаалтанд албан бичгээр шаардлага хүргүүлж, хяналт тавьж ажилладаг.

-АТГ иргэдээс өргөдөл, гомдол, мэдээлэл авахдаа хойрго ханддаг, зарим мэдээллийг хүлээж авдаггүй, иргэдэд айдас үүсгэдэг, дарамталдаг, ноцтой хэргийн гэрчийг хамгаалдаггүй гэсэн дүгнэлтийг ОНЗ-өөс хийсэн байна лээ? 

-Иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийг АТГ бүх сувгаар нээлттэй хүлээн авдаг талаар дээр дурдсан. Иргэд ямар нэгэн айдас, дарамтгүйгээр гомдол, мэдээллээ өгдөг. Биеэр ирж өгдөг, бичгээр өгдөг. Цахим шуудангаар ирүүлдэг. Утсаар бас гомдол, мэдээллээ өгдөг. Аль ч тохиолдолд бид өргөдөл, гомдол, мэдээллийг шуурхай хүлээн авч, бүртгэж, тусгай програмд оруулж, холбогдох хэлтэс, албанд нь шилжүүлэн, хянан шалгаж шийдвэрлэдэг. Энэ бол манай байгууллагад бүхэл бүтэн тогтолцоо болж тогтсон нэг томоохон механизм. Ямар нэгэн хойрго хандсан, хүлээж аваагүй, айдас үүсгэсэн, дарамталсан асуудал байгаа бол тодорхой баримттай, нэр устай, цаг хугацаатай нь хэлэх хэрэгтэй. Гомдол мэдээллийг хянан шалгах бүхий л ажиллагаа прокурорын хяналттай явагддаг, шалгах явцдаа ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд мөрдөн шалгах хэлтсийн даргад болон прокурорт гомдол хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлэх бүрэн боломжтой, хохирогч, холбогдогч бүгд л өмгөөлөгчтэй байцаан шийтгэх ажиллагаанд оролцдог болохоор айлгах, дарамтлах ямар ч боломжгүй гэдгийг одоо хэн ч мэддэг болсон доо.

Гэхдээ энд нэг тодотгох зүйл байна. АТГ-аас олон нийт дуулиантай гэмт хэргийн талаарх мэдээллийг илүү сонирхдог. Хэвлэл мэдээллийн байгууллага болохоор шалгагдаж байгаа хэрэг, хэрэгт холбогдсон хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй, хуйвалдаад дараад байна, ил тод биш хаалттай байна гэж буруутгадаг. Гэтэл энэ талын мэдээллийг АТГ тэр бүр өгөх боломжгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.5-д зааснаар хориотой. Шалгагдаж байгаа хэргийн талаарх мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүйгээр өгөх эрхгүй. Бусад улс орнуудын практикаас харж байхад авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдогчдын талаар тодорхой мэдээлдэг юм билээ. Бидний хувьд авлигын гэмт хэргийн талаар олон нийтэд мэдээлэл өгмөөр байдаг боловч дээрхи хуулийн хориглолтоос болоод мэдээлэх боломжгүй байдаг юм.

-АТГ-ын дарга Х.Энхжаргалын талаар сүүлийн үед таагүй мэдээлэл цацагдаад байгаа. Түүний хуулийн байгууллагад ажилласан түүх нь бохир, хувийн ашиг сонирхолтой, улс төрийн бүлэглэлд хамаардаг, албан хаагчидтайгаа дарангуйллын хэлбэрээр харьцдаг, ажлаа таваас дээш хоногоор тасалдаг гэх мэдээлэл гарсан?

-АТГ-ын даргын хувь хүн рүү чиглэсэн мэдээлэл учраас би өмнөөс нь  тайлбар хэлэх  нь утгагүй. Хамтран ажиллаж байгаагийн хувьд ажил таслах нь битгий хэл ээлжийн амралтаа ч эдэлж чадахгүй ирэн очин ажлаа хийж л байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Ер нь АТГ-ын дарга гэлтгүй төрд алба хааж байгаа төрийн албан хаагч бүр энэ мэт болсон болоогүй сөрөг мэдээллүүдийг элдэв тайлбаргүйгээр дааж, давах ёстой ч юм шиг. Худал ташаа мэдээлэл болгонд төрийн алба, албан хаагч хариу тайлбар мэдээлэл гаргаад байх нь зохимжгүй гэж би хувьдаа үздэг. Гэвч хувь хүний нэр төрд халдсан илт худал ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зориудаар тарааж байгаа үйлдлээ хэзээ зогсоох юм бол доо.

Х.Энхжаргал АТГ-ын дарга болсноос хойших хугацаанд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр УИХ-аар батлагдсан. Авлигатай тэмцэх 6 жилийн хугацаатай бодлого, стратеги үндэсний хэмжээнд хэрэгжиж эхэлсэн. Стратегиа дагаад түүнийг хэрэгжүүлэх төсөв сая бас батлагдлаа. Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд АТГ шинэ зохион байгуулалтад орж төрийн бүх шатны байгууллагад авлигын эрсдэлийг тогтоож ажилласан. Хөтөлбөр хэрэгжсэн нэг жилийн хугацаанд төв болон орон нутгийн төрийн байгууллагуудад  хоёр ч удаа очиж  ажиллалаа. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагааг иргэд, олон нийтийн хяналтад өглөө. “Олон нийтийн төв”-ийг  байгуулж, үүнийгээ цаашид Зүүн өмнөд Азийн хэмжээний олон улсын сургалтын төв болгохоор Авлигын эсрэг олон улсын академи болон бусад гадаадын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд  харьцангуй богино хугацаанд нэлээд  олон ажлыг амжууллаа.

Уг нь бол АТГ-ын дэргэдэх ОНЗ нь АТГ-тай  хүчээ нийлүүлээд авлигын эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлээр зөвлөмж өгөөд, дэмжлэг үзүүлэх ёстой юм шүү дээ, хуулиараа бол. Бидний дайсан бол зөвхөн авлига юм. Гэтэл АТГ гэдэг дайсан илрүүлчихсэн, түүнтэйгээ тэмцье гээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Ажил хэрэгчээр хандаж, хойшдын ажил албанд хэрэг болох санал, шүүмжлэл тавьж байгаа бол бид хүлээж авна, ямар ч тайлбар хэлэх шаардлага байхгүй.

Ярилцсан Э.Хүрэлбаатар

“Өдрийн сонин”. 2017.11.17. №247 (5814)